8o
Улаанбаатар хот
mobile menu

АН бугшсан асуудлаа ярилцах бол МАН баяраа тэмдэглэнэ

2016-11-14 13:23:00

АН-ын ҮЗХ энэ сарын 16-нд буюу нөгөөдөр хуралдана. Харин энэ өдрөөс хойш яг дөрөв хоногийн дараа МАН-ын Бага хурал хуралдахаар тов зарлажээ. Дөрөв хоногийн зайтай хуралдах АН, МАН-ын төлөөллийн төв байгууллагууд ямар асуудлыг хэлэлцэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН дараалсан ялалтаа тэмдэглэх бол АН бугшсан асуудлаа ярихаар төлөвлөөд байгаа аж.

МАН-ын хувьд дараалсан ялалтаа цохон тэмдэглэж уг ялалтад хувь нэмэр оруулсан гэх ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалангаа жинхлэх аж. Уг нь УИХ-ын сонгуулийн дараа сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг түр биш, бүр генсекээр томилох гэж байсан ч орон нутгийн сонгуулийн үр дүнг хүлээзнэх яриа МАН-ын зарим улстөрчөөс гарсан учраас ийнхүү хойшлуулжээ. Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол Д.Амарбаясгаланд хариуцлага хүлээлгэх замаар өөр нэр дэвшигч тодруулах зорилготой байсан гэсэн үг. Харин МАН энэ удаа орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж чадсан учраас Д.Амарбаясгалан ногоон гэрлээр ерөнхий нарийн бичгийн дарга болох бололтой.

Харин АН дээрхээс тэс өөр уур амьсгал дунд хуралдах төлөвтэй байна. Удаа дараа хойшилсон АН-ын ҮЗХ-ны хурлаар намын даргыг сонгох бөгөөд дүрмийн шинэчлэлийг мөн хэлэлцэнэ. УИХ-ын сонгуулийн дараа тус намынхан даргынхаа асуудлыг хэлэлцэх байсан ч удирдлагууд нь орон нутгийн сонгуулийн дараа шийднэ хэмээн хойшлуулсаар ирсэн. Энэ нь нэг талаас орон нутгийн сонгуулийн өмнө гарах хэл амнаас болгоомжилсонтой холбоотой мөн фракцуудын саналыг нэгтгэхэд уягдаж байв. АН-ын даргад өрсөлдөхөө олон нийтэд мэдэгдээд байгаа УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан АН-ын даргыг орлон гүйцэтгэгч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүн Л.Болд нар намын даргад нэр дэвшихээ ил цагаанаар мэдэгдээд байгаа юм. Үүнээс үзвэл тус нам доторх даргын өрсөлдөөн ширүүхэн болох нь тодорхой байна. Харин намын даргад өрсөлдөх өндөр магадлалтай байсанНийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл энэ удаа нэрээ татахаар шийдсэн гэдгээ намынхаа залууст мэдэгдсэн гэх мэдээлэл байгаа юм. Ямартай ч намын дарга, намын дүрмээ баталснаар тус намын шинэчлэгдэх асуудлын суурь тавигдана.

АН-ын уг хурлаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН хэнийг сойх  вэ гэдгийг тодорхой хэмжээнд тодорхойлно гэж үзэж байгаа юм. Тус намаас ирэх онд болох Төрийн тэргүүнд нэрээ дэвшүүлэх магадлалтай хэд, хэдэн хүний нэр яригдаж байгаа. Харин ганц л хүн өөрийн нэрийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж зарласан. Тэр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Түүний хувьд энэ талаараа өөртэй итгэлтэйгээр олон нийтэд мэдэгдсэн нь  нам доторх тохироогоо хийсэнтэй нь холбоотой гэх яриа байна. Торуулбал, Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржтой тохирч намын даргаа Л.Гантөмөрт өгч өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших мандатаа өвөртөлсөн үү гэх яриа улс төрийн хүрээнийхний дунд яригдаж байна.

Тэрбээр нам дамжсан бүлэглэлтэй тэмцэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхийг намын их хурлаар гишүүдийн саналаар шийдвэрлэдэг. Тийм байхад Н.Алтанхуяг цагийн эртэд өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн нь ямар нэгэн учиртай л байж таарна. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
byrhan
Minii hvseleer man 4 Jil zasaglaj chadahgvi e.ene vnen harj bgarai T1 vher mglchyydaa
2016/11/14 103.212.116.28
  • Recent
  • Most Read
  • Most Comment