8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: ТӨХК-г ашиггүй ажиллуулбал ажлаас нь чөлөөлнө 

2016-11-10 12:21:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тус бүрээр нь санал хураалт явуулж байна. 

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд төрийн зарим өмчийг хувьчлах тогтоолын төсөл дагалдаж орж ирсэн. Уг асуудлаар УИХ-ын гишүүд байр, сууриа илэрхийллээ. 


УИХ-ын гишүүн Г.Занданшатар: "Монгол шуудан" ТӨХК бол хувьчлагдах нь зүйтэй. Харин Эрдэнэт Булганы цахилгааны сүлжээ станц 30 тэрбум төгрөгөөр хувьчлах нь хэр зөв, зүйтэй ажил вэ. Энэ бол хамгийн ашигтай ажиллаж байгаа цахилгаан түгээх сүлжээ. Жилдээ маш их ашигтай ажилладаг. Үүнийг салбарын яам нь мэдэж байгаа юу. Уг станцыг хувьчлах асуудлыг Засгийн газраас оруулж ирсэн юм уу. 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар түүний асуултад хариулахдаа Уг цахилгаан түгээх станцыг хувьчлах  асуудлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооноос оруулж ирсэн. Үргээд гарчихсан байгаа хөрөнгө оруулагчдыг Монгол руу эргүүлэн татахад нилээд тодорхой ажил хийх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Үүнтэй холбогдуулан уг асуудал орж ирж байгаа. Гэхдээ манай гишүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төрийн банкийг 75 тэрбумаар хувьчилна гэж ярьж байгаа. Яг энэ дүнгээр нь хувьчлахгүй. Нээлттэй өрсөлдөн оруулж зарна. Тухайн үеийн бодитой үнээр зарна гэсэн үг. Төрийн банкийг 300 тэрбумаар хувьчлаад 75 тэрбумыг нь төсөвт оруулна. Харин үлдсэнийг нь Монгол банкинд өгнө гэж байгаа. Хичнээн нээлттэй зарна тэр хэмжээгээр өндөр үнэд хүргэж зарах боломжтой. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Төрийн өмчит компаниудын алдагдал сүүлийн хэдэн жилд хэт их өссөн байна. Бид өнөөдөр төрийн өмчийн компаниудынхаа бүтээмжийг нь нэмэгдүүлж ажиллуулахын оронд үнийг нь унагаж хувьчилдаг болж байна. Өр авлага үүсгэсэн хүмүүст хариуцлага тооцдог, ашигтай ажиллуулдаг болох талаар ямар зохицуулалт хийхээр уг тогтоолын төсөлд тусгасан бэ?

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар : Төсөв дагаж гарах тогтоолын төслүүд дотор нилээн олон дүгнэлтийг оруулсан. Тухайн төрийн аж ахуйд нэгжид аль нэгэн захирал очоод ажлаа сайжруулж чадахгүй бол ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Тэр хүн тухайн байгууллагад 4 жилд хаан ноёноор очиж байгаа хүн биш. Ажлыг нь сайжруулах ёстой. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд төрийн өмчит аж, ахуй нэгжид улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгөө бага төлөөд банкуудад их зээл тавьсан байгаа. Тиймээс ТУЗ-д нь мэргэжлийн хүмүүсийг тавьж өгөх ёстой гэдэг чиглэлийг ч мөн өгч байгаа. Төрийн өмчит аж, ахуй нэгжүүдийн зээлийг буулгах үр ашгийг нь нэмэгдүүлэх ажил руу чиглэсэн ажлуудыг хийлгэхээр даалгасан. Тэгэхээр хариуцлагагүй ажилбал ажлаас нь чөлөөлнө. 

Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд асуулт, асууж хариулт авлаа. Үүний дараа Монгол улсын 2017 оны төсвийн тухай хуулийн дагалдах гарсан хуулийн төслүүдээр санал хурааж, 2017 оны төсвийн тухай хуулийг дагаж гарсан хуулийн төслүүдийг дэмжив. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment