8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Н.Алтанхуягийн төрсөн дүүг хилээр гарахыг хориглож, АН-ын ҮЗХ болсон өдөр

2016-11-16 18:40:00

Сэрэмжлүүлэг өгсөн  хүйтэн өдрүүд айсуй. Маргаашнаас эхлээд энэ сарын 24-ны өдрийн хүртэл цас орж, цасан шуурга шуурна гэсэн тул малчид ард иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Бичин жилд зуд болдог гэсэн ам дамжсан яриа малчдад төдийгүй монголчуудад сэрэмжлүүлэх дохио өгч байна. Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. Маргааш өдөр Завхан, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Говь-Алтай, Булган, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна гэсэн мэдээлэлийг албаныхан өгч байна. Цасан шуурга шуурсан үед үзэгдэх орчин хязгаарлагдмал байдаг тул бага насны хүүхдийг хол хээр малд явуулахгүй байхыг зөвлөж байна. Ингээд та бүхэн минь маргаашнаас эхлэн дулаан хувцасаа өмсөөрэй. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

ҮЗХ-ны хурал ширүүн уур амьсгал дунд болж байна

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хуралдаан нилээн ширүүн уур амьсгал дунд өрнөж буй бололтой. Хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал зөрөлдсөн гишүүд хэрүүл, маргаан болж буй бөгөөд хэлэлцэх асуудал руугаа ч ороогүй гэнэ. Үүнээс үзвэл ҮЗХ-ны хурал нилээн оройтож тарах бололтой. 

Өнөөдрийн хуралдаанаар  арванхоёрдугаар сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулаад тарах юм. 

"Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдэг зүйл байхгүй"

УИХ-ын гишүүн Я.Санжмятав Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны талаар ингэж байр, сууриа илэрхийллээ. 

"Намын дүрмийн хар зураг гарсан. ҮЗХ-ны хурлаар намын даргыг томилох нь буруу юм. Тиймээс Их хурлаас сонгоно, арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурал хугацаа тулсан учраас орон нутагт ажиллаж, намын гишүүддээ мэдээллээ хүргэж чадахгүй байна. Ардчилсан намын шинэчлэгдсэн дүрмийн хүрээнд намын даргад нэр дэвшиж байгаа хүн Их хурал дээр нэр дэвшээд хөтөлбөрөө танилцуулаад гардаг биш, орон нутгаар явж намын гишүүдээсээ санал аваад сунгаа зохион байгуулаад өндөр санал авсан хүнийг Их хурлаар оруулж баталгаажуулья гэсэн бодлоготой байна.  Сунгаанд нэр дэвших нээлттэй. Намын даргаар сонгогдсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдэг зүйл байхгүй. Ардчилсан намын даргаар сонгогдож байгаа хүн дараагийн Ерөнхийлөгчийг АН-аас гаргана гэж очихоос биш би дараагийн Ерөнхийлөгч болно гэсэн зүйл байхгүй байх. Намын даргын сунгаа болоод нэгдүгээр сарын 20 хавьцаа сонгогдох байх” гэлээ.

Р.Амаржаргал: Намын даргаас илүү дотоод ардчилал чухал

АН-ын ҮЗХ-ны хурал дөнгөж сая Төрийн ордны Их танхимд эхэллээ. Хуралдааны өмнө УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалаас өнөөдрийн хуралдааны талаар ямар байр, суурьтай байгааг нь сонслоо. 

- Өнөөдрийн ҮЗХ-ны хуралдаанаас ямар дүн гараасай гэж хүсч байна вэ? 

- Үндэсний зөвлөлдөх хороог шинэчлэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Шинэчилдэг механизм нь бүх хүнийг хамардаг бол зүгээр байгаа юм. Тухайлбал, УИХ, орон нутгийн сонгуулиар ҮЗХ нь автоматаар шинэчлэгддэг байх хэрэгтэй. Манай намын өнөөгийн дүрэмд ийм зүйлийг оруулж өгөөгүй. Тийм болохоор аль нэгэн хүнийг ҮЗХ-нд бүх насаар нь дархалчихдаг юм шиг зөрчил бий. Сүүлийн үед би нэг л зүйлийг ярьж байгаа. Өнөөдөр АН-д хамгийн тулгамдсан асуудал бол намын дотоод ардчилал. Магадгүй жил, таван жилийн дараа тэс өөр зүйлийг ярьж болно. Таван жилийн өмнө ч бид өөр асуудалтай л тулгарч байсан. Өнөөдрийн хувьд хамгийн чухал зүйл бол намын дотоод ардчилал. Намын дотоод ардчилалыг бэхжүүлэх асуудал юу байна. Өнөөдөр үг хэлэх болон намын дүрэмд өөрчлөлт оруулах хүмүүс эсвэл ямар нэгэн фракц,хөдөлгөөнийнхөн энэ өнцгөөс асуудлыг хараасай. Миний ярьж буй үг үйл хөдлөл намын дотоод ардчилалыг бэхжүүлж байна уу эсвэл ямар нэгэн байдлаар саад тотгор болж байна уу гэдгийг харах хэрэгтэй. Эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн дархлагдсан байдлыг баталгаажуулаад байна уу, салхи оруулах бололцоог хангаж өгөх үү гэдэг өнцгөөс асуудлыг харах ёстой. Энэ бүхэн намын дүрэмд тусгагдах ёстой. Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар намын дүрмийг шинэчлэх ёстой юм. Энэ талаар хувилбар гаргаж ирээд түүнийгээ нийт гишүүнээр хэлэлцүүлээд явуулъя гэсэн шийдвэр гаргачихвал болж байна. Мөн Их хурлаар намын дүрмийг батлана. Энэ утгаараа намын Их хурлыг хуралдуулах түүнд бэлтгэх ажлын хэсгийг байгуулна. Ингээд хоёр ажлын хэсэг байгуулчихвал энэ ҮЗХ-ны хурал түүхэн үүргээ гүйцэтгэж байна аа л гэсэн үг.

- Намын даргыг ямар шалгуураар сонгох ёстой гэж бодож байна вэ?

Миний хувьд хамгийн чухал асуудал бол намын дотоод ардчилал. Намын даргыг сонгох асуудал нь дотоод ардчилалаар явагдах уу, үгүй юу. Мөн дотоод ардчилалыг бэхжүүлж өгөх нь үү, үгүй юу гэдгийг харуулж өгөх байх. Энэ утгаараа хамгийн найдвартай арга бол нийт гишүүдийн дунд сунгаа зохион байгуулаад бусад гишүүдээр нь даргыг сонгуулах нь зүйтэй байх.

- Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-Надаас ондоо сонирхолтой түмэн хүн байна. 

Эрх баригчдын зөрчил “Эрдэнэт”-ийн захирлын томилгоонд саад учруулж байна уу

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын асуудлаар дээр, дооргүй бужигнаж байсан үе саяхан. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн эхлүүлсэн дажингаар Засгийн газраас ажлын хэсэг гарч “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг шалгасан ч олигтой дүгнэлт ч үгүй таг чиг болсон.

Тодруулбал, Засгийн газраас “49 хувийн хувьчлал хууль зөрчсөн байж болзошгүй байна” гэх ганц өгүүлбэр дүгнэлт гаргаад л өнгөрснөөс бус яг яаж хууль зөрчсөн, цаашид ямар арга хэмжээ авах эсэхээ ч танилцуулаагүй. Бүр сүүлдээ ганц дуугарч байсан Ц.Нямдорж гишүүн нь бүлх залгисан мэт чимээгүй боллоо. Түүний гэнэт дуугүй болсон шалтгаан нь хүмүүсийн дунд янз бүрийн хардлагыг төрүүлж байгаа. Тухайлбал, Ц.Нямдорж өөрийн хүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн захиралд томилуулах тохироог хийсэн учраас чимээгүй боллоо гэх яриа байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дээрх мэдээллийг үгүйсгэсэн сүрхий хоржин үгийг чуулганы хурлын үеэр хэлсэн.  

Ямартай ч Эрдэнэт үйлдвэр өнөөдөр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Харин булхай, луйвар орсон гэх хувьчлалын асуудлыг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тус үйлдвэрт төр болон хувийн хэвшлийн аль, аль нь ТУЗ-аа томилон ажиллуулж байгаа.

Харин одоо тус үйлдвэрт хэн захирлаар томилогдох эсэх нь олны анхаарлыг татаж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бараг хагас сарын өмнө “Эрдэнэт”-ийн захирлыг өнөө, маргаашгүй томилно гэж мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл томилоогүй л байна. Харин ч уг асуудлыг дөрвөн сар хүртэл хойшлуулж магадгүй байгаа аж.

 

Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын мэдэгдэж буйгаар тус үйлдвэрийн захирлаар томилчих хүн МАН-д байхгүй гэнэ.

 

Өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Гэтэл хэлэлцэж буй асуудлаас тэс өөр холбогдолгүй зүйлийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гэнэт ярьж хурлын уур амьсгалын тас цохиж орж ирсэн нь “Эрдэнэт”-ийн захирлыг томилох тухай байв. Тэрбээр ”Надад ирсэн мэдээллээр ирэх оны 4 дүгээр сарыг хүртэл "Эрдэнэт"-ийн одоогийн захирал ажлаа хийнэ гэж байна. Шинэ захирал томилогдох уу үгүй юу? Томилох бол хэзээ томилох вэ” гэж  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаас асуусан юм.  Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

С.Галт: Хальтиргаа, гулгаанаас болж өдөрт 250-300 хүн бэртэж гэмтэж байна

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарлаа. Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад нийслэл хотын хувьд цас их унасан гэдгийг Цаг уурын байгууллагынхан онцолж байна. Цас их орсноос гудамж талбайд хальтиргаа гулгаа үүсч, иргэд явган явахад хэцүү, замын хажуугийн хашлагаас барьж арай ядан явна. Ийм л дүр зургийг нийслэлийн гудамж талбайн өнцөг булан бүрээс харж болно. Өдөртөө бага зэргийн хайлсан цас шөнийн хүйтэд хөлдөж өглөөгүүр “мөсөн” зам татуулж байна. Өглөө ажилдаа явахаар автобусны буудалд дээр 10 гаруй минут унаа хүлээх зуур иргэдийг хэсэг ажиглав. Төв зам дагуу болоод ч тэр үү хүний хөл хөдөлгөөн их байлаа. Өглөө эрт ажил, сургуульдаа  яарсан залуус, хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр алхаж байгаа эцэг, эхчүүд цуваа үргэлжилсээр. Энэ хугацаанд нэлээд олон хүн хальтирч, зарим нь унаж байх юм. Хальтирч унаад ямар нэгэн бэртэл, гэмтэл авахгүй л бол гар, хөлөө барьж хувцсаа гөвсөөр цааш алхах аж.  Нийслэл хотын нэгээхэн хэсэг болсон автобусны ганцхан буудалд дээр түр зуур зогсоход нэлээд олон хүн хальтирч унаж байгаа юм чинь өдөрт нийслэл хотын хэмжээнд хэчнээн хүн унаж бэртсэн гэсэн дуудлага Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд ирж байгаа бол.  Энэ талаар сурвалжлахаар ГССҮТ-ийг зорьсон юм. Тус төвд ачаалал их байгаа нь илт байв. Үзлэгийн өрөө болгоны үүдэнд оочир, дугаар үүссэн байлаа. Ингээд өдөрт хэчнээн хүн ирж байгаа талаар ГССҮТ-ийн Их эмч С.Галтаас тодрууллаа.

С.Галт: Хальтиргаа, гулгаанаас болж өдөрт 250-300 хүн бэртэж гэмтэж байна

-Танай төвд халтиргаанаас үүдсэн дуудлага хэр их ирж байна вэ. Нэлээд ачаалалтай байх шиг байна?

-Энэ жилийн хувьд харьцангуй эрт хүйтэрлээ. Үүнээс үүдэн иргэдийн явганаас хальтирч унаж гэмтэх, бэртэх тохиолдол нэлээд ихэссэн. Өнөөдрийн байдлаар манай төвд хальтирч гэмтлээ гэсэн дуудлага нэлээд ирсэн. Мөн зам тээврийн ослын дуудлага нэмэгдсэн.  Ерөнхийдөө ачаалал их байна.

-Өдөрт хэчнээн хүн ирж байна вэ. Энэ жилийг өмнөх мөн үетэй харьцуулахад ямар үзүүлэлт гарч байна вэ?

-Энэ жилийн хувьд харьцангуй ихэссэн. Манай төвийн өдрийн нэг ээлжид таван эмч ажилладаг. Оройн ээлжид мөн тооны эмч ажиллаж байна. Нэг эмчид 30-50 хүн үзүүлж байна. Арван эмч нийтдээ 300-500 хүн үзэж байна. Үүний 250-300 хүн халтиргаа, гулгаанаас болж бэртэж гэмтсэн байна. Өмнөх жилүүдэд хальтирч унаад гэмтсэн хүний тоо арай бага байсан. 

-Иргэдийн дийлэнх нь хаанаа илүү их бэртэл, гэмтэл авсан байдалтай ирж байна вэ?

-Тархи толгой, гавлын ясны бэртэл нэлээд байдаг. Бусад яс, үе мөчний гэмтэл түгээмэл байна.  Мөн цээж, хэвлийн битүү гэмтэл, яс хугарах нь эрс нэмэгддэг. Тухайлбал, явганаас унасан тохиолдолд хөлийн шагайны яс, дотор болон гадуур хавчуур яс нэлээд гэмтдэг. Мөн гараараа тулж унасан тохиолдолд гарын бугуйнаас доогуурх яс хугарч, гэмтдэг. 

-Насны хувьд хэдээс хэдэн насныхан их байна вэ?

-Өндөр настан болон бага насныхан түлхүү унаж бэртэж байна. Өглөө, орой ажил, сургууль тарах, эхлэх үед иргэд гэмтэж бэртэх нь их.

-Иргэд хандаж юу гэж анхааруулмаар байна вэ?  

-ААН-үүд цас орсны дарай ойр орчмоо цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэх шаардлагатай байна. Ингэж цэвэрлээгүйгээс үүдэн иргэд хальтирч унаж бэртэх тохиолдол гарч байна. Иргэд ч өөрсдөө хэлдэг. Тиймээс хаана хаанаа анхааралтай болгоожтой байх хэрэгтэй. Мөн жолооч нар хурд хэтрүүлэх, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн зам тээврийн осол гэмтэл их гарч байна. Мөн явган зорчигч нар өөрсдөө анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.  

Ийнхүү эмчийн хэлсэн тооны иргэд өдөрт зөвхөн хальтиргаанаас болж, гэмтэл авч байна гэхээр харамсалтай. Тиймээс бид иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

Анхаар!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Маргааш өдөр Завхан, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Говь-Алтай, Булган, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Арваннэгдүгээр сарын 16-ны 20 цагаас 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 10-15 градус, Баянхонгорын Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 20-25 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө хүйтэрч 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө хүйтэрч 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10  градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, хүйтэрч өдөртөө 7-9 градус хүйтэн байна хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ.
 

Дэд сайд асан Ж.Цолмонгийн нөхөр, Д.Баттулгын дүү Элчин сайд болно

Засгийн газрын хуралдаанаар дараахь хүмүүсийг Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогсон байна. Элчин сайд болох хүмүүсийн анхаарал татсан хэд, хэдэн хүн байна. Тодруубал, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр нарыг томилох гэж байгаа бол Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгийн нөхөр Одын Оч Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар мөн НИТХ-ын дарга асан Д.Баттулгын дүү  Дашжамцын Батсайхан Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор Ерөнхийлөгчид уламжилсан байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх мэдээлэлээс үзнэ үү.

-Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж,

-Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг

-Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг

-Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд,

-Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч,

-Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат,

-Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан,

-Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан,

-Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр,

-Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулга нарыг томилуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон байна.  

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүүг хилээр гарахыг хоригложээ

Энэ сарын 05-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийг Герман улс руу зорчих гэж байхад нисэх онгоцны буудал дээр саатуулсан үйл явдал болсон. Тухайн үед хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр  Э.Сэлэнгийн дансаар их хэмжээний мөнгө шилжин орсонтой холбогдуулан саатуулсан гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл саяхан  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамгийн бага дүүг  мөн хилээр гарахыг нь хориглосон байна. Одоогийн байдлаар ямар шалтгаанаар хориглосон нь тодорхойгүй байна.Саяхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн Н.Алтанхуягийн эхнэр  болон төрсөн дүүг нь хилээр гарахыг хориглоод байна. 
 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл