Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Цэнгэл” нууранд иргэн Б-гийн Зил-130 автомашин живсэн тухай дуудлага өчигдөр 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Хөвсгөл аймаг дахь онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 10 албан хаагч ажиллаж живсэн автомашиныг оройн 18:00 цагийн орчимд татан гаргажээ. Түнэл сумын иргэн Ц.Баттулга, Д.Нямбаяр, Б.Гэрэлчулуун нар өвөлжөөнөөс өвс татахаар явж байгаад нуурын мөс цөмөрч автомашин нь живсэн байна. Цэнгэл нуур нь 25-30 метрийн гүнтэй, хужиртай нуур юм. Нуур бүхэлдээ цасаар хучигдсан байсан тул дээрхи иргэд нууран дээр явж байгаагаа мэдэлгүй ийнхүү мөсөнд цөмөрчээ. Машины хойд хэсгийн мөс эхэлж цөмөрсөн учраас иргэд бүхээгнээс гарч амжжээ.
Автомашин эргээсээ 40, дөрвөн метрийн гүнд живсэн байна. Усчин аврагчид нийт зургаан цаг ажиллаж усан дор 40 метр газрыг гудамжлан цөмөлж, живсэн автомашиныг троссоор холбон татаж гаргажээ. Уг машин нь шатахуун тээвэрлэх зориулалттай ч ослын үеэр шатахуунгүй явж байсан юм.
Т.Энхэлээ