8o
Улаанбаатар хот
mobile menu

Австри улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ

2016-11-12 12:10:00

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр Бүгд Найрамдах Автсри Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Михаел Линхарт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ноён Михаел Линхартыг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Улсын Их Хурлаас Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг өчигдөрхөн баталлаа. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч бид богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээг авахын тулд хичээн ажиллаж байна” хэмээн танилцуулаад хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх нь аль аль талын ашиг сонирхолд нийцнэ гэдгийг онцолсон юм. Мөн тус улстай байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Австрийн Засгийн газраас 40 сая еврогийн хоёр дахь шатны хөнгөлөлттэй зээл олгох болсонд талархал илэрхийлэв.

Бүгд Найрамдах Автсри Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Михаел Линхарт найрсаг дотгоор хүлээн авч уулзаж байгаад хариу талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцохоор ирснээ уламжлав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын иргэд Австри Улсад зорчихоор удаан хугацааны болон оюутны виз хүсэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, тус улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, гадаад харилцааны мэргэжилтнүүдийг дадлагажуулах болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Монгол Улс, Австри Улстай 1963 оны долдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улс нь манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн Өрнөдийн хоёр дахь орон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл