8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрх баригчдын зөрчил “Эрдэнэт”-ийн захирлын томилгоонд саад учруулж байна уу

2016-11-16 08:51:00

 “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын асуудлаар дээр, дооргүй бужигнаж байсан үе саяхан. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн эхлүүлсэн дажингаар Засгийн газраас ажлын хэсэг гарч “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг шалгасан ч олигтой дүгнэлт ч үгүй таг чиг болсон.

Тодруулбал, Засгийн газраас “49 хувийн хувьчлал хууль зөрчсөн байж болзошгүй байна” гэх ганц өгүүлбэр дүгнэлт гаргаад л өнгөрснөөс бус яг яаж хууль зөрчсөн, цаашид ямар арга хэмжээ авах эсэхээ ч танилцуулаагүй. Бүр сүүлдээ ганц дуугарч байсан Ц.Нямдорж гишүүн нь бүлх залгисан мэт чимээгүй боллоо. Түүний гэнэт дуугүй болсон шалтгаан нь хүмүүсийн дунд янз бүрийн хардлагыг төрүүлж байгаа. Тухайлбал, Ц.Нямдорж өөрийн хүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн захиралд томилуулах тохироог хийсэн учраас чимээгүй боллоо гэх яриа байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дээрх мэдээллийг үгүйсгэсэн сүрхий хоржин үгийг чуулганы хурлын үеэр хэлсэн.  

Ямартай ч Эрдэнэт үйлдвэр өнөөдөр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Харин булхай, луйвар орсон гэх хувьчлалын асуудлыг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тус үйлдвэрт төр болон хувийн хэвшлийн аль, аль нь ТУЗ-аа томилон ажиллуулж байгаа.

Харин одоо тус үйлдвэрт хэн захирлаар томилогдох эсэх нь олны анхаарлыг татаж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бараг хагас сарын өмнө “Эрдэнэт”-ийн захирлыг өнөө, маргаашгүй томилно гэж мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл томилоогүй л байна. Харин ч уг асуудлыг дөрвөн сар хүртэл хойшлуулж магадгүй байгаа аж.

Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын мэдэгдэж буйгаар тус үйлдвэрийн захирлаар томилчих хүн МАН-д байхгүй гэнэ.

Өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Гэтэл хэлэлцэж буй асуудлаас тэс өөр холбогдолгүй зүйлийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гэнэт ярьж хурлын уур амьсгалын тас цохиж орж ирсэн нь “Эрдэнэт”-ийн захирлыг томилох тухай байв. Тэрбээр ”Надад ирсэн мэдээллээр ирэх оны 4 дүгээр сарыг хүртэл "Эрдэнэт"-ийн одоогийн захирал ажлаа хийнэ гэж байна. Шинэ захирал томилогдох уу үгүй юу? Томилох бол хэзээ томилох вэ” гэж  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаас асуусан юм.  

Үүнээс үзвэл “Эрдэнэт”- ийн захирлыг томилох эсэх асуудал түүнд маш чухал байгаа бололтой юм. Угтаа бол Ц.Нямдорж тус үйлдвэрийн захиралд хэнийг, хэзээ томилох багацаатай л яваа. Харин энэ удаа зориудаар олон нийтийн анхаарлыг татаж энэ асуудлыг сөхсөн нь ямар нэгэн шалтгаантай болов уу. Ямартай ч зориуд сөхсөн асуултанд нь Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат барьж алдан“Өнөөдрийн хувьд хэн "Эрдэнэт" -ийн ерөнхий захирал болох вэ гэдэг дээр нэгдсэн шийдэлд хүрээгүй байнаЗасгийн газар яаралтай томилъё гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ хэнийг томилох вэ гэдгээ эхлээд шийдэх ёстой. "Эрдэнэт"-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр ч хуралдахад бэлэн. Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар томилох хүн тодорхой болмогц ТУЗ хуралдахад бэлэн байгаа” гэсэн хариултыг өгсөн юм.

Угтаа бол түүний хэлж буй мэдээлэл худлаа л даа. Бүхэл бүтэн эрх барьж буй намд “Эрдэнэт” үйлдвэрийн захиралд томилчихоор дайны боловсон хүчин байхгүй байв гэж дээ.

Тэгэхээр Ж.Мөнхбатын хэлсэн үг худал болох нь тодорхой. Харин МАН-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын суудлыг булаацалдаж дотроо хэмлэлцэж буй нь илүү үнэнд нийцэх болов уу. Эрх баригчдын эрх ашиг “Эрдэнэт”-ийн захирал дээр тодорч бүгд өөр, өөрсдийн хүнийг томилуулахаар үзэж, тарж цаг барж байгаа бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус үйлдвэрийн захиралд МАН доторх хотын фракцаас хуучин захирал асан Ч.Ганзоригийг, Сү.Батболд болон С.Баярын фракцаас Эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг, Ц.Нямдорж толгойтой Увсын фракц Г.Алтанг зүтгүүлж байгаа гэх. Эдгээрээс аль нь өөрийн хүнээ Эрдэнэтийн захирлаар томилуулж чадна, тэдний санхүүгийн асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн үг. Томчууд нь захирлын суудлын төлөө “алалцаж” байх хооронд залуучуудын фракц нь дэд захирал, хангамжийн алба, санхүү хариуцсан захирал зэрэг албан тушаалд хүмүүсээ томилуулахаар улайрч байна. Хэн “Эрдэнэт”ийн захиралд өөрийн хүнээ томилуулна тэр хүн ирэх жилүүдэд фракцийн гишүүдийнхээ хамтаар цатгалан байх боломж бүрдэнэ.

Шинэ Засгийн газар гарсан гэсэн утгаараа “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин захирлыг ажлаас нь чөлөөлж МАН-ынхан өөрийн хүнийг томилох нь тодорхой. Гэхдээ одоогоор тус намд “Эрдэнэт”-ийн захирлаар томилогдчих хүн байхгүй биш байлгах бололцоог олголгүй дайтаж байгаа бололтой. Тэгэхээр МАН-ын томчууд жинхэнэ утгаараа энэ албан тушаалд шуналын сэтгэлээр хандах нь дамжиггүй юм. Олгой хагаравч тогоондоо гэгчээр МАН доторх фракцууд Эрдэнэтийн удирдлагаас болж “дайтаж” байгаа ч үүнийгээ “хүний нөөцийн хувьд нэгдсэн шийдэлд хүрээгүй байна” хэмээн зөөлхөн мэдээлсэн нь энэ.

Тиймээс энэ өрсөлдөөн Ц.Нямдоржийн хэлсэнээр ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл сунжрах магадлал өндөр байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment