8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Валютын ханшийг тогтвортой байлгах ёстой

2016-11-10 13:00:00

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Төрийн мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгалаа. Ингээд уг тогтоолын төслийг дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд "Ханшийн асуудал өнөөдөр бидний анхаарлын төвд байна. Мөнгөний бодлогоор шийдвэр гарахдаа ханшийг тогтвортой байлгах чиглэлийг гаргах ёстой. Ханшийг уян хатан байна гээд хуулиндаа заагаад өгч болохгүй. Энэ нь өөрөө долларын ханш хэд ч хүрч магадгүй гэдэг зориуд хөөрөгдсөн сэдлийг дэмжиж өгөөд байна. Төр засгаас ханшийг тогтвортой байлгах тал дээр ажиллах ёстой" гэлээ. 

Харин Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Ханш бол төлбөрийн блансаас хамаардаг суурь асуудал. Бид хуулиа баримтлах ёстой. Өнөөдөр үйлчилж байгаа хуулинд ханш чөлөөтэй бөгөөд бодитой байх гээд заасан байгаа. Монгол банк ханшийг тогтвортой байлгахын тулд ажилладаг. Ханш бол эдийн засгийн суурь балансаас хамаардаг учраас биднийг саналыг ойлгох хэрэгтэй" гэлээ. 

Ингээд Л.Болд гишүүний гаргасан Төрийн мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд валютын ханшийг уян хатан гэсэн заалтыг тогтвортой болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгахад гишүүдийн 68.4 хувь дэмжлээ. . 


Одоо чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment