Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид манай улсын нэгэн арилжааны банкны интернэт банк ашигладаг хэрэглэгчдийн дансанд нэвтэрч, мөнгийг нь хууль бусаар шилжүүлж авсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал, 14 сая төгрөгийн хохиролтой, 14 хохирогчтой тус хэрэгт сэжиглэн бүлэг этгээдийг шалгаж эхэлсэн байна.
Энэхүү хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн харъяат, эрхэлсэн ажилгүй, 23 настай Б, Хан-Уул дүүргийн харъяат, 22 настай Б, Сонгинохайрхан дүүргийн иргэн, 25 настай Г нарыг сэжигтнээр татсан байна. Мөн БНХАУ-ын Эрээн хотод ажилладаг 24 настай М, Баянгол дүүрэгт оршин суудаг, 23 настай, эмэгтэй Э нарыг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж байгаа аж.