8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Гурван настай хүүгийн амийг аварч, Интернэт банк ашиглан 14 сая төгрөг залилсан өдөр

2016-11-15 18:56:00

Өвлийн тэргүүн сарын нэгэн өдрийн нар аль хэдийнэ жаргажээ. Эрхэм уншигч таны энэ өдрийн амар амгаланг эрье. Гайхалтай мэргэн үг таныг аливаа үйлдэл хийхэд эсвэл өөрөөр бодож сэтгэхэд ч түлхэц болж болох юм. Тиймээс эрхэм уншигч танд дараах гайхалтай үгийг зориулж байна.  Эдгээр үгс таныг шинэ оны тухай бодоход хүргэх төдийгүй эдгээр үгсийг ухаалаг утас, дэлгэц, өглөө нүүрээ хардаг толь эсвэл ханан дээрээ бичиж наагаад өдөр тутам хэрэгжүүлэх мөрдлөг, зарчим ч болгож болно гэдгийг санаарай.

“Залуу хүмүүс өдөр бүр толинд харж байх ёстой. Сайхан харагдаж байгаа бол тэр гоо сайхнаа илүү явдлаар гутаахгүйг хичээ. Царай муутай харагдаж байгаа байвал тэр үзэмж дорой байдлаа зөв хүмүүжлээр засч чимэх хэрэгтэй”.

Нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн өнөөдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Эрхэм уншигч та тоймоо хүлээн авна уу. 

Ч.Хүрэлбаатар: "Эрдэнэт"-ийн захирлаар томилох хүн олдохгүй байгаа юм байна

 

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Уг тогтоолын төсөлд 2017 оны төсөв батлагдсантай холбогдуулан хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгож байгаа юм. Энэ хүрээнд бэлэглэлийн гэрээний бүртгэл болон бүртгэлийн байгууллага, нотариатын байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, чиг үүрэг давхардсан Засгийн газрын тусгай сангуудыг татан буулгах зэрэг олон үүрэг чиглэлийг тусгасан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Надад ирсэн мэдээллээр ирэх оны 4 дүгээр сарыг хүртэл "Эрдэнэт"-ийн одоогийн захирал ажлаа хийнэ гэж байна. Шинэ захирал томилогдох уу үгүй юу? Томилох бол хэзээ томилох вэ гэж асуулаа. 

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хариулахдаа: Өнөөдрийн хувьд хэн "Эрдэнэт" -ийн ерөнхий захирал болох вэ гэдэг дээр нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Засгийн газар яаралтай томилъё гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ хэнийг томилох вэ гэдгзэ эхлээд шийдэх ёстой. "Эрдэнэт"-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр ч хуралдахад бэлэн. Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар томилох хүн тодорхой болмогц ТУЗ хуралдахад бэлэн байгаа.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:"Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар томилох хүн олдохгүй байгаа юм байна. Дараагийн асуудлаа хэлэлцье.

Энэ мэтчилэн асуулт хариулт өндөрлөсний дараа "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэхээр шилжүүлэв. Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан үүгээр өндөрлөв.

Сүүлийн хэд хоногт цас их хэмжээгээр орсноос нийт нутгийн 30 гаруй хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй болжээ. Ингэхдээ зуд тохиолдож болзошгүй аймгуудад Увс, Дорнод, Төв, Хэнтий, Дархан, Сэлэнгийн ихэнх сумд, Завханы хойд, Булганы зүүн өмнөд, Хөвсгөлийн баруун хэсэг хамаарч байна.

Сэрэмжлүүлэг: Шөнөдөө 42-47 градус хүрч, цочир хүйтэрнэ

Мөн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээллээр арваннэгдүгээр сарын 17-25-ныг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн болох төлөв гарчээ.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, арваннэгдүгээр сарын 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа аж.

Мөн арваннэгдүгээр сарын 17-нд нутгийн хойд хэсэг, цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Увс нуур, Идэр, Туул голын хөндий, Дархадын хотгороор -42-47 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35-40 градус хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, дулааны хангамжид хүндрэл учруулах онцгой нөхцөл байдал бүрдэж байгааг анхаарууллаа.

Одоогийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Тэшиг, Хангал сум, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Хөлөнбуйр сум, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Тэс, Түдэвтэй сум, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхонтуул, Орхон, Түшиг сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Сагил, Түргэн сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цагааннуур, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сум, Хэнтий аймгийн Баян-Адарга, Батноров, Биндэр, Өмнөдэлгэр, Норовлин сумын нутгаар цасны зузаан 11-20 см (нягт 0.10-0.30 гр/см3), Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Ерөө, Цагааннуур, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Цагаанхайрхан сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Хатгал сум, Хэнтий аймгийн Дадал сумын нутгаар цасны зузаан 21-40 см (нягт 0.12-0.28 гр/см3)-т хүрсэн байна.

Монголд ажилладаг орос эр гурван настай хүүгийн амийг аварчээ

Эл явдал өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд Орос эр Ховд голыг гатлахаар гүехэн устай татам хайж явжээ. Ингээд нэг газар олж голыг хөндлөн гарсан байна. Түүнийг харсан нутгийн нэгэн залуу гурван настай хүүгийнхээ хамт араас нь гол гатлахаар орсон аж. Гэтэл золгүй явдал болж, эцэг хүү хоёул живжээ. Тухайн үед гол хүмүүс живж байгааг мэдсэн П.Диндиенко тэр даруй гол руу буцан орж гурван настай хүүг эрэг дээр гаргаж чадсан гэнэ. Харамсалтай нь энэ хооронд эцэг нь живж амиа алджээ. Голын татамны доохнотой 6 метр гүн цүнхээл байж таарсан нь золгүй явдал гаргахад хүргэсэн байна. Гэсэн ч зориг самбаа гарган гурван настай хүүгийн амийг аварсан орос эрийг Онцгой байдлын алба зүй ёсоор үнэлж, зохих хүндэтгэлийг үзүүлжээ.  

Интернэт банк ашиглан 14 сая төгрөг залилжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид манай улсын нэгэн арилжааны банкны интернэт банк ашигладаг хэрэглэгчдийн дансанд нэвтэрч, мөнгийг нь хууль бусаар шилжүүлж авсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал, 14 сая төгрөгийн хохиролтой, 14 хохирогчтой тус хэрэгт сэжиглэн бүлэг этгээдийг шалгаж эхэлсэн байна. Энэхүү хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн харъяат, эрхэлсэн ажилгүй, 23 настай Б, Хан-Уул дүүргийн харъяат, 22 настай Б, Сонгинохайрхан дүүргийн иргэн, 25 настай Г нарыг сэжигтнээр татсан байна. Мөн БНХАУ-ын Эрээн хотод ажилладаг 24 настай М, Баянгол дүүрэгт оршин суудаг, 23 настай, эмэгтэй Э нарыг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж байгаа аж. 

Хөвсгөл далайд машин осолджээ

Өнөөдөр өглөө 09.00 цагийн үед Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлагын төвд Хөвсгөл аймгийн Түнэл суманд орших Цэнгэл нууранд шатахуун тээвэрлэх зориулалттай автомашин осолдсон тухай дуудлага иржээ. Уг ослын талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар уг осолдсон машин дотор хэдэн хүн байсан талаар мэдээлэл хараахан ирээгүй байгаа аж. Мөн жолооч нь амьд эсэх талаарх мэдээллийг хараахан аваагүй байга гэж Б.Ууганбаяр дарга хэллээ. Уг том оврын машин 4 метрийн гүнд  орсон бөгөөд автомашины кабины хэсэг харагдаж байгаа юм байна. Тус машин нь шатахуун тээвэрлэх зориулалттай ч осолдох үедээ шатахуунгүй явж байсан байна.Ослын газар дээр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна. 

ХДХВ-тэй 11 ээжээс халдваргүй хүүхэд төржээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр  “Бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгууллаа. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

 "Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment