8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Чойжилсүрэн: Валютын ханш жаахан буурах байх

2016-11-11 13:51:00

УИХ-аар батлагдсан 2017 оны төсөв болон ам.долларын ханшийн өсөлтийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “2017 оны төсвийг өчигдөр УИХ-ын чуулганаар баталлаа. УИХ-аас эцэслэн баталсан тоогоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6 их наяд 160.2 тэрбум төгрөг байхаар баталсан. 2016 оны тухайд нэгдсэн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл 5 их наяд 400 орчим тэрбум төгрөг байгаа. Ирэх жилдээ эдийн засгийн өсөлтийн 3 хувиар нэмэгдүүлээд, нэгдсэн төсвийн орлогыг энэ жилтэй харьцуулахад 700 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Зарлагын хувьд 8 их наяд 568.2 тэрбум төгрөгөөр баталсан. Нэгдсэн төсвийн алдагдал 2.5 их наяд байхаар төсвийг баталсан” гэлээ.  Мөн төсвийг батлуулах 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 1.3 хувьтай байгаа. Харин 2017 онд энэ тоог 3 хувьд хүргэх бодлого барьж буйгаа хэлэв. Ингэж 3 хувьд хүргэхийн тулд Засгийн газраас энэ өвөлдөө амжаад хэд, хэдэн том төслийг эхлүүлэх бэлтгэл ажлаа эхэлсэн байна. Тухайлбал, Таван толгой төслийн төмөр замтай хамт Таван толгойн цахилгаан станц төслийг явуулахаар бэлтгэж байгаа аж. Түүнчлэн ТЭЦ-III-ийн хүчин чадлыг 250 мвт-аар нэмэгдүүлэх төслийг эрчимжүүлэхээр болоод байгаа юм байна.  Төсвийн зарлагын тухайд төсвийн бүх байгууллага хэмнэлтийн горимд ажиллахаар өөр аргагүй байгаа. УИХ-д өргөн барьсан хуулийн төслөөр төсвийн урсгал зардлыг дахин нэг хувиар бууруулах хууль батлагдсан. Бүх шатны ьөсвийн ерөнхийлөн захирагч төсвийн ерөнхий менежерүүд тогтоосон орон тоондоо тохируулаад үйл ажиллагаагаа уян хатан зохицуулах эрхийг өгсөн.  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсролын зээлийн санг үргэлжлүүлээд санжүүлж явахаар болсон. 104.5 тэрбум төгрөгөөр суулгасан. Мөн төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой заалтын өмнөх зохицуулалтыг сэргээж 36 сар хүртэл гэж хэвээр үлдээсэн” гэлээ. 

Монголбанк валютынхаа нөөцийг шавхсан


Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Валютын ханш хяналтаас гарч, цаг цагаар өсч байна. Монголбанктай энэ асуудал дээр ойлголцож чадахгүй байна уу. Засгийн газрын зүгээс Монголбанканд үүрэг өгөөд биелүүлэхгүй байгаа учраас Сангийн сайдад үүрэг өгсөн гэж ойлгосон. Үүнд тайлбар өгнө үү?

-Засгийн газар Монголбанкинд үүрэг өгөх эрх байхгүй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Тийм учраас Монголбанк Засгийн газар хоёр хамтран ажилладаг.  Валютын ханш сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байгаа. Үүнийг Засгийн газар анхааралтай ажиглаж, хяналтаа алдахгүй байдлаар явж байгаа. Гол бэрхшээл бол Монгол Улс руу орох валютын урсгал саарсантай холбоотой.  Өнгөрсөн жилүүдэд 7 их наяд 954 орчим тэрбум төгрөгийг зах зээл рүү хийсэн. Энэ нь валютын эрэлтийг нэмэгдүүлсэн. Энэ эрэлтийг хангахын тулд Монголбанк валютынхаа нөөцийг шавхсан. Шинэ Засгийн газраас валютын урсгалыг дотогш нь болгох асуудлыг гадаадын санхүүгийн байгууллагуудтай яриад явж байгаа. Валютын ханш энэ оны төгсгөл, ирэх оны ихээр жаахан буурах байх. Эцсийн байдлаар шийдвэр гараагүй болохоор одоо хэлэх юм алга. Ойрын хугацаанд эргэж мэдээлнэ. Бодит гарц бол Монгол Улс руу орох валютын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ хөтөлбөрийн хүрээнд Хөрөнгийн зах зээлд бонд босгох ажлыг эхлүүлээд байна. Хэлэлцээр ид дундаа явж байна. Энэ сардаа юм уу, ирэх сардаа асуудал тодорхой болох байх. Урд хөршөөс хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлээч гэсэн асуудлыг тавьсан. Энэ сарын 29-нд эхний уулзалтыг БНХАУ-ын талтай хийнэ. Энэ хүрээнд хамтран ажиллах зөвлөл байгуулагдсан. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг мөн байгуулсан. Хятадын цагаан сар нэгдүгээр сарын 28-нд юм байна. Цагаан сараас өмнө амжиж хэд, хэдэн зоригтой шийдвэрийг гаргах шаардлагатай.

-Ирэх оны төсөвт ам.долларыг хэдэн төгрөгөөр тусгасан бэ?
-Засгийн газраас төсвийн төслийг боловсруулахдаа 2016 оны есдүгээр сарын 30-ны ханшаар бодож тооцсон. УИХ-аар төсөв батлагдахдаа тэр өдрийн ханшаар тооцож батлах ёстой. Ойролцоогоор нэг ам.долларыг 2400 орчим төгрөгөөр тооцож баталсан. 

- Төсвийн алдагдлыг 2.5 их наяд төгрөгөөр тооцсон байна лээ. Ер нь манай улс хэзээнээс төсвөө алдагдалтай баталдаг болчихсон юм бэ? Сүүлийн гурван жилийн байдлаар төсвийн алдагдлыг яг хэд гэж тусгаж өгсөн байдаг юм бэ? 

- Төсвийн алдагдлыг 2.5 их наядаар баталж байгаа нь өндөр хувь мөн. Энэ жил төсвийн хүрээний мэдэгдэл 9.9 хувьд байх ёстой. Ирэх жил 7 хувь, 2019 онд 5.5 хувьд хүргэж 2020 оноос төсвийг алдагдалгүй батлах зорилт тавиад ажиллаж байна. Төсвийн алдагдлыг хэт огцом бууруулбал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөнд огцом нөлөөлнө. Тиймээс огцом буулгах бололцоогүй байна.Хэрвээ буулгах юм бол төрийн албан хаагчдын цалин руу орохоос өөр арга байхгүй. Бусад зардлуудын хувьд шахагдаад дуусч байгаа шүү дээ. Төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны зардал 1.4 их наяд төгрөг болсон. Бүх сургууль, цэцэрлэгүүдийн халаалт гэх мэт зардлууд шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд төсвийг худал зохиож, төлөвлөж ирсний үр дүн ийм нөхцөл байдлаар гарч ирж байна. 2020 оны төсвийн жилээс төсвийг алдагдалгүй батлах зорилт бий. Гэхдээ Олон улсын валютын сангийнхантай уулзсан урьдчилан хэлэлцээрээр үүнийг хэт огцом өөрчлөлт юм биш биз дээ гэсэн сануулгыг бидэнд өгсөн.

- Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдвал тодотгол хийх үү? 
- Валютын сангаас манай улс хөтөлбөр авъя гэдгээ илэрхийлсэн. Өнгөрсөн аравдугаар сарын 4-өөс энэ сарын 4-ны хооронд хэлэлцээр хийгдсэн. Валютын сангийн төлөөлөгчид Монголд ирээд Монгол банк, Сангийн яамны бүх суурь тоог шалгаж баталгаажуулаад явсан. Манай оронд ирсэн төлөөлөгчид очоод удирдлагуудтайгаа зөвшилцөнө. Бид ч мөн судалгаагаа хийнэ. Хэрвээ өөдрөгөөр төсөөлбөл 2017 оны нэгдүгээр сардаа багтаж валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх нь тодорхой болно. Үүний наана хэлэлцээр эцэслэгдвэл тодотгол хийгдэхийг үгүйсгэхгүй. Ингэж байж эдийн засгийн нөхцөл байдал, бүтцээ өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол манай эдийн засагт хэрэглээ нь давамгайлсан мөртлөө нэмүү өртөг бүтээх салбар нь харьцангуй сайнгүй байна. Тэгэхэр бүтцийн өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй. 

Өмнө нь худлаа тоо баталдаг байсан 


- Өмнө нь бид төсвийн алдагдлаа хэдээр тооцдог байсан талаар тодруулж хэлээч? 
- Өнгөрсөн жилүүдэд бид цөөнх байхдаа нэг зүйлийг шүүмжилдэг байсан. Монгол улс дөрвөн төсөвтэй болчихсон байсныг эсэргүүцдэг байсан. Харин шинэ Засгийн газар гарч ирээд нэгдмэл нэг төсөвтэй болъё гэдэг зорилт тавьсан. Тус, тусдаа хяналтгүй байсан төсвийг нийлүүлчихээр 2016 онд 18 хувийн алдагдал гараад байна.Хуучин төсвимйн алдагдлыг 3-5 хувьтай баталдаг байсан. Гэхдээ энэ бол худлаа тоо. Төсвийн алдагдал суухгүй бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлчихдэг байсан болохоор нэгдмэл нэг төсөвтэй болохоос өөр шаардлага тавихаас өөр аргагүй. Олон улсын валютан сан болон бусад санхүүгийн байгууллагуудаас тавьдаг шаардлага бол нэгдмэл нэг төсөвтэй, хяналттай, ил тод байх ёстой гэдэг. 

- Урсгал зардлаа аль болох бууруулж хэмнэлт хийхийг хичээсэн төсөв боллоо гэж та хэлж байна. Сөрөг хүчин АН-ын гишүүдийн зүгээс төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 70 тэрбумаар нэмэгдүүлсэн гэж мэдээлж байгаа. 70 тэрбумын нэмэгдлийн талаар тайлбар хийнэ үү? 

- Өнгөн талаасаа бол тэгэж харагдана. Ардчилсан намын гишүүд маань жаахан хариуцлагагүй шүүмжлэлийг хийсэн. 2016 оны зээлийн хүүгийн төлбөрт 1 их наяд 41 тэрбум төгрөгийг зарж байгаа. Гэтэл энэ зээлийн хүүгийн дарамт ирэх жилүүдэд ахиад томроод явна. 2017 оны төсөв дээр 1 их наяд 380 тэрбум орчим төгрөг байхаар хүүгийн зардлыг тусгасан. УИХ дээр тогтворжуулалтын санг ашиглахаас шалтгаалаад зээлийн хүүгийн зардал 40 тэрбумаар бууж байгаа. Өрийн үйлчилгээ болон зээлийн хүүгийн зардал 300 тэрбум төгрөгөөр нэмэгдчихээр бид төсөвт байгууллага дахь бусад зардлыг 120 тэрбум төгрөгөөр буулгах шаардлага гарч байгаа юм. Урсгал зардал дотор зээлийн хүүгийн төлбөр багатаж байгаа юм.

-Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр та нийт экспортын орлогын 54 хувь нь Монголд, үлдсэн нь Монголоор дамжаад гарчихаж байна гэсэн. Энэ нь хэдэн компанид хамаарч байгаа ойлголт вэ?

-Баримжаалж хэлвэл Монгол Улс 100 төгрөгийн экспорт хийхэд 54 хувь нь Монголдоо, 46 хувь манай улсад орж ирэхгүй байна гэсэн үг. Үүнийг ганц Оюутолгойд хамаатуулж болохгүй. Бусад төслүүд ч гэсэн ялгаагүй ийм юм билээ. Судлаад үзэхээр гаднаас зээлээр хөрөнгө оруулалт хийгээд төсөл босчихсон. Урьд авсан зээлээ эргэн төлдөг ийм эдийн засгийн бүтэц байгаа юм билээ.

- Төсвийн алдагдлыг 9,9 хувиар оруулж ирээд 9,1 хувиар баталлаа. Орлогоо нэмсэн үү эсвэл зарлагаа хасав уу?

-Орлого нэмсэн. Засгийн газраас тогтворжуулалтын санг 2017 онд ашиглана гэж төсвийн төсөл дээр оруулж ирээгүй. УИХ дээр Тогтворжуулалтын сангийн 300 орчим тэрбум төгрөгийг эх үүсвэр талдаа ашигла гэсэн. Мөн өмч хувьчлалын орлогыг 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон. “Монгол шуудан” компанийг 20 тэрбум төгрөгөөр, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилна гэх мэт өөрчлөлт орж ирсэн.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас гадна бусад улс орноос зээл авахаар ярьж байгаа. Зээлийн эх үүсвэрийг юунд зарцуулах вэ?

-ОУВС-тай хэлэлцээр хийж байгаагийн зэрэгцээ ОХУ, БНХАУ, АНУ, Япон зэрэг том эдийн засагтай орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтээ тавьж байна. Хугацааны хувь 20 жилээс доошгүй, 2 хувийн хүүтэйгээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Зээлийн хэмжээний хувьд тохироо эцэслэн хийгээгүй. Хэрэв зээл авсан тохиолдолд зээлээ дахин санхүүжүүлнэ. Тодруулбал, манай авсан зээлүүд жилийн 10,8 хувийн хүүтэй. Тиймээс тэр өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй зээлээр солихгүй бол зээлийн хүүгийн дарамтад орно. Бодлогын түвшинд өөрчлөлт оруулж чадахгүй бол 2017 онд 1,3 их наяд төгрөгийг, 2018 онд энэ тоо 2 их наяд руу орж ирнэ. Гарцаагүй байдлаас ийм зохицуулалт хийхээр болоод байна.
-“Чалко” компанид төлөх ёстой “Эрдэнэс Тавантолгой” компанийн өр хэд үлдсэн бэ? 
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөх ёстой Чалкогийн өр одоо 90 гаруй сая ам.доллар үлдсэн. Энэ өрийг 2017 онд багтаад төлж дуусгана гэсэн төлөвлөгөө байна.
-Төсвийн алдагдал яг хэдэн төгрөгтэй тэнцэж байна вэ?
-Засгийн газраас өргөн барьсан төсөв УИХ дээр хэлэлцэгдээд хэдэн хэдэн өөрчлөлт орсон. Ингэхдээ төсвийг эцсийн байдлаар 2 их наяд 408,7 тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан. 

-Дотоод өр хэдэн төгрөгөөр хэмжигдэж байна вэ?
-Ирэх жилийн төгсгөлд дотоод өрийн хэмжээ 4,6 их наяд төгрөгтэй тэнцэнэ гэсэн урьдчилсан тооцоолол гарсан.    

Т.Хулан     

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Энэ нөхөр оны эцэс ирэх оны эх хүртэл долларт их өснө тэгээд жаахан бууна гээд зарлачихсан шив дээ.
2016/11/12 182.160.37.124
Anaa
Засгийн газар анхааралтай ажиглаж, хяналтаа алдахгүй байдлаар явж байгаа. Ogtsor Ajiglaj baih hoorond chin suid bolloo
2016/11/12 66.181.186.194
Irgen
MAN-N MERGEJLIIN LUIVARCHIDAAR ZASGIIN GAZARIIG OGTSORuuLAH BUREN UNDESLELUUD ARD TUMEND EL BAINA ODOO KABINETAARAA OGTSOR
2016/11/11 202.9.42.25
Zochin
3 saya xun amtai ornii ediin zasgiig MAH tosoolj chadaxgui ne ee Yanaa
2016/11/11 122.201.24.100
Гар
Огцор
2016/11/11 202.131.252.209
СОНГОЛТОО ХАР
ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БАЙДАЛД Ч ОРЖ МАГАДГҮЙ МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР
2016/11/11 202.9.42.135
АРД
МАН-ЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧНҮҮДИЙН ТӨРИЙГ ТӨВХНҮҮЛЖ БАЙГАА БАЙДАЛ.
2016/11/11 202.9.42.135
ааааа
Мэддэг юм байна уу ийм ч хариуцлагагүй байх гэж дээ
2016/11/11 103.9.90.53
аааа
Энэ ер нь юу хийгээд сууж байа ааа
2016/11/11 103.9.90.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment