8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ

2016-11-11 17:21:10

СХД-ийн 20-р хороо, Төмөр замын хашаанд үйл ажиллагаа явуулж буй Уулсдөл ХХК-ний "Баян Алтайн барагшун" гэх биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй газарт 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран үйлдвэрийн эзэн Э. А-г байлцуулан хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар барагшун үйлдвэрлэж байгаа үйлдвэр нь биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, ариун цэврийн шаардлага хангаагүй, үйлдвэрлэлийн бус бохир нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ. Түүнчлэн эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийг бэлэн бүтээгдэхүүний цуврал бүрт сонгомол тэжээлт орчинд өсгөвөрлөж баталгаажуулаагүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

Тус бүтээгдэхүүнээ автомашинд хадгалж, тээвэрлэлтийн дэглэм алдагдуулж, иргэдэд гар дээрээс борлуулдаг байжээ. Баян Алтайн барагшун гэх бүтээгдэхүүн нь Монгол улсын биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй юм.

Дээрх зөрчлүүд нь “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 12.1.2,12.1.4, 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтууд, Монгол улсын стандарт “биологийн идэвхт бүтээгдэхүүн зөгийн балтай барагшун” MNS 6578-3:2016 стандартын 5.1,5.2, 5.6, 5.8, 9.1 дэх заалтуудыг зөрчин ажиллаж байжээ.

Иймд тус үйлдвэрт үйлдвэрлэсэн 1421000 төгрөгний 100 мл-ээр савлаж 10 ширхэгээр хайрцагласан 203 хайрцаг барагшун, 800 граммаар шилэнд савласан 25 ширхэг зөгийн балтай өтгөрүүлсэн барагшун гэх хандыг улсын байцаагчийн актаар хурааж, зохих журмын дагуу устгуулахаар комисст хүлээлгэн өгсөн байна. Үйлдвэрийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоолоо.

Цаашид уг бүтээгдэхүүн зах зээл дээр худалдан борлуулагдаж байж болзошгүй тул авч хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Эм биш хор үйлдвэрлэж байжээ.
2016/11/12 182.160.34.181
  • Recent
  • Most Read
  • Most Comment