Ж.Жавзан: Одоогоор хичээлт хаялт хийсэн сурагч байхгүй
ХУД-ийн 115-р сургуулийн сурагчид өнөөдөр өглөөний 08:00 цагаас өдрийн 13:00 цагийн хооронд хичээл хаялт хийхээ өчигдөр мэдэгдсэн юм. Ингэх болсны шалтгаан нь тус сургуулийн гурван давхарт Кембреджийн сургуулийн хүүхдүүд хичээллэж, үүнээс үүдэн тус сургуулийн сурагчдын эрх зөрчигдөх, гурван ээлжээр хичээлснээр орой 18:50 минутад сүүлийн ээлжийн хичээл тарж байгаатай холбоотой аж. Тиймээс уг асуудлын сурвалжлахаар манай сурвалжлах баг өглөөний 08:15 минутад Үндэсний лабортари 115-р сургууль дээр ирсэн юм. Биднийг очиход хүүхдүүд хичээлт хаялт хийсэн зүйлгүй хичээлийн үйл явц хэвийн үргэлжилж байв. Үүссэн нөхцөл байдлыг талаар тус сургуулийн өнөөдрийн жижүүр багш Ж.Жавзангаас доорх асуултад хариулт авсан юм.
-Сайн байна уу. Танай сургуулийн сурагчид хичээлт хаялт зарлана гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Сайн байна уу. Би өнөөдөр жижүүр багшаар ажиллаж байна. Яг одоогоор хичээлт хаялт хийсэн сурагч байхгүй. Сургуулийн захиргааны зүгээс албан ёсоор мэдэгдээгүй.
-Сурагчид гурван ээлжээр хичээллэж байгаа гэсэн. Хичээлийн цагийн хуваарийн талаар мэдээлэл өгнө үү ?
-Нэгдүгээр ээлж өглөө 08:00 цагаас 11:30 минут, хоёрдугаар ээлж 11:30-15:00 минут, гуравдугаар ээлж 15:30-18-50 минут хүртэл хичээллэж тардаг.
Тус сургууль нь 2009 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар өөрийн харьяа 1800 гаруй, яамны харьяа хос хэлтэн “Монгол тэмүүлэл” Кембреджийн лаборатори сургуулийн 160 гаруй хүүхэд суралцдаг аж. Сургуулийн ажилчдын ярьж байгаагаар сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж хичээлээс гадуур дугуйлан, секцид хамрагдах боломж байхгүй гэдгийг онцолж байсан юм. Сургуулийн хаалган дээр “Бидний хүүхдийн боловсролын үйлчилгээ авах эрх зөрчигдөж байна” гэсэн бичиг наасан байв. Мөн сурагчдыг эцэг, эхчүүд хүүхдийнхээ сурч, боловсрох эрх зөрчигдөж байгаад бухимдаж анги нэг бүрээр нь хуудас гаргаж гарын үсэг цуглуулж байлаа. Ингээд эцэг, эхийн төлөөлөлийн сэтгэгдлийг сонссон юм.
Гуравдугаар ангийн сурагчийн аав: “Манай хүү энэ сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Нэг сандал, ширээн дээр гурван хүүхэд сууж хичээллэж байна. Энэ нь хүүхдийн сурч, боловсрох эрх зөрчигдөж, боловсролын үйлчилгээг бүрэн авахад хүндрэлтэй байна.Гуравдугаар давхарт үйл ажиллагаа явуулж байгаа Кембреджийн лаборатори сургуулийн 160 гаруй хүүхдээс болж харьялалын 1800 гаруй хүүхдийн эрх зөрчигдөх ёсгүй. Тиймээс эцэг, эхчүүд гарын үсэг цуглуулж байна. Цуглуулсан гарын үсгээ Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яаманд хүргүүлнэ” гэв.
Мөн гуравдугаар ээлжид хичээл заадаг багш Ч.Сарантуяатай цөөн хором ярилцлаа.
-Та хэддүгээр ангид хичээл заадаг вэ. Хичээл хэд гэж тарах уу?
-Би хоёрдугаар ангид хичээл заадаг. Хичээл 15:30 минутаас таван цагийн хичээл орлоо гэхэд орой 18:50 минутад тардаг. Хоёрдугаар ангийн хүүхдүүд маань зургаа, долоон настай. Эдгээр хүүхдүүд бусад хүүхдүүд нь амарч байхад орой хичээллэж гэсэн үг.
-Танай ангид хэчнээн хүүхэд байдаг вэ?
-Манай анги 50 сурагчтай. Бусад анги 50-55 хүүхэдтэй. Хамгийн наад зах нь анги, танхимын агаар амьсгалахад хэцүү байдаг. Цонхоо онгойлгох гэхээр хүүхдүүд даарч ханиад, томуу тусна, хаалга онгойлгохоор кордорын чимээ их зэргээс эхлүүлээд асуудал үүсдэг. Хүүхдүүдийн хувьд маш их ядарч байна.
-Үүнд эцэг, эхчүүд хэрхэн хандаж байх юм?
-Мэдээж эцэг, эхчүүд хүүхдийнхээ ирээдүйд, боловсролд санаа зоволгүй яахав. Хүүхэд нь таатай бус орчин нөхцөлд боловсрол эзэмшиж байгаад хэн дуртай байх билээ. Хариад ямар ч хичээл хийх боломжгүй байна гэдгийг эцэг, эхчүүд ярьдаг. Зарим нь маш их бухимдалтай байна.
Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүд сурч, боловсрох эрхээ эдэлж чадахгүй, эрх нь зөрчигдөж байгаа энэ асуудалд Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй, тодорхой хариу мэдээлэл өгөхгүй хачирхалтай. Тус сургуулийн хувьд бага бүлэг дээрээ нэлээд ачаалал аваад байгаа аж. Учир нь бага боловсролын есөн кабинетэд 27 бүлэг гурван ээлжээр хичээллэдэг юм байна. Сургуулийн хэмжээнд нийт 45 бүлэгтэй аж.
Энэ талаар Үндэсний лаборатори 115-р сургуулийн захирал С.Оюунаас тодруулахад “Энэ байдал өнөөдөр гэнэт үүссэн зүйл биш. Өнгөрсөн жил сургуулийн захиргааны зүгээс Боловсрол Соёл Шинжлэх ухааны яаманд хэд хэдэн удаа нөхцөл байдлаа танилцуулж шийдэж өгөөч гэсэн хүсэлт, шаардлага хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, тодорхой хариу ирүүлээгүй байна. Сургуулийн захиргааны зүгээс өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж номын сан, багш хөгжлийн төв, урлаг заал, технологийн кабинет зэргийг татан буулгаж хичээлийн танхимын зориулалтаар тохижуулж гурван ээлжээр хичээллэж байна. Урлаг заалаа дундуур нь хувааж хоёр анги орж байна” гэв.
Тус сургуулийн гурван давхарт яамны харьяа хос хэлтэн “Монгол тэмүүлэл” Кембреджийн лаборатори сургуулийн үйл ажиллагаа явуулж 13 анги танхимд 160 гаруй хүүхэд суралцдаг юм байна. Үүссэн нөхцөл байдлын талаар “Монгол тэмүүлэл” Кембреджийн лаборатори сургуулийн захиргаанаас тодруулахад “Мэдээлэл өгөх хүн байхгүй” гэсэн хариултыг өгсөн юм.
Д.Нэргүй