8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Наранбаатар: Эрдэс баялгаа ашиглаж хуримтлал үүсгэх биш, өрөнд оруулах менежмент хийчихсэн

2016-11-11 17:38:33

Дэлхийн байгалийн нөөцийн засаглалын институцээс нэгэн сонирхолтой судалгаа гарчээ. Энэ судалгаа Монгол улсад энэ цаг үед хамгийн хамаатай юм байна. Энэ талаар Эрдэс баялгийн судлаач Л.Наранбаатартай ярилцлаа. 

-Өөрийн тань хийсэн нэг судалгаа анхаарал татлаа. Монголчууд яагаад байгалийн баялагтай мөртлөө хөгжиж чадахгүй байна вэ гэж. Яг энэ цаг мөчид ярих сэдэв нь мөн байх. Яагаад энэ судалгааг хийхээр болов? Монголчуудын гол алдаа нь байгалийн баялгийн зарцуулалт дээр юу байна ?
-Судалгаа гэхээсээ илүү харьцуулсан дүгнэлт гэх юмуу даа. Би сүүлийн өдрүүдэд мэргэжлийнхээ дагуу ШУТИС-д мэргэшсэн инженерийн сургалтанд сууж байгаа юм.

Манай эрдэмтэн, доктор багш нар Байгалийн нөөцийн засаглалын институтээс хийсэн маш сонирхолтой судалгааны материал үзүүлсэн юм. Норвеги болон Английн газрын тос, байгалийн баялгийн олборлолтын үр ашиг нь улсдаа ямар үр дүн өгч байна вэ гэсэн харьцуулсан судалгааг харуулсан юм. Тэр их сонирхол татсан.

Юу нь сонирхолтой санагдсан бэ гэхээр 1971-2014 он хүртэл хугацаанд Норвеги болон Англи улс хичнээн сая баррель газрын тос олборлосон бэ гэвэл хоёулаа хэмжээгээрээ бараг адилхан байгаа юм. 45 сая орчим баррель газрын тос олборложээ. Үүнийгээ борлуулаад улсдаа хуримтлуулсан татвар хураамж, лицензийн төлбөр, ногдол ашгуудыг харахад Норвеги Англиас 2.6 дахин өндөр татвар хураамжийг хуримтуулсан байгаа юм. Норвеги 1.2 их наяд ам.доллар, Англи улс 470 сая ам.доллар байх жишээтэй.

Норвеги яагаад энэ түвшинд хүрэв гэхээр байгалийн нөөцийн сайн засаглалтай. Байгалийн нөөцийн засаглал гэдэг нь байгалийн баялгаа хөгжил рүү хөрвүүлэх менежментийг хэлж байгаа юм.

Яг адилхан олборлолт хийгдсэн мөртлөө нэг улсын өгөөж өндөр байна.

Сонирхолтой нь Норвеги бол Монголтой хүн амаараа ойролцоо, байгалийн баялаг ихтэй улс. Байгалийн энэхүү баялгаа зөв ашиглаж, зөв хуримтлал бий болгож, байгалийн баялгаас олсон орлогодоо зөв менежмент хийж чадсанаараа Норвеги дэлхийн шилдэг жишээ болжээ. Норвеги яагаад энэ түвшинд хүрэв гэхээр байгалийн нөөцийн сайн засаглалтай.

Байгалийн нөөцийн засаглал гэдэг нь байгалийн баялгаа хөгжил рүү хөрвүүлэх менежментийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Норвеги олборлолт хийж өөртөө таарах хэрэглээгээ хэрэглээд илүү гарснаар нь хуримтлал үүсгэж сан байгуулан гадаадын улс орнуудад ашигтай бусад төслүүдэд, алтны, зэсийн гэх мэт төслүүдэд хөрөнгө оруулдаг. Үүнээс олсон орлогоо сандаа хуримтлуулаад байгаа юм.

Тэгэхээр Норвеги улс баялгаа зөв ашиглаж өр байхгүй, хуримтлалтай улс болсон. Байгалийн нөөцийн удирдлагын шилдэг жишээ. Бид харин эсрэгээрээ уул уурхайн төрийн өмчит компаниудыг данхайлгаж,  хувь хишиг хүртээх нэрийдлээр баялгаа баас шээс болгоод, ард түмнээ өрөнд оруулаад дуусгаж байна. 

- Төр нэгэнт уул уурхайн баялгийг зөв захиран зарцуулж чадахгүй байгаа юм чинь чаддаг хувийн хэвшилд нь өгвөл яасан юм бэ гэж дүгнэж байна гэж ойлгож болох уу?
- Түрүүний асуулттайгаа уялдуулж ярихад төр баялгийн нөөцийн менежентийг хийх гэж оролдсон. Ингэхдээ төрийн өмчит компаниудад илүү ачаалал өгч, үүрүүлэх ёстой юм байна гэж хичээсэн.

Харамсалтай нь бөөн өр. “Эрдэнэс Тавантолгой” 2016 оны эхний хагас жилийн тайлангаар 760 тэрбум төгрөгийн өртэй, 250 тэрбум төгрөгийн хасах буюу алдагдалтай компани болчихож. “Эрдэнэт” дээр “Жаст”-ын Батхүүгийн өр болох 100 гаруй сая ам.доллар, үүн дээр өөр зөндөө мэдэгдээгүй өрийн маргаантай асуудал гарч ирж байгаа гэсэн. Чингис бондын өр гэх мэт.

Ингээд нэмэхээр улсаараа 21.5 тэрбум ам.долларын өрөнд орчихож. Тэгээд цаашаа бид ер нь энэ эрдэс баялгаа ашиглаж хуримтлал үүсгэх биш харин бүр эсрэгээрээ өрөнд оруулах хэмжээний менежмент хийчихсэн байгаа юм. Одоо үүнээс бүгдээрээ татгалзъя, больё. Гэтэл хувийн хэвшил яаж ажиллаж байгааг харьцуулж үзье.  

Тухайлбал 3 хоногийн өмнөх жишээ ярья л даа.  Energy Resource-ийн менежментийг харъя. Тэд Ухаа худгийн баяжуулах үйлдвэрийг барих, уурхайг бүтээх, тоног төхөөрөмж, автозам, дэд бүтэц, цахилгаан станц барьсан.  Олон улсын хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулж итгэлийг нь хүлээгээд бондоор мөнгө босгосон. Тэгээд нүүрсний үнэ унахад өрөө төлөх чадваргүй болж дефолт зарласан боловч сүүлийн 10 сарын хугацаанд маш хурдтай арга хэмжээ авч 830 гаруй сая долларын өрнөөс 400 саяыг нь өрнөөсөө хасуулж чадсан.

Хувийн хэвшил ингэж ажилладаг юм байна. Үүгээр ч зогсхгүй өр төлөх хугацааг 6 жилээр хойшлуулсан. Тэгэхээр өр биш болчихож байгаа юм. Зээлийн үндсэн төлбөрөө 6 жилээр хойш нь “шидээд”, хүүг нь нүүрсний үнээс хамааруулаад 5-8 хувь болгоод бууруулж чадсан байна. Энэ нь манай бондын хүүгээс бага хүүтэй байгаа юм. Ийм тааламжтай нөхцөлөөр өрийн бүтцээ шинэчлээд ирэхээр тухайн компанийн санхүү сайжирч байна.  

Energy Resource-ийн хувьцааны үнэ өсч байна. 60 мянга гаруй монголчууд 500 мянган төгрөг,  1 сая төгрөгөөр Energy Resource-ийн хувьцааг худалдаад авчихаж байна. 2 сарын өмнө хийсэн 100 мянган төгрөг нь өнөөдөр 300 мянган төгрөг болон өсчээ. Сайн менежмент хийхээр тухайн компанид нь итгэж хувьцааг худалдан авч байна.

Хувьцааны үнийн өсөлтөөс ард иргэд нь ийнхүү ашиг хийж чаддаг юм байна гэдгийг жишээ болгон харуулж байна. Гэтэл яг хажууд нь байгаа “Эрдэнэс тавантолгой” яаж байна. Өнөөх Чалко-гийн дуусдаггүй өр. Хажууд нь байгаа хөрш нь 400 сая ам.доллар буюу Эрдэнэтийн 49 хувьтай тэнцэх хэмжээний өрийг тэглүүлж чадаж байхад Чалкогийн өрийг төлж чадахгүй нүүрсээ хямдхан зараад одоо 95 сая ам.долларын өртэй гээд сууж байна.

Засгийн газар авсан тохиолдолд  тэр 49 хувийн хувьцааг худалдан авсан 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг нөхөн төлөөд дараа нь бидэнд ногдол ашиг  хүртээх тухай ярина

1 тонн нүүрснээс 1 ам.долларын ашиг олж 95 сая тонн нүүрсээс дарах гэж байгаа байхгүй юу. Дахиад 10 жил цаашаа энэ менежментээр явах гэж байгаа. Гэтэл хамгийн муу зүйл нь юу гэхлээр ийм менежментээр цааш явах юм бол  хажууд байгаа жижиг Тавантолгой, энержи Ресурсын үнийг унагаж, 5 толгойг үнэгүйдүүлэх болно. Төр өөрөө ийм юм хийж байгаа. Коксжих нүүрсний үнэ 307 ам.доллар болж дэлхийн зах зээлд өсчихлөө. Олон нийтийн өмчийн компани Энержи Ресурс нүүрсээ 107 ам.доллараар зарж байхад төрийн өмчийн Эрдэнэс Тавантолгой 33 ам.доллараар зарж байна. Ийм байж болох уу? Энэ менежментээс одоо татгалзъя.

Жишээ нь Эрдэнэтийг авч үзвэл 49 хувийг нь хувийн хэвшил авчээ. Орост байсан юмыг Монголд авчирсан юм байна л даа. Хэрэв Оросууд нь 49 хувиа монголчуудад үнэгүй бэлэглэх гэж байгаад, урдуур нь ороод авчихсан бол хулгай, луйвар болох ёстой. Эсвэл хямд үнээр авсан бол. Харьцуулаад харахаар Оюу Толгойтой хийж байсан хэлцлийн үнээс 7,6 дахин өндөр үнээр авсан байгаа.

1тонн зэсэнд ногдох Оюу Толгойн хэлцлийн арилжааны үнээс гэсэн үг. Тэгээд зах зээлийн нөхцөл ямар байна вэ гэхлээр Оюу Толгойн хэлцэл хийж байсан үеэс зэсийн үнэ нэг дахин уначихсан нөхцөлд байгаа. Тэгэхээр Эрдэнэтийн 49 хувийн авсан хувийн хэвшил Mongolian Copper Corporation гэсэн байх аа, маш эрсдэлтэй алхам хийсэн.

Одоо зэсийн үнэ өсөхгүй 3 жил болоход, Оюу Толгойн далд уурхай ашиглалтад орно, өөр бусад том уурхайнууд нийлүүлэлт хийгдэнэ, зэсийн үнэ өсөх нөхцөл байдал хүнд, саяын АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болсон Хятад Америкийн харилцаа муудах шинжтэй. Гол зэсийн хэрэглэгч нь Хятад, манай гол зах зээл байж байдаг. Одоо яах вэ? Эрсдэл гарах юм бол Эрдэнэтийн 49 хувийг үнэтэй худалдаж авсан Mongolian Copper Corporation-ийн л хохь болно.

Монголын ард түмний хохь биш. Mongolian Copper Corporation 49 хувиа авахдаа 200 гаруй сая ам.долларыг ч билүү бас зээлээр авсан гэсэн. Хүү төлж таарна. Тэгээд Эрдэнэтээс хувьцаа худалдаж авсан хөрөнгөө нөхөж чадахгүй бол эрсдэлд ороод л дуусна. Хэрэв Монголын засгийн газар тэр мөнгийг төлөөд авсан бол харин ёстой бидний эрсдэл болох байлаа. Алдагдалтай ажиллавал эрсдэл үүрнэ, ашигтай ажиллавал ногдол ашиг хүртэнэ.

Засгийн газар авсан тохиолдолд  тэр 49 хувийн хувьцааг худалдан авсан 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг нөхөн төлөөд дараа нь бидэнд ногдол ашиг  хүртээх тухай ярина. Тэр нь магадгүй 10 жилийн дараа эсвэл хэзээ ч үгүй. Оюу толгой 2020 оноос ногдол ашиг хүртээнэ гэж байгаад зэсийн үнэ унаад зах зээл муудаад ирэхээр 2040 он хүртэл ашиг хүртэхгүй шүү гэж хэлж байгаа. Үүнтэй яг л ижил юм болно.

ЗГ-ын 51 хувьд ямар өөрчлөлт ороогүй байгаа одоогийн энэ нөхцөлд зовох зүйлгүй Монголын ард түмэн ирэх жилээс ноогдол ашгаа хүртээд л явна.  Яах гэж 49 хувьтай зууралдаад, ард түмнээ өр зээл, бизнесийн эрсдэлд оруулах гэж чичрээд байгаа юм бэ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment