Малайзын Куала Лампур хотод болж байгаа 200 мянган ам.долларын шагналын сантай Dota2 болон CS:GO төрлийн тэмцээнд Монголын 4 баг хүчээ үзэж байгаа билээ.
CS:GO Төрлөөр өрсөлдөж байгаа SavorTheFear баг хэсэгтээ Арабын нэгдсэн эмиратын RiskyGaming, Хятадын 5Power багуудтай таарч 2:0, 2:1-ийн харьцаатай хожигдсоноор хэсгээсээ шалгарч чадсангүй.
2 сард болсон IEM Tapei тэмцээний аварга TheMongolz.CS баг хэсэгтээ Арабын нэгдсэн эмиратын BOT, Хятадын BOOT багуудтай таарч нэг ч ялагдалгүйгээр хэсгээсээ шалгарч өнөөдөр шөвгийн 8-д Австралийн AvantGarde багийг 2:0 харьцаатай ялснаар хагас шигшээд шалгарлаа.
7-р сард АНУ-ын Splyce багтай Лхагваагийн “Machinegun” Энхтайван гэрээ хийснээр TheMongolz.CS баг шинэ бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Тэд хагас шигшээд маргааш Сингапурын Leapfrog багтай тоглоно.
Dota2-ын багууд болох TheMongolz.Dota, Team Taivnaa нар хэсгийн тоглолтууддаа хийж дуусгав. TheMongolz тэмцээний гол фаворит Team Secret-тэй нэг хэсэгт багтсан юм. Өчигдөр Австралийн Big And Black багт 2:1 харьцаатай хожигдож өнөөдөр Ази, Европын шилдэг тоглогчдын бүрэлдэхүүнтэй Team Secret багт 2:0 харьцаатай хожигдсоноор тэмцээнийг орхихоор боллоо.
ROG Masters тэмцээнийн зүүн азийн бүсээс шалгарсан Монголын өөр нэгэн баг болох Team Taivnaa Энэтхэгийн Natural 9, Филиппиний Execration багтай A хэсэгт багтсан юм. Тэд өчигдөр Natural 9 багт 2:0, Execration багт 2:1 харьцаатай тус тус хожигдож мөн нутаг буцахаар болов.