8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Галт: Хальтиргаа, гулгаанаас болж өдөрт 250-300 хүн бэртэж гэмтэж байна

2016-11-16 09:31:00

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарлаа. Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад нийслэл хотын хувьд цас их унасан гэдгийг Цаг уурын байгууллагынхан онцолж байна. Цас их орсноос гудамж талбайд хальтиргаа гулгаа үүсч, иргэд явган явахад хэцүү, замын хажуугийн хашлагаас барьж арай ядан явна. Ийм л дүр зургийг нийслэлийн гудамж талбайн өнцөг булан бүрээс харж болно. Өдөртөө бага зэргийн хайлсан цас шөнийн хүйтэд хөлдөж өглөөгүүр “мөсөн” зам татуулж байна. Өглөө ажилдаа явахаар автобусны буудалд дээр 10 гаруй минут унаа хүлээх зуур иргэдийг хэсэг ажиглав. Төв зам дагуу болоод ч тэр үү хүний хөл хөдөлгөөн их байлаа. Өглөө эрт ажил, сургуульдаа  яарсан залуус, хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр алхаж байгаа эцэг, эхчүүд цуваа үргэлжилсээр. Энэ хугацаанд нэлээд олон хүн хальтирч, зарим нь унаж байх юм. Хальтирч унаад ямар нэгэн бэртэл, гэмтэл авахгүй л бол гар, хөлөө барьж хувцсаа гөвсөөр цааш алхах аж.  Нийслэл хотын нэгээхэн хэсэг болсон автобусны ганцхан буудалд дээр түр зуур зогсоход нэлээд олон хүн хальтирч унаж байгаа юм чинь өдөрт нийслэл хотын хэмжээнд хэчнээн хүн унаж бэртсэн гэсэн дуудлага Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд ирж байгаа бол.  Энэ талаар сурвалжлахаар ГССҮТ-ийг зорьсон юм. Тус төвд ачаалал их байгаа нь илт байв. Үзлэгийн өрөө болгоны үүдэнд оочир, дугаар үүссэн байлаа. Ингээд өдөрт хэчнээн хүн ирж байгаа талаар ГССҮТ-ийн Их эмч С.Галтаас тодрууллаа.

С.Галт: Хальтиргаа, гулгаанаас болж өдөрт 250-300 хүн бэртэж гэмтэж байна

-Танай төвд халтиргаанаас үүдсэн дуудлага хэр их ирж байна вэ. Нэлээд ачаалалтай байх шиг байна?

-Энэ жилийн хувьд харьцангуй эрт хүйтэрлээ. Үүнээс үүдэн иргэдийн явганаас хальтирч унаж гэмтэх, бэртэх тохиолдол нэлээд ихэссэн. Өнөөдрийн байдлаар манай төвд хальтирч гэмтлээ гэсэн дуудлага нэлээд ирсэн. Мөн зам тээврийн ослын дуудлага нэмэгдсэн.  Ерөнхийдөө ачаалал их байна.

-Өдөрт хэчнээн хүн ирж байна вэ. Энэ жилийг өмнөх мөн үетэй харьцуулахад ямар үзүүлэлт гарч байна вэ?

-Энэ жилийн хувьд харьцангуй ихэссэн. Манай төвийн өдрийн нэг ээлжид таван эмч ажилладаг. Оройн ээлжид мөн тооны эмч ажиллаж байна. Нэг эмчид 30-50 хүн үзүүлж байна. Арван эмч нийтдээ 300-500 хүн үзэж байна. Үүний 250-300 хүн халтиргаа, гулгаанаас болж бэртэж гэмтсэн байна. Өмнөх жилүүдэд хальтирч унаад гэмтсэн хүний тоо арай бага байсан. 

-Иргэдийн дийлэнх нь хаанаа илүү их бэртэл, гэмтэл авсан байдалтай ирж байна вэ?

-Тархи толгой, гавлын ясны бэртэл нэлээд байдаг. Бусад яс, үе мөчний гэмтэл түгээмэл байна.  Мөн цээж, хэвлийн битүү гэмтэл, яс хугарах нь эрс нэмэгддэг. Тухайлбал, явганаас унасан тохиолдолд хөлийн шагайны яс, дотор болон гадуур хавчуур яс нэлээд гэмтдэг. Мөн гараараа тулж унасан тохиолдолд гарын бугуйнаас доогуурх яс хугарч, гэмтдэг. 

-Насны хувьд хэдээс хэдэн насныхан их байна вэ?

-Өндөр настан болон бага насныхан түлхүү унаж бэртэж байна. Өглөө, орой ажил, сургууль тарах, эхлэх үед иргэд гэмтэж бэртэх нь их.

-Иргэд хандаж юу гэж анхааруулмаар байна вэ?  

-ААН-үүд цас орсны дарай ойр орчмоо цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэх шаардлагатай байна. Ингэж цэвэрлээгүйгээс үүдэн иргэд хальтирч унаж бэртэх тохиолдол гарч байна. Иргэд ч өөрсдөө хэлдэг. Тиймээс хаана хаанаа анхааралтай болгоожтой байх хэрэгтэй. Мөн жолооч нар хурд хэтрүүлэх, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн зам тээврийн осол гэмтэл их гарч байна. Мөн явган зорчигч нар өөрсдөө анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.  

Ийнхүү эмчийн хэлсэн тооны иргэд өдөрт зөвхөн хальтиргаанаас болж, гэмтэл авч байна гэхээр харамсалтай. Тиймээс бид иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Иргэн С.Аз: Гөлгөр хавтангаар явган хүний зам хийсэн нь маш буруу шийдэл

-Цас орсоны улмаас хальтарч, бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй байна. Тиймээс харьяа дүүргүүд хариуцсан зам талбайнхаа цасыг цаг тухайд нь цэвэрлэх шаардлагатай байна. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр санагдлаа. Манай орны уур амьсгалд тохирохгүй, гөлгөр хавтангаар явган хүний зам хийсэн нь маш буруу шийдэл. Үүнээс болж иргэд бэртэж, гэмтэн эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байна. Тухайн явган хүний замын цасыг цэвэрлэсэн ч гэсэн ямар ч ялгаа байхгүй. Учир нь хүйтний улиралд тухайн зам хөлдөөд, түүн дээр нь цас орчихоор хальтаргаа нь дээд цэгтээ хүрдэг.

Сүхбаатар дүүргийн иргэн Ж.Баярмаа: Явган явахад их хэцүү байна

-Зарим газраас гулгаа маш их байна. Явган явахад их хэцүү байна.  Цас орсон дарай цэвэрлэж байх хэрэгтэй.  Тэгэхгүй бол цас орсон үед явган хүний зам мөсөн “гулгуур” болж байна. Зарим алслагдсан гэр хороололд бүр хэцүү. Хүүхдүүд цэцэрлэг, сургуульд явахдаа унаж гэмтэж, бэртэж байна.  

Иргэн Т.Баяр: Зам дээр хальтирч унах бол энгийн үзэгдэл болж

-Гудамж талбайд алхахад үнэхээр хэцүү байна. Аргаа барсандаа хүмүүс хашлага түшээд алхаж байна шүү дээ. Бүгд л бээцэгнэсэн, хэн нэгнээсээ сугадсан, хашлаганаас түшсэн ийм байдалтай л явдаг. Зам дээр хальтирч унах бол энгийн үзэгдэл болж.  Уг нь ААН-д ойр орчмынхоо 50 метр талбайг цэвэрлэх үүрэгтэй юм билээ. Хэрвээ явган хүн тухайн байгууллагын ойр орчимд хальтирч унаж гэмтсэн тохиолдолд эмчилгээний зардлаа гаргуулах ёстой байдаг гэсэн. Гэтэл иргэд энэ талаар тэр бүр мэддэггүй болохоор ААН-д хариуцлага хүлээддэггүй юм шиг санагддаг. 

Иргэд ийнхүү сэтгэгдлээ хуваалцлаа. Аль нэгэн байгууллагын харгалзах талбайд иргэн халтирч унаад бэртэл авсан тохиолдолд тухайн байгууллага хариуцах ёстой. Мөн тухайн иргэдийн эмчилгээний төлбөрийг даана гэсэн байдаг.  Гэтэл тухайн байгууллагын зүгээс “Бид хариуцах ёсгүй. Болгоомжтой яв" гэх зэргээр асуудлыг өөрсдөөсөө холдуулдаг талаар ч иргэд ярьж байсан юм. Энэ талаар бид эргэн мэдээллэх болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/11/16 103.57.95.40
Hi
Ene hotiin darga odoo yugaa hgd bga yum beee tsas musuu ch tsewerlvvlkv ogtsoruul taarna
2016/11/16 141.0.15.230
  • Recent
  • Most Read
  • Most Comment