8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Гарамжав: Төлсөн татварыг нь агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж яагаад болохгүй гэж

2016-11-15 13:54:00

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжавтай ярилцлаа.

-БОХХАА-ын байнгын хороо нэлээд ажил ихтэй байх шиг байна. Саяхан Төв цэвэрлэх байгууламж шинээр барих,  гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой эсэх талаар мэргэжлийн байгууллагынхантай нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

-Нийслэлчүүдийн эрүүл мэнд, амь нас, байгаль экологид хамгийн тулгамдсан асуудлын нэг нь Төв цэвэрлэх байгууламж болчихоод байна. Өдгөө 50 гаруй жил ажиллаж байгаа, технологийн хувьд хоцрогдсон шийдэлтэй, байгаль орчин, хөрс, агаарт маш их бохирдол бий болгодог байгууламж болжээ. Манай байнгын хорооныхон есдүгээр сард газар дээр нь очиж бодит байдалтай танилцах үеэр мэргэжилтнүүд нэн даруй  шинэ цэвэрлэх байгууламжтай болохгүй бол өнөөдрийнхөөс аюултай  гамшиг  нүүрлэнэ гэдгийг хэлж байсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн ам 1.430.000 байгаа, 2030 гэхэд 1.760.000 хүрнэ гэж статистикчид тооцоолсон байна.

Ингэж өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа их хот ийм цэвэрлэх байгууламжтай байж болохгүй. Харьцангуй богино хугацаанд шинэ цэвэрлэх байгууламжтай болох боломж байна уу, одоогийн байгууламжаа засаж сайжруулах уу гэдгийг нэг мөр болгохоор өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн байгууллагынхан, гадаадын хөрөнгө оруулагчид,  УИХ-ын гишүүд, холбогдох яамдын сайд нарыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг хийлээ. Энэ салбарын мэргэжилтнүүд шинээр цэвэрлэх байгууламж барих шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед  700 тэрбум төгрөгөөр шинэ цэвэрлэх байгууламж барих  тухай бодох ч хэрэггүй гэж хэлэх хүн олон байгаа. Гэхдээ бидэнд гарц, боломж бий гэдгийг  энэ удаагийн хэлэлцүүлэг харууллаа.

-Төсвийн мөнгөөр хийж чадахгүй нь тодорхой. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах уу?

-Одоогийн нөхцөлд шинэ цэвэрлэх байгууламж барихад гадаадын тэр дундаа донор байгууллагын  тусламж, хөрөнгө оруулалт хамгаас чухал. Манай хэлэлцүүлэгт Азийн хөгжлийн банкны хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн оролцоод “Өнөөдрийн байдлаар бид Дархан хот, дөрвөн аймгийн  цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг хийж эхлээд явж байна. Азийн хөгжлийн банк удахгүй 2017-2020 онд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргахын тулд яам агентлагуудаас санал авна. Тэр үед төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, барих асуудлыг тавьбал хөрөнгө оруулалт хийх боломж байгаа" гэдгээ мэдэгдсэн. Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулах 2 дахь компакт гэрээг боловсруулах Үндэсний ажлын албаны даргын хэлж буйгаар Монголын Засгийн газар өөрийн хөрөнгөө дайчлаад Францын Артелла компанийн хийсэн  ТЭЗҮ-гээр шинээр ашиглах цэвэрлэх байгууламжийн гаргаж буй саарал усны үзүүлэлт хангалттай байвал Мянганы сорилтын сангаас оролцохгүй. Харин ТЭЗҮ-гийн  үзүүлэлт хангалтгүй, цэвэрлэсэн ус нь чанарын шаардлага хангахгүй бол Мянганы  сорилтын сан тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж оролцоно гэж байгаа юм билээ. Энэ мэтчилэн гадаадын хөрөнгө оруулалт татах сайхан мэдээллийг сонслоо. Одоо бид ажил хэрэг болгох хэрэгтэй байна.  Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжийн хэмжээ 250-280 сая ам.доллар. Тэгэхээр төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, шинээр байгуулах ажлыг буцалтгүй тусламж, концесс, шууд хөрөнгө оруулалт, зээл тусламжийн алинаар хийх вэ гэдгээ Засгийн газар бодлогын шийдвэрт хүрч эцэслэх хэрэгтэй байна. Манай хэлэлцүүлгээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж зөвлөмж гаргасан байгаа. Байнгын хорооны хувьд үнэхээр ажил ихтэй байна. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд агаарын бохирдол, утааны асуудал багтдаг. Манай орны байгаль цаг уурын онцлог болоод монгол гэр, байшингийн дулаан алдалт, орчны нөлөөлөл зэргийг олон талаас нь судалсан гадаад, дотоодын байгууллага, энэ талаар туршлагатай мэргэжлийн хүмүүстэй уулзалт хийж, орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурласан шийдэл, боломжийг эрэлхийлж байна.

-Жил бүр агаарын бохирдлыг бууруулах шинэ, шилдэг технологи гээд зуух тараагаад  хэдэн жилийг үдлээ. Зуух тараагаад утаанаасаа ангижрахгүй гэдгийг бид харлаа. Таны бодлоор бид яах ёстой вэ, ямар санал байна?

-Өнгөрсөн сард Монгол Германы хамтарсан “Монватт” компанийн төлөөлөгчид ирж уулзсан юм. Герман инженерүүд  Улаанбаатар хотын утааг бууруулахын тулд сүүлийн 3  жил хамгийн их утаатай, хүйтэн хэсгийн айл өрхүүдийг хамруулж  судалгаа хийсний үндсэн дээр бий болгосон дулаан хуримтлуулж халаах "Тулгат" төхөөрөмжөө танилцуулсан юм. Энгийнээр тайлбарлавал,  шөнийн цагт хий урсгадаг илүүдэл цахилгааныг ашиглан дулаан болгож хуримтлуулдаг төхөөрөмж юм. Хуримтлуулсан дулаанаараа гэр байшинг халаагаад зогсохгүй өрхийн хэрэглээнд цахилгаан зуухны нэгэн адил ашиглах бүрэн боломжтой олон давуу талтай юм билээ. Герман инженерүүд монгол гэрийн онцлог, монголын цаг агаарыг судлаад  гал түлж утаа гаргахгүйгээр  хэрэглээгээ хангаж утааг бууруулж  болно гэсэн шийдэлд хүрснээр эко төхөөрөмж бэлэн болсон байна. Германчууд аливаа зүйлийг хийхдээ ул суурьтай, чанартай хийдэг хүмүүс. Тулгат төхөөрөмжийг  монгол гэрийн нөхцөлд тохирохоос гадна  бага насны хүүхдэд аюулгүй байх гээд бүхий л талыг нь харгалзаж техник үзүүлэлтийг шийдээд  энэ чиглэлээр олон жилийн туршлагатай Olsberg компанид үйлдвэрлүүлсэн байна. 

Нэгэнт ашиглахгүй урсгаж байгаа илүүдэл цахилгаанаа дулаан болгож агаарын бохирдол, утаагаа бууруулах боломж байхад хэрэгжүүлээд үзэхэд илүүдэхгүй. 2015 оны байдлаар манай улсын эрчим хүчний систем тэр дундаа төвийн эрчим хүчний хэрэглээ 1100 орчим мВт. Үүнээс 300 мВт нь шөнийн цагаар ашиглагдахгүй урсаж байгаа. Энэ илүүдэл цахилгааныг хуримтлуулж дулаан болгож ахуйн хэрэглээнд ашиглаж утаа бууруулах боломж байгааг Германы эрдэмтэд судалж тогтоочхоод байна. Туршилтаар баталгаажсан шинэ дэвшилтэд технологийг бид яагаад нэвтрүүлж болохгүй гэж.

-Герман технологи чанартай, сайн гэдгийг дэлхий мэднэ. Гэхдээ энэ хэрээр үнэтэй шүү дээ?

-Монгол гэрт зориулсан тулгат төхөөрөмж үнэтэй байж болно. Өнөөдөр валютын ханш ямар байгаа билээ.  Гэхдээ бид оновчтой сайн технологийг зөв цагтаа ашиглаж сурах хэрэгтэй байна. Илүүдэл цахилгааныг дулаан болгох төхөөрөмжийг яагаад Монголдоо үйлдвэрлэж болохгүй гэсэн бодол төрсөн. Гэвч маш нарийн технологи бүхий энэ төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, ноу-хаугаа германчууд зүгээр нэг ашиглуулахгүй нь тодорхой.  Тэгэхээр бид худалдан авч иргэддээ нийлүүлэх болж таарна. Өнөөдрийн байдлаар 88 мянган өрх гэрт амьдарч гал түлж байгаа гэх хамгийн сүүлийн судалгаа байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж байна. Гэрт амьдарч буй 88 мянган өрхийг эко тулгат төхөөрөмжөөр хангахад нэлээд их хэмжээний хөрөнгө  шаардлагатай.

-Асар их мөнгөн дүн гарна. Эдийн засгийн хямралтай үед  утаанаас салах байсан ч тэр их хөрөнгийг гаргана гэж байхгүй биз дээ?

-Агаарын бохирдлыг бууруулах ажил нэг компани, нэг байгууллага, албан тушаалтны хийх ажил биш. Төрийн байгууллагууд нэг зорилго, нэг санаа, бодлоготой байж тэмцэнэ. Сүүлийн зургаан жил Цэвэр агаар сангаар дамжуулан агаарын бохирдлыг бууруулахад 135 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ асар их мөнгө агаарт утаа болсоор л байгааг харж байна. Мэдээж нэг жилийн хугацаанд 135 тэрбумыг гаргаад  гэрт амьдардаг бүх айлыг  гал түлэхгүй болгоно гэж байхгүй. Мөнгөгүй гээд утаандаа хордоод суухыг ч хүсэхгүй. Тэгэхээр үе шаттайгаар айл өрхийг гал түлэхгүй эко төхөөрөмжтэй болгож болно. Энэ ажлыг хүндрэлгүй шийдчих  гарц байна уу гэвэл байна.

-Тухайлбал?

-Энэ жил агаарын бохирдлыг бууруулахад 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгөөр хэчнээн айл өрхийг гал түлдэггүй болгох билээ. Гэтэл бид агаарын бохирдлын төлбөрөөр 25 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр байгаа. Үүнээс ердөө 5 тэрбумыг л агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар төсөвлөжээ. Агаар бохирдуулсныхаа төлөө хураалгаж байгаа татварын мөнгийг яагаад агаарын бохирдлыг бууруулахад нь 100 хувь зарцуулж болдоггүй юм бэ?

Ингэж чадвал урьдчилсан тооцоогоор 2017 онд 25 мянган айл өрхийн эко төхөөрөмжийн санхүүгийн асуудлыг шийдэж болохоор харагдаад байна.

-Нийслэлээс  агаарын бохирдлыг бууруулах шинэ техник технологи нэвтрүүлж шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Уг төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөж байгаа гэж байсан. Энэ төхөөрөмж таны яриад байгаа “Тулгат” төхөөрөмж мөн үү?

-Нийслэл эко тулгат төхөөрөмжийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаад би талархаж байна. Учир нь гал түлж утаа гаргахгүй гэдэг шийдэлд хүрсэн байна гэдэг шинэ ололт юм. Нийслэлийн Засаг дарга С.Батболд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүдтэй уулзаж цаг үеийн болон дүүргийн иргэдийн ахуй амьдрал, хөрөнгө оруулалтын талаар ярилцсан юм. Энэ үеэр би Герман инженерүүд Монголын нөхцөлд тохирсон цахилгааныг дулаан болгодог Тулгат нэртэй төхөөрөмж бүтээжээ. Үүнийг судалж үзвэл их зүгээр шинэ технологи байна. Үнэ өртөг нь өндөр ч хүрэх үр дүн нь сайн. Энэ төхөөрөмжийг иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлбэл ямар байна. Хөрөнгө санхүүгийн боломжийг шийдэх гарц гаргалаа олдож таараа  гэж хэлсэн. Үүний дараа хотын дарга “Монватт” компанийн герман инженерүүдтэй уулзсан байна лээ.  Агаарын бохирдлыг бууруулах ажилд хамгийн сүүлийн шилдэг техник технологийг ашиглах цаг болсон. Энэ ажлыг эхлүүлж байна гэдэг нь чухал юм.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mangar
hudlaa baahan zuuh yrij shahdag ter zuuhand chini mun l nuguu tyldeg yumaa l tuleed gardag utaa n garaad l bn,mungu luivardah erh medeltnuud boroonii daraah muug shig boljdee!
2016/11/15 202.126.89.199
dunhuu
heden ter bumaar n jiliin jild tusuv neriin dor zuvchuulaad l baih yum ,agaariin bohirdol ulam l ihseed bn,unuu oroi garaad yvaad uz hooloi am uvduh baitugai 2 hun hoorondoo murguljduj bertej bn!
2016/11/15 202.126.89.199
nana
ehleed yaj bohirdliig buuruulah ve gedeg tehnoligoo bolovsruulah heregtei zuuh taraagaad nemergui l bnadaa
2016/11/15 122.201.17.6
Зочин
Яаж бууруулах юм битгий тэнэгт, бас л идэх нь ээ.
2016/11/15 122.201.23.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment