8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Түвдэндорж: З.Энхболд дарга эхнэрээ сахиж байгаа учраас хуралд оролцоогүй

2016-11-17 12:25:00

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар хуралдааныг урирдсан УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржоос зарим зүйлийг тодрууллаа.


-  Танай гишүүд намын дүрмээ муу дүрэм биш гэж тодорхойлж байгаа. Одоо дүрэмдээ шинэчлэл хийхдээ яг ямар зүйл, заалтад ямар өөрчлөлтийг хийх юм бэ?
- Манай нам сайн дүрэмтэй. Зарим нэг нэмж оруулах заалтууд бий. Тэр дундаа хариуцлагын холбоосуудыг хийж өгнө. Ард иргэд олон нийт АН-ыг ард түмэн, гишүүддээ нээлттэй жинхэнэ ардчилалтай нам байхыг хүсч байгаа. Үүнийг биелүүлэхийн тулд намын дүрэмд энэ талаар илүү нээлттэй тусгаж өгнө. Намын бүтцийн байгууллагуудыг удирддаг хүмүүсийг нийт гишүүдээрээ сонгуулна.Сунгаа явуулна гэсэн үг. Мөн ротацийг сэргээнэ. Тэгэхгүй бол манай нам ротаци хийлгүй 5 жил болсон байна. Хамгийн гол зүйл бол манай намын үзэл баримтлалын асуудал байна. Манай нам бусад намуудаас юугаараа ялгаатай юм, улс төрийн хөгжлийн хаана нь яваа юм, цаашдын зорилго юу гэдгээ үүгээрээ тодорхойлно. Тэгэхээр энэ бүгдийг үзэл баримтлалаараа тодорхойлно, Их хурлаараа. Намын эв нэгдэл чухал. Зорилго тодорхой байх ёстой. Харин зохион байгуулалтын асуудал чухал биш. Хамгийн гол нь намаа эв нэгдэлтэй, шинэчилсэн, ардчилсан нам болгохын төлөө өөрчлөлтийг хийнэ. АН Их хурлаараа шинэ дүрмээ баталсны дараа аль бүлэглэл, фракц ямар хүчтэйгээс үл шалтгаалж намын удирдлагууд сонгогддог тогтолцоог бий болгоно. Энэ үйл ажиллагааг таслан зогсооно. Өөрөөр хэлбэл, бүх сонгууль үндсэндээ намын анхан шатны гишүүдээс санал авч байж шийдэгдэнэ. Угаасаа анхан, дунд шатны гишүүдийг бүгдийг нь фракц, бүлэглэлүүд өөртөө элсүүлэх боломжгүй. АН-ын энэ шинэчлэл бол Монгол Улсын улс төрийн намуудын шинэчлэлийн өнгийг тодорхойлсон байх ёстой
-  Хоёр ажлын хэсэгт хэн, хэн орсон бэ. Их хурал болтол АН-ын даргын үүргийг хэн гүйцэтгэх юм бэ?
- Манай намын даргын асуудал бол хоёрдугаар асуудал. Бидэнд даргаас өөр том зорилго байна. Намаа шинэчлэх , үзэл баримтлалаа тодорхой болгох гэх мэт. Энэ утгаараа хоёр ажлын хэсгийг байгуулсан. Дунджаар 50 орчим гишүүнтэй ажлын хэсгийг байгуулсан байгаа. З.Энхболд даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь өчигдөр хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Учир нь хэсэгхэн хугацааны дараа намын их хурал болох гэж байна. Их хурлаар хэлэлцэж болно шүү дээ. Намын дүрмийг намын их хурлаар баталсаны дараа шинэ даргыг сонгоно. Үүний дараа З.Энхболд даргыг албан ёсоор чөлөөлнө. Тэр болтол З.Энхболд дарга намаа удирдаад явна.
- З.Энхболд дарга яагаад энэ хуралдаа оролцсонгүй вэ?
- З.Энхболд даргын хувьд эхнэр нь өчигдөр гадаадад мэс засалд орсон. Эхнэрээ сахиж байгаа учраас хуралд оролцож чадаагүй.
- Засгийн газрыг огцруулахад эсрэг кноп дарсан 15 гишүүнд хариуцлага тооцох асуудлыг өчигдрийн хуралдаанаар зарим гишүүд сөхсөн гэсэн. Тэгээд уг асуудлыг хэлэлцээгүй юм байна лээ. Харин Их хурлаар хэлэлцэх үү?
- Хүмүүс шийтгэл болон хариуцлагын асуудалд их анхаараад байна. Бидний хувьд үүн дээр ярилцаж тохирсон. Одоо хэрэгжиж буй намын дүрэм маань сайн дүрэм боловч хариуцлага тооцох асуудал нь шат дамжлагатай шууд шийдвэрлэх боломжгүй байгаа юм. Үүнийг бид шийдвэрлэхдээ хариуцлага алдсан тухайн цаг үед нь шууд шийдвэрлэхээр болсон. Хэрвээ хариуцлага оногдуулах ёстой байгууллага нь хариуцлага хүлээлгэж чадахгүй бол өөрсдийг нь огцруулна гэж байгаа. Ийм заалтыг дүрмэнд оруулж өгье гэсэн бодолтой байгаа.
- Хариуцлагын тогтолцоог яг яаж оруулж ирэх юм бэ. Дүрмээ хичнээн сайн баталсан ч танай намын фракцийн тэмцэл байсаар байвал яах юм бэ?
- Ирэх сард шинэ дүрэм батлагдвал Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороонд өөрчлөлт орох байх. Хуучин дүрмийн хүрээнд ажиллаж байсан хүмүүс ажлаа өгнө гэсэн үг. Харин шинэ дүрмийн хүрээнд байгуулагдаж байгаа баг, хамт олон цаашдын зохион байгуулалтаа хийгээд явна. Тэгэхээр энэ бүх хариуцлагын асуудлууд шинэ дүрмийн хүрээнд зохицуулагдаж орно. Намын даргыг сонгох асуудлыг цагаан сарын өмнө шийдвэрлэнэ.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Zaaval ENH BOLD dargin avgain talaar garchigaa ugdug ni yamar muuhai hunii muud durtai setguulch ve
2016/11/17 202.179.24.193
  • Recent
  • Most Read
  • Most Comment