8o
Улаанбаатар хот
mobile menu

Р.Амаржаргал: Намын даргаас илүү дотоод ардчилал чухал

2016-11-16 16:43:00

ТӨРИЙН ОРДНООС 

АН-ын ҮЗХ-ны хурал дөнгөж сая Төрийн ордны Их танхимд эхэллээ. Хуралдааны өмнө УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалаас өнөөдрийн хуралдааны талаар ямар байр, суурьтай байгааг нь сонслоо. 

- Өнөөдрийн ҮЗХ-ны хуралдаанаас ямар дүн гараасай гэж хүсч байна вэ? 

- Үндэсний зөвлөлдөх хороог шинэчлэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Шинэчилдэг механизм нь бүх хүнийг хамардаг бол зүгээр байгаа юм. Тухайлбал, УИХ, орон нутгийн сонгуулиар ҮЗХ нь автоматаар шинэчлэгддэг байх хэрэгтэй. Манай намын өнөөгийн дүрэмд ийм зүйлийг оруулж өгөөгүй. Тийм болохоор аль нэгэн хүнийг ҮЗХ-нд бүх насаар нь дархалчихдаг юм шиг зөрчил бий. Сүүлийн үед би нэг л зүйлийг ярьж байгаа. Өнөөдөр АН-д хамгийн тулгамдсан асуудал бол намын дотоод ардчилал. Магадгүй жил, таван жилийн дараа тэс өөр зүйлийг ярьж болно. Таван жилийн өмнө ч бид өөр асуудалтай л тулгарч байсан. Өнөөдрийн хувьд хамгийн чухал зүйл бол намын дотоод ардчилал. Намын дотоод ардчилалыг бэхжүүлэх асуудал юу байна. Өнөөдөр үг хэлэх болон намын дүрэмд өөрчлөлт оруулах хүмүүс эсвэл ямар нэгэн фракц,хөдөлгөөнийнхөн энэ өнцгөөс асуудлыг хараасай. Миний ярьж буй үг үйл хөдлөл намын дотоод ардчилалыг бэхжүүлж байна уу эсвэл ямар нэгэн байдлаар саад тотгор болж байна уу гэдгийг харах хэрэгтэй. Эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн дархлагдсан байдлыг баталгаажуулаад байна уу, салхи оруулах бололцоог хангаж өгөх үү гэдэг өнцгөөс асуудлыг харах ёстой. Энэ бүхэн намын дүрэмд тусгагдах ёстой. Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар намын дүрмийг шинэчлэх ёстой юм. Энэ талаар хувилбар гаргаж ирээд түүнийгээ нийт гишүүнээр хэлэлцүүлээд явуулъя гэсэн шийдвэр гаргачихвал болж байна. Мөн Их хурлаар намын дүрмийг батлана. Энэ утгаараа намын Их хурлыг хуралдуулах түүнд бэлтгэх ажлын хэсгийг байгуулна.Ингээд хоёр ажлын хэсэг байгуулчихвал энэ ҮЗХ-ны хурал түүхэн үүргээ гүйцэтгэж байна аа л гэсэн үг.

- Намын даргыг ямар шалгуураар сонгох ёстой гэж бодож байна вэ?

- Миний хувьд хамгийн чухал асуудал бол намын дотоод ардчилал. Намын даргыг сонгох асуудал нь дотоод ардчилалаар явагдах уу, үгүй юу. Мөн дотоод ардчилалыг бэхжүүлж өгөх нь үү, үгүй юу гэдгийг харуулж өгөх байх. Энэ утгаараа хамгийн найдвартай арга бол нийт гишүүдийн дунд сунгаа зохион байгуулаад бусад гишүүдээр нь даргыг сонгуулах нь зүйтэй байх.

- Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-Надаас ондоо сонирхолтой түмэн хүн байна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment