8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Номтойбаяр: НДС руу цаашдаа маш том шалгалт орно. Энэ бол зөвхөн эхлэл

2016-11-09 18:07:00

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Хүүхэд харах үйлчилгээнд хийсэн хяналт, шалгалт болон Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Н.Номтойбаяр сайдын өгсөн эхний мэдээлэл нь Хүүхэд харах үйлчилгээнд хийсэн хяналт, шалгалтын талаар байлаа. Тодруулбал, Хүүхэд харах үйлчилгээнд 2-5 насны 6353 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд үүнээс 297 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд юм. Харин нийслэлийн хэмжээнд 609 хүүхэд харагч ажиллаж, 2942 хүүхэд хамрагдаж эхэлсэн байгаагаас БЗД-т хамгийн их буюу 1295 хүүхэд хамрагджээ. Багануур, Багахангай дүүрэгт хүүхэд харах үйлчилгээ хэрэгжиж эхлээгүй байна.


Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаар тогтоолоор “Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6540:2015” стандарт баталсныг мөрдөж байгаа. Аймаг, нийслэлийн хэмжээнд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хүүхэд харагч нарыг бэлтгэх сургалтыг аймаг, нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтсүүд зохион байгуулж, 2557 иргэнд “Хүүхэд харагчийн гэрчилгээ” олгосон юм. Хүүхэд харах үйлчилгээнд 10328 хүүхэд хамруулахаар 2016 оны Улсын төсөвт 10,6 тэрбум төгрөг тусгасан боловч үйл ажиллагаа нь 4 дүгээр сараас эхэлсэн учир 5,5 тэрбум төгрөг төсвийн тодотголоор танагдсан аж. 2016 оны 4, 5, 9, 10 дугаар сарын санхүүжилтэд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 2,8 тэрбум төгрөг олгожээ. Одоо хамрагдаж буй 6353 хүүхдийн тоогоор 2016 оны 11, 12 дугаар сарын хувьсах зардалд нийт 1,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснийг тэрээр хэллээ.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу хүүхэд харах үйлчилгээнд 2016 оны 10 дугаар сарын 20-ноос 26-ны өдөр хяналт, шалгалт хийжээ. Шалтгалтын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэг болон Хэнтий, Төв, Дархан-Уул, Орхон аймгийн нийт 631 хүүхэд харах үйлчилгээний нэгжээс санамсаргүй байдлаар түүвэрлэн сонгосон 29 хүүхэд харах үйлчилгээний нэгжид очиж ажилласан юм. Шалгалтыг Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, “Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” стандарт болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх зорилгоор явуулсан байна. Үүнд: 
1.    Хүүхэд харах үйлчилгээний үндсэн шаардлага
2.    Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага 
3.    Хүүхдийн хоол хүнсэнд тавих нийтлэг шаардлага 
4.    Үйлчилгээний байрны дотоод, гадаад орчинд тавих шаардлага 
5.    Хүүхдийн эрүүл мэнд, эерэг харилцааг дэмжсэн асран хамгаалалтад тавих шаардлага 
6.    Хүүхэд харах үйлчилгээнд хориглох зүйл/эцэг эх болон хүүхэд харагчаас асуух тандалт судалгаа, ажиглалт/ 
7.    Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилт /баримт бичгийн шалгалт/ 
Шалгалтад хамрагдсан нийт 29 нэгжид 407 хүүхэд хамрагдаж байв. Эдгээр нэгжид нийт 100 хүүхэд харагч ажиллаж байгаагаас 91 нь хүүхэд харагч бэлтгэх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авчээ. Харин есөн иргэн тус сургалтад хамрагдаж, гэрчилгээ аваагүй байсан аж. 


Дээрх 29 нэгжээс долоо нь стандартад заасан хүүхдийн тооноос олон хүүхэд хамруулжээ. Гурав нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан үйл ажиллагаа явуулж, хөгжлийн бэрхшээлтэй нийт 42 хүүхэд хамрагдсан байна. Өөр дөрвөн нэгжид хөгжлийн бэрхшээлтэй зургаан хүүхэд хамрагджээ. Нэгжүүдээс өөрийн өмчийн 11, түрээсийн 13, зээлийн байранд нэг, орон нутгийн өмчийн байранд дөрөв нь байрлаж байна. Үүнээс 15 нэгж нь орон сууцанд, 14 нэгж нь хашаа байшинд үйл ажиллагаа явуулдаг аж. Ингээд Хүүхэд харах үйлчилгээг холбогдох хууль, тогтоомж, журам, стандартад өөрчлөлт оруулан үргэлжлүүлж, сайжруулах шаардлагатай гэж үзлээ. Хүүхэд харах үйлчилгээг цаашид урт хугацаанд үргэлжлүүлэх асуудлыг төрөлт болон цэцэрлэгийн хүртээмжийн асуудалтай холбон БСШУСЯ-тай хамтран судалгаа хийж, хамтран ажиллах шаардлагатай гэснээр Хүүхэд харах үйлчилгээний шалгалтын талаарх мэдээллийг дуусгав.


Н.Номтойбаяр сайд дараа нь Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар гишүүдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Нийгмийн даатгалын сангийн 2016 оны 10 дугаар сарын мэдээнээс үзэхэд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан 335.1 тэрбум, ажилгүйдлийн даатгалын сан 123.8 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сан 387.3 тэрбум, тэтгэвэр болон тэтгэмжийн харилцах дансанд 38.9 тэрбум, нийт 885.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байна.


Мөн 57 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд жилийн 12 хувийн хүүтэй, арилжааны 10 банкны харилцах дансанд 139.8 тэрбум төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, Төрийн сангийн харилцах дансанд 111.3 тэрбум төгрөгийг хүүгүйгээр тус, тус байршуулсан. Харин арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр 577 тэрбум төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэйгээр байршуулсан байгаа.


Тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсч, одоогоор 372 мянган тэтгэвэр авагчид сар бүр 113 тэрбум төгрөг зарцуулдагийн 60 тэрбумыг шимтгэлийн орлогоор, үлдэх 53 тэрбумыг улсын төсвийн санхүүжилтээр бүрдүүлдэг” гэлээ.


Байнгын хороонд танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулж гишүүд нэмж асууж тайлбар авсан. УИХ-ын гишүүн С. Чинзориг “Нийт тэтгэвэр авагчдын хэдэн хувь нь Төрийн банк, ХААН банкаар үйлчлүүлдэг вэ. Банкинд байршсан нийт мөнгөний дөнгөж 10 хувийг нь энэ хоёр хадгалдаг гэх юм. Тэтгэвэр олгодоггүй шахам бусад банк яагаад энэ мөнгийг хадгалж байна вэ? Арилжааны банкинд мөнгө байршуулах чинь тухайн банкны дүрмийн сангийн төдий хувь гэж хязгаар тогтоодог зүйл байна уу. 100 гаруй тэрбум төгрөг байршуулчихдаг, дүрмийн сангаас нь даваад эргэн төлөгдөх бололцоогүй болчихсон байх вий, үүнийг тодруулъя? Сүүлийн жилүүдийн тайланг харахаар хадгаламжийн хүү нь дараалаад буугаад явчихсан байх юм, энэ ямар учиртай вэ? Цаашдаа та нар тэтгэврийн хүү, зээлийн хүүг бууруулна гэсэн юм ярьж байгаа чинь энэ бүхэнтэйгээ уялдах уу гэдгийг тодруулъя. Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой нэг асуулт байна. Энэ үйлчилгээг яагаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцдаг юм бэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хариуцах ёстой гэж би хувьдаа боддог юм. Хүний нялх хүүхдийг аюулгүй, эрүүл орчинд байлгаж чадаж байна уу гэдэг маш эрсдэлтэй шүү. Харин үүнийхээ оронд хүүхэд төрүүлсэн ээжийн нийгмийн баталгааг сайжруулахдаа илүү анхаарах хэрэгтэй, орлоготой болгох нь зөв гэж боддог. Хүүхэд харах үйлчилгээ бол нэг их сайхан зүйл гэж боддоггүй шүү” гэсэн юм.


Н.Номтойбаяр сайд хариуд нь “Төрийн банк, ХААН банкаар дамжуулж тэтгэвэр тавигддаг учраас тэтгэвэр авагчдын 90 орчим хувийг нь 50/50 хувьтай хамардаг. Гэтэл энэ банкуудад байршсан мөнгө нь маш бага. Үүнийг тэтгэврийн зээлийн хүүтэй холбоотой асуулттай уялдуулж хариулъя. ХААН банк, ялангуяа Төрийн банк тэтгэврийн зээлийн үйлчилгээ үзүүлдэг. Зээлийн хүүг бууруулахын тулд энэ банкуудад мөнгийг түлхүү байршуулъя гэж байгаа. Хадгаламжийн хүү дээр нэмэх нь банк ашиг олох ёстой, эрсдэлийн зардал нэмэгдэнэ, үйл ажиллагааны урсгал зардал тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх. Тэгэхээр энэ нэмэгдэл маржин хэд вэ гэдэг дээр ярилцаж байгаа. Төрийн банктай хамтраад ажлын хэсэг гаргасан. Тухайн банкны хүүгийн нэмэгдэл, манай хадгаламжийн хүүгийн нэмэгдэл нь нийлэхээр болчихоод байгаа юм. Ингэхээр энэ маш өндөр байна гээд Баярсайхан захиралтай уулзаж Төрийн банкны үйл ажиллагааны зардлыг бууруулахаар ярилцсан. Ямартай ч 4 хувьд багтаая гэсэн. Жишээ нь, одоо Төрийн банкинд 9 хувийн хүүтэйгээр 55 тэрбум төгрөг байршсан байгаа, үүн дээр 4 хувийг нэмбэл хүүг 13 хувиар бууруулах боломж бүрдэж байгаа. Үүний тулд эх үүсвэрийг урьдчилсан байдлаар 100 тэрбум хүртэл нэмэх шаардлагатай.


Мэдээж төрийн ч бай, хувийн ч бай банкинд эрсдэлийн үнэлгээг байнга хийж байх ёстой, Монголбанкинд энэ талаар хоёр ч удаа албан тоот хүргүүлсэн ч бодит байдал дээр хамтын ажиллагаа сайн өрнөхгүй л байгаа. Тэгэхээр банкуудынхаа эрсдэлийг харгалзаж мөнгөө байршуулах ёстой. Харгалзах зүйлс нь таны асуусан хоёр дахь асуултыг хөндөж байгаа, тухайн банкны нийт активын тодорхой хувиас хэтрүүлэхгүй байх байдлаар гэж. Энэ хадгаламжийн мөнгөө тухайн банкинд байршуулахдаа аль болох эрсдэлгүй байлгах үүднээс тухайн банкны нийт активын 20 хувиас хэтрүүлэхгүй байх журмаар хязгаарлаж байсан. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 25 хувь болгочихож. Өөрөөр хэлбэл, тоон хэмжээтэйгээ уялдуулаад активтай харьцах хэмжээгээ нэмчихсэн харагдаад байгаа юм. Тэгээд 25 хувиар нь харахаар бүгд дүрмийн дагуу харагдаж байна. Үндсэн гол асуудал бол хүү яагаад буураад байна вэ гэдэг асуудал. Монголбанк бол ер нь бодлогын хүүгээ бууруулсаар ирсэн, өнгөрсөн тавдугаар сард 5.5 хувьд аваачлаа. Гэтэл түүнээс 1.5 хувиар доогуур. Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулна гэдэг шинэ зүйл заалт нэмсэн мөртлөө уялдуулж байгаа байдал  нь дандаа доогуур.


Арилжааны банкууд иргэдийн хадгаламжид өгч байгаа нь хүү дунджаар 15.1 хувь гэсэн мэдээлэл бий. Бодитоор авч үзэхээр банкууд 18 хувьтай эх үүсвэр татсан нь ч бий. Ингээд өсөөд байхаар чөлөөт мөнгөн хадгаламжийн маань хүү буураад явчихдаг. Үүний учрыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн өмнөх дарга, сайд нар, бүрэлдэхүүнээс асуумаар байдаг юм. Дүрэм журмаа зөрччихсөнөөс гадна ямар ч тайлбар шалтгаан алга байгаа биз дээ.


Сүүлийн асуулт Хүүхэд харах үйлчилгээний талаар С.Чинзориг гишүүн миний хөндье гээд байгаа зарчмын асуудлыг хөндлөө. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар бол хувилбарт цэцэрлэг гээд тодорхой зүйлс бий. Гэтэл энэ үйлчилгээ хувилбарт цэцэрлэгийн алинтай ч нийцдэггүй юм. Тиймээс ямар стандарт, дүрэм журам мөрдөх вэ гэдэг зарчмын асуудал үүснэ. Мэдээж сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар үүнийг зохицуулаад явчихвал манай яамны хариуцах ажил ердөө ч биш. Шинэ хууль, шинэ томъёолол, шинэ стандарт гаргаж ирээд төр засгийн гүйцэж чадахгүй байгаа сургуулийн өмнөх боловсролын хомсдол бүхий орон зайд тулгуурлаад нээгээд явуулаад байгаа юм.
Нэг талаасаа ажлын байр болгоод, зөв л дөө. Гэхдээ ажлын байр бий болгох чинь тэргүүн бодлого биш. Хүүхдийн аюулгүй, эрүүл орчинд өсч бойжих тэргүүн бодлогоо баримтлах хэрэгтэй. Ямартай ч ирэх оны төсөвт 5.8 тэрбум төгрөг суулгасан. Ингэхдээ хүн бүрийн оролцоотойгоор орчин нөхцөлийг бүрдүүлж, сайжруулах ёстой. Аав ээж, хүүхэд харагч, багш, төр засгийн зүгээс бүгд оролцох хэрэгтэй” гэсэн юм.


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Ард иргэдийн мөнгийг дурын албан тушаалтан ирээд, сонгуулийн өмнөхөн есхөн хувь болгож байдаг бол гэмт хэрэг шүү. Үүнийг ард иргэд, сонгогчид маань надаас лавлаж байгаа учраас би Ерөнхий сайдад энэ асуудлаар асуулга тавьсан. Харин Номтойбаяр сайд яг цаг үеэ олсон асуудлаар маш зөв мэдээллийг өгч байна. Үүнийг нь бид аваад цаашаа ил тод мэдээлж, ямар банкинд хэчнээн төгрөг хадгалагдаж байгааг хүмүүст хүргэх хэрэгтэй. Монголын эдийн засгийн энэ уялдаагүй байдлыг харъя. Засгийн газар 15-16 хувийн хүүтэй бонд гаргаад байдаг нөгөө талд Нийгмийн даатгалын мөнгөө есөн хувийн хүүтэй банкинд аваачиж хадгалуулаад байхаар чинь эзэнгүй айлын л төрх харагдаад байна. Ийм учраас Нийгмийн даатгалын мөнгөний менежментийг сайтар хиймээр байгаа юм. Ер нь, монголчууд олсон мөнгөө зөв зарцуулж чадахгүй байна. Мөнгө олох амархан, зарцуулах хэцүү гэж хүмүүс ярьдаг. Үнэндээ олох хэцүү, зарцуулах амархан байх хэрэгтэй. Үүний тулд бүхний өмнө ард иргэдийнхээ эрх ашгийг л тавих хэрэгтэй байна шүү. Эндээс сангийн мөнгийг хариуцсан байгууллагууд менежментийг дорвитойхон өөрчлөх хэрэгтэй гэдэг саналтай байна.


Хүүхэд харах үйлчилгээг улс төржүүлээд ингэсэн, тэгсэн гээд олон янзаар ярьж байгаа. Сайн тал ч бий, сөрөг тал ч байгаа юм. Тийм болохоор Номтойбаяр сайдын хэлсэнчлэн хуулиндаа тодорхой заалтуудаа оруулаад явъя. Хүнийг ажилтай болгоно гэдэг талаасаа биш үр хүүхдийнхээ ирээдүй гэдэг утгаар нь чухалчлан үзэх ёстой” гэлээ.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Өнөөдөр малчид, тэтгэврийнхэн ХААН банкны барьцаанд байгаа шүү дээ. Гэтэл нэмээд энд Нийгмийн даатгалын сангийн мөнгийг их хэмжээгээр хадгалуулахыг буруу гэж үзэж байна. Нөгөө талд Төрийн банкны нөхцөл байдал ямар байгаа билээ. Алдагдал, доголдолтой, улс төрийн томилгоо байнга явагддаг. Тиймээс арилжааны банкуудад хандах хэрэгтэй. Банкуудын өөрсдийнх нь хүү 20 хувь давчихаад байгаа атал ийм чухал мөнгөний хүү есхөн хувь гэдэг бол байж болохгүй зүйл. Тэгэхээр хүүг нэмэх асуудал дээр арилжааны банкуудтай ярилцвал өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдалд бидний шаардлагыг хүлээж авах боломжтой гэж бодож байна” гэсэн юм.


Н.Номтойбаяр сайд “Ихэнх тэтгэвэр авагчид ХААН банк, Төрийн банк гэсэн хоёрхон сонголттой байгаа. Үүнийг өөрчлөх асуудлыг би өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Тэтгэвэр авч байгаа иргэн өөрөө аль банкаар тэтгэврээ авах вэ гэдгээ чөлөөтэй сонгодог байх, улмаар монополь гэгдэх нөхцөл байдлыг өөрчилнө гэж үзсэн. Надад төрийн, хувийн байх нь хамаагүй. Гагцхүү эрсдэлгүй л байх ёстой юм. Яг үнэндээ Төрийн банк маань бусад банктайгаа зардлын хувьд өрсөлдөж чадахгүй байгаа. Монголбанкнаас бидний хүсч байгаа зүйл бол арилжааны банкуудын тогтвортой бөгөөд эрсдэлгүй ажиллагаа. Тодорхой үнэлгээ аргачлалаар эрсдэлийг тооцдог байх. 2012 онд би Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга байхдаа эхлээд банк тус бүрээр нь эрсдэлийг үнэлүүлье, болохгүй бол гадаадаас мэргэжилтнүүд авч ирээд үнэлгээ хийлгэе гэсэн бодлого барьж ажилласан. Яагаад гэхээр тэр үед “Анод”, “Зоос”, “Хадгаламж” банк гээд олон банк эрсдэлтэй учраад байсан. Тэр үүднээс үүрэгт ажлыг 5 сар хийхдээ ямар ч шийдвэр гаргаж байгаагүй. Харамсалтай нь тэр үед Засгийн газар өөрчлөгдөөд ажлаа өгсөн. Одоо тэр үеийн бодлогоо үргэлжлүүлнэ ээ. Нэмээд хэлэхэд энэ шалгалт бол зөвхөн манай яамны түвшинд хийсэн, эхлэл төдий ажил юм шүү. Төгс шалгалт биш учраас цаашдаа маш том шалгалт оруулах болно гэдгийг сануулж хэлье ээ” гэсэн юм.


НББСШУ-ны байнгын хорооноос гишүүдийн саналд тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх, анхаарч ажиллах чиглэл өгсөн юм.
-    Нийгмийн даатгалын сангийн менежментийн асуудлаар
1.    Сангийн хөрөнгө байршуулах үйл ажиллагааг тооцоолол судалгаанд үр өгөөжид суурилсан байдлаар зохион байгуулах, мөнгөний чөлөөт үлдэгдлийн менежмент хийхэд шаардлагатай бодлогын өөрчлөлт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох,
2.    Сангийн хөрөнгийг байршуулах, сонгон шалгаруулах, гэрээлэх  үйл ажиллагааг ил тод, нээлттэй зарчмаар шийдэж ажиллах, 
3.    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журмыг шинэчлэн боловсруулж, батлуулах,
4.    Хадгаламжийн хүүг Монголбанкны бодлогын хүү, төв банкны жигнэсэн дундаж хүү болон арилжааны банк хоорондын захын хүүгийн дундаж хувь хэмжээтэй хэрхэн уялдуулах аргачлалыг боловсруулах зэргээр чиглэл өгч байна.
-     Хүүхэд харах үйлчилгээтэй холбогдуулж
1.    Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Хүүхэд харах үйлчилгээг хувилбарт цэцэрлэгийн үйлчилгээнд шилжүүлэх,
2.    Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтарч,
3.    Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний нэгжүүдэд шалгалт хийж аттестатчилах арга хэмжээ авах, 
4.    Хүүхэд харагчийг чадваржуулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, орчин нөхцөлийг сайжруулах, стандартын шаардлагыг хангах, нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг улсын төсөвт суулгах, бусад эх үүсвэрээс олох гэсэн чиглэл өгч байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tsarai muut
Ene HULIGAAN tsarai muut ene heden tooniihoo uchriig olj baigaa boluu aa? Hen n beldej ogsiim Bol Zailuul. Baahan tom too unshsan HULGAICH baihiin shit!!!!
2016/11/10 107.77.111.26
  • Recent
  • Most Read
  • Most Comment