8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ц.Цогтбаяр зулын гол болохоо мэдэгдэж, Зам тээврийн осолд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэсэн өдөр

2016-11-17 18:40:00

Цаг агаар хүйтрэх сургаар сэтгэл санаа тань гундуухан байна уу. Тэгвэл та  сэтгэлээ бүү чилээгээрэй. Учир нь маргааш шинэ өдөр айлчлан ирнэ. Он дуусахад цөөхөн хоног үлдсэн учраас амьдралынхаа шаргал түүхийн хуудаснаа тодоос тод үлдээх ул мөрөө яг одоо эхлээрэй. Хүний амьдрал эрээнтэй бараантай, аз жаргалаар дүүрэн байдаг учраас итгэл найдвараа битгий алдаарай. Хэрвээ таны сэтгэл санаа гундуухан байгаа бол маргааш нар мандаж, шинэ эрч, шинэ бүхэн айлчлан ирнэ. 
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч 
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай! 
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч 
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай 
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай 
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт 
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай 
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ... 
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч 

Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!... эрхэм уншигчидаа. Үдэш болгоны энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

ҮЗХ: Хаалттай хаалганы цаана юу ярив

Янз бүрийн шалтгаанаар хуралдаж чадахгүй хэд, хэдэн удаа хойшилсон Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал сая нэг хуралдав Төрийн ордны Их танхимд болсон уг хуралдаан өчигдөр товлосон цагаасаа нэг цагаас хоцорч буюу 16.00 цагт 70 гаруй хувийн ирцтэйгээр эхэлсэн юм.

Хуралдаанаар намын дүрмийн шинэчлэл болон Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад МАН-ынхантай нийлж эсрэг кноп дарсан 15 гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан. Мөн намын даргыг сонгох асуудлыг урьдчилсан байдлаар хэлэлцэнэ гэж байсан. Тэгвэл уг хурлаар дээрх асуудлаас нэгийг нь ч хэлэлцсэнгүй. Харин ирэх сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрмийн шинэчлэлийг хийх ажлын хэсгийг байгуулаад л тарлаа.

Мөн тус хуралдаанд АН-ын лидерүүд болох Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Баттулга нар ирээгүй юм. З.Энхболдын хувьд Солонгост гэр бүлийнхээ хүнийг эмчлүүлж байгаа бол С.Баярцогт АНУ-д сурч байгаа аж. Харин Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Х.Баттулга нар хуралд оролцох боломжгүйгээ урьдчилан мэдэгдсэн байна.

Эдгээрээс бусад АН-ын нөлөө бүхий гишүүдийн ихэнх нь хуралдаа ирсэн юм. Хуралд хэн, хэн ирснийг зургаар харахыг хүсвэл энд дарна уу. Ингээд Сhuhal.mn сайт хаалганы цаана хаалттай хуралдсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн талаарх мэдээллийг хүргэж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ФРАКЦИЙНХАН 15 ГИШҮҮНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ АСУУДЛЫГ СӨХЖЭЭ

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн фракцынхан болох МоАН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад МАН-ынхантай нийлж эсрэг кноп дарсан 15 гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн горимын саналыг гаргасан байна. Тэдний энэхүү саналыг намын зарим гишүүд нь дэмжихгүй гэдгээ илэрхийлж “Тухайн үедээ хариуцлага тооцоогүй байж одоо энэ асуудлыг ярилцах шаардлагагүй. Хэрвээ уг асуудлыг хэлэлцвэл нам дотор хагарал үүсгэж мэднэ. Хариуцлага тооцох байсан бол тухайн үед нь хэлэлцэх байсан. Тэгэхээр намын их хурал болох гэж байгаа учраас дүрмээ шинэчлэх болон их хурлыг зохион байгуулах ажлын хэсгүүдээ байгуулъя. Намын дүрмийг шинэчлэх асуудлаа цаг алдалгүй шийдвэрлье ” гэсэн санал гаргаад гишүүдээр санал хураалгахад олонхийн дэмжлэгийг авчээ. Уг асуудлаас үүдэн нэг хэсэг маргалдсан байна. Ингээд эцэст нь хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхгүй байх шийдэлд хүрчээ. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

Ш.Түвдэндорж: З.Энхболд дарга эхнэрээ сахиж байгаа учраас хуралд оролцоогүй

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар хуралдааныг урирдсан УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-  Танай гишүүд намын дүрмээ муу дүрэм биш гэж тодорхойлж байгаа. Одоо дүрэмдээ шинэчлэл хийхдээ яг ямар зүйл, заалтад ямар өөрчлөлтийг хийх юм бэ?
Манай нам сайн дүрэмтэй. Зарим нэг нэмж оруулах заалтууд бий. Тэр дундаа хариуцлагын холбоосуудыг хийж өгнө. Ард иргэд олон нийт АН-ыг ард түмэн, гишүүддээ нээлттэй жинхэнэ ардчилалтай нам байхыг хүсч байгаа. Үүнийг биелүүлэхийн тулд намын дүрэмд энэ талаар илүү нээлттэй тусгаж өгнө. Намын бүтцийн байгууллагуудыг удирддаг хүмүүсийг нийт гишүүдээрээ сонгуулна.Сунгаа явуулна гэсэн үг. Мөн ротацийг сэргээнэ. Тэгэхгүй бол манай нам ротаци хийлгүй 5 жил болсон байна. Хамгийн гол зүйл бол манай намын үзэл баримтлалын асуудал байна. Манай нам бусад намуудаас юугаараа ялгаатай юм, улс төрийн хөгжлийн хаана нь яваа юм, цаашдын зорилго юу гэдгээ үүгээрээ тодорхойлно. Тэгэхээр энэ бүгдийг үзэл баримтлалаараа тодорхойлно, Их хурлаараа. Намын эв нэгдэл чухал. Зорилго тодорхой байх ёстой. Харин зохион байгуулалтын асуудал чухал биш. Хамгийн гол нь намаа эв нэгдэлтэй, шинэчилсэн, ардчилсан нам болгохын төлөө өөрчлөлтийг хийнэ. АН Их хурлаараа шинэ дүрмээ баталсны дараа аль бүлэглэл, фракц ямар хүчтэйгээс үл шалтгаалж намын удирдлагууд сонгогддог тогтолцоог бий болгоно. Энэ үйл ажиллагааг таслан зогсооно. Өөрөөр хэлбэл, бүх сонгууль үндсэндээ намын анхан шатны гишүүдээс санал авч байж шийдэгдэнэ. Угаасаа анхан, дунд шатны гишүүдийг бүгдийг нь фракц, бүлэглэлүүд өөртөө элсүүлэх боломжгүй. АН-ын энэ шинэчлэл бол Монгол Улсын улс төрийн намуудын шинэчлэлийн өнгийг тодорхойлсон байх ёстой. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

Ж.Батсуурь: Үнэхээр 40 хэм хүртэл хүйтэрвэл сургууль цэцэрлэгийг крантилна

Маргаашнаас эхлэн цаг агаарын аюултай үзэгдэл болно гэж  Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа. Тодруулбал, өнөө оройноос эхлэн 25-ны өдрийг дуустал Монгол орны ихэнх нутгаар сүүлийн 10 жилд болоогүй хүйтэн тохиож 25-47 хэм хүртэл хүйтэрнэ гэж байгаа юм. Мөн ихэнх газраар цасан шуурга шуурах учраас онцгой албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм. Тэгвэл энэ өдрүүдэд сургуулийн бага анги болон цэцэрлэгүүдийг амраах хэрэгтэй гэх санаачлагыг эцэг, эхчүүдийн зүгээс гаргаад байгаа юм.

Сибирийн их хүйтэн Монгол орноор дайрч өнгөрөх энэ өдрүүдэд цэцэрлэг болон бага ангийн сурагчдыг амраах эсэх талаар өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байсан салбарын сайд Ж.Батсуурь сая нэг энэ талаар байр, сууриа илэрхийллээ. Тэрбээр "Үнэхээр 40 хэмээс давж хүйтэрвэл цэцэрлэг, сургуулийг түр крантилах тухай ярина, ер нь крантилах журамтай" гэв. 

Ямартай ч тэрбээр 40 хэм хүртэл хүйтрэхийг хүлээж байгаа бололтой. Үнэхээр хүйтэрвэл сургууль, цэцэрлэгийг крантилах бололтой.

Дасгалжуулагч Ц.Цогтбаяр зулын гол болохоо мэдэгдлээ

Монголын чөлөөт бөхийн холбоо сүүлийн үед хэрүүл маргаанаас салахаа больсон гэхэд хилсдэхгүй. Тус холбоонд болж буй энэхүү хэрүүл маргаан Риогийн олимпиос хойш бүр хурцдах тийшээ хандсан. Учир нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид удирдлага болох Д.Дагвадорж аваргатай таарч тохирохгүй өнөөдрийг хүртэл хэвлэлээр хэрэлдсээр ирсэн.  Тэгвэл энэ байдал улам хурцдах тийшээ хандаж байна. Тодруулбал, энэ сарын 19-нд болох Монгол чөлөөт бөхийн холбооны Их хурлын үеэр буюу нөгөөдөр Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр зулын гол болж,  Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг эсэргүүцэхээр болсноо мэдэгдсэн байна. 
Энэ талаар Ц.Цогтбаяр дасгалжуулагч энэ талаар хэлэхдээ  МЧБХ-ныхон, Д.Дагвадорж, А.Сүхбат, Д.Сумъяабазар нартай учирлаж, ярилцаж олон аргаар учир зүйгээ олох гэж оролдсон, үүнээс өөр арга байхгүй хэмээн хэлсэн байна. 

Далай ламын айлчлалыг улс төржүүлэх ашиг сонирхол хэнд байна вэ

Манай улсад ес дэх удаагийн айлчлал хийх гэж буй  Дээрхийн гэгээн XIV Далай ламын айлчлалын талаар өнөөдөр хоёр газраас мэдээлэл хийлээ. Тодруулбал, Гандантэгчилэн хийдээс мэдээлэл хийсэн бол, Монголын Бурхан шашинтны “Шинэ төв”-ийн тэргүүн “Их хүрээ” хийдийн хамба номун хан З.Санждорж мөн мэдээлэл хийлээ. 
Хамба лам З.Санждорж мэдээлэл  хийхдээ хувь хүнийхээ үүднээс маргаашнаас эхлэн монголд дөрөв хоног айлчлах ХIV-р Далай ламыг төрийн ямар нэг хуйвалдаанаар ирж байна. Ирэхдээ монголын Х-р богдыг тодруулна гэж байгаа. Тийм учраас үүнийг эсэргүүцэн энэхүү хэвлэлийн хурлаа хийж байна гэлээ. Түүний үзэж байгаагаар монголчууд бид өөрсдөө яагаад Х-р богдоо тодруулж болдоггүй юм бэ, яагаад хаа холын төвдийн нэг лам бидний богдыг тодруулах ёстой юм бэ гэж байлаа. Тэрбээр, “Далай лам манай улсын дотоод хэрэгт оролцож 20-иод хувилгааныг тодруулжээ. Уг нь манай улс хойд дүр тодруулахыг хуулиар хориглосон. 2-р богд Лувсанданзан монгол хүн байсан. Алтан ургын хүн байсан. III,IV, VIII-р богд бүгд төвд хүн байсан. Тусгаар улс байж яагаад бид нар ганц хүнийг тодруулчихаж болдоггүй юм бэ. Бид тэр хүнийг хэтэрхий тахин шүтсэнээс л ийм зүйл болж байна. IX-р Богдыг саяхан тодруулсан шүү дээ. I-р Богд Занабазар Алтан ургын хүн байсан. Гэтэл түүний хойд дүр IX-р Богдыг тодруулахдаа өөрийн дүүгээ тодруулсан шүү дээ. Монголчуудаас ерөөсөө асуугаагүй. Ийм юм байж болох уу. Би монгол хүн. Тийм учраас үүнийг яриад байна. Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүс байгаа байхаа гэж бодож байна” гэсэн мэдээлэл хийлээ. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

Х.Болорчулуун: С.Баяр та гараа зөрүүлчихээд л, бохь зажлаад их пээдгэр байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим хүмүүсийг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь  Элчин сайдад нэр дэвшээд буй С.Баяр, М.Энхсайхан нарыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, ширүүхэн үгийг хэлээд авлаа. Тодруулбал,  Х.Болорчулуун гишүүн “Элчин сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийн дунд дэмжих хүн байна. Гэхдээ Ерөнхий сайд хийж байсан хоёр хүнийг дэмжиж чадахгүй. Энэ хоёр хүн Монголын ард түмэнд маш хортой хохирол учруулсан. 

Оюутолгойгоос ард түмэн 5-6 хувийг эзэмшээд бусад нь орж ирэхгүй байна.  С.Баяр даргыг санаж байна. “Энэ гэрээг заавал хий” гэж намынхнаа шахаж байсан. “Би хар толгойгооро хариуцна” гэж та хэлж байсан. Тиймээс би дэмжиж чадахгүй. 

2008 оны долдугаар сарын 01-нд таван халуун амь үрэгдсэн. Тэдний ар гэрийнхэнд нь 50 сая төгрөг өгөөд л өнгөрсөн. Хоёр нь Дорнодын хүмүүс байсан. Та гараа зөрүүлчихээд л, бохь зажлаад их пээдгэр байна аа" хэмээн хэлсэн байна. 

Г.Отгонцэцэг Казакстаны гавъяат тамирчин боллоо

“Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт тамирчин Г.Отгонцэцэг Казахстаны аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээнд 48 кг-ын жинд түрүүлж, хошой алтан медальтан болсон билээ. Тэрээр нутгийн бөх Салтанат Султанбековаг ялсан юм.

Тэгвэл Казахстаны жудо бөхийн холбоо хуралдаж жүдоч Г.Отгонцэцэгт Гавьяат тамирчин цол олгох шийдвэр гаргасан байна. Гавьяат тамирчны тэмдэг, батламжийг өнөөдөр УАШТ-ий үеэр гардуулан өгөх гэнэ. Тус улсын хувьд жүдо бөхийн төрөлд гавьяат болсон хоёр тамирчин байдаг аж. 2008 онд Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Асхад Житкеев, 2009 оны Роттердамын дэлхийн аварга Максим Раков гэсэн 100 кг-ын жингийн хоёр алдарт жудочин хүртэж байжээ. Харин одоо Г.Отгонцэцэг Казахстаны жүдо бөхийн тамирчдын 3 дахь гавьяат нь болж байна.

С.Баяр: “Эрдэнэт”, “Оюу толгой” Монголын ЭЗ-ийг авч явж байна

УИХ-ын чуулганаар гадаад оронд Монгол Улсаа төлөөлөн суух Элчин сайдуудыг томилох тухай хэлэлцэж байна. Элчин сайд болох хүмүүсийн дунд анхаарал татсан хэд, хэдэн хүн байгаа. Тодруубал, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр нарыг томилох гэж байгаа бол Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгийн нөхөр Одын Оч Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар суухаар болоод байгаа. Одоо үргэлжилж байгаа чуулганы хуралдааны үеэр ИБУИНВУ-д Элчин сайдаар томилогдох гэж буй С.Баяр үг хэлэв.
Тэрбээр “Оюу толгойн гэрээний тухай хоёр ч гишүүн хэлж байна. Би Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Би үүгээрээ бахархдаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайнгүй байгаа. Хамгийн их татвар төлж байгаа байгууллага “Оюу толгой” шүү дээ.  
40 жилийн өмнө байгуулсан “Эрдэнэт”, дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн “Оюу толгой” хоёр л өнөөдөр Монголын эдийн засгийг авч явж байна” хэмээн хэллээ. 

Жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэж өгнө

Жолооны үнэмлэхийг хэвлэлтээс гармагц та гэрийн хаягаараа хүргүүлж авах боломжтой болжээ.ЦЕГ-ын Лицензийн төв, “Монгол шуудан” ХК-тай хамтран жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээ эхлүүлсэн байна. Ингэхдээ үнэмлэхээ захиалхаасаа өмнө

 шуу­дангаар хүргүүлэх захиалгын хуудас бөглөх ёстой аж. Шуудангийн хүргэлт Улаанбаатар хот дотроо  24 цаг, орон нутагт ажлын тав хоногт багтан хүрэх бөгөөд нэг үнэмлэхийг 2500 төгрөгөөр хүргэх юм байна. Ингэхдээ 70078940 утсаар болон mongolpost.mn гэсэн сайтаар дамжуулан холбогдох боломжтой гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

“Зам тээврийн осолд өртөж, хохирогсдын өдөр” тохиож байна

Өнөөдөр “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр”-ийг Дэлхийн нийтийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөг Замын цагдаагийн газрын урд талбайд боллоо. Уг өдөрлөг нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд зам тээврийн ослоос сэргийлэх талаар иргэдэд сэрэмжлүүлэг болгон зохион байгуулж байгаа юм байна.

Энэ оны эхний аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1082 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, Орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Мөн явганаар замын хөдөлгөөнд оролцож гэмтсэн хүүхдийн 24,2% нь насанд хүрсэн, харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 53,1% нь харгалзах хүнгүй ганцаараа, 22,7% нь насанд хүрээгүй найз, ах, эгч нартайгаа хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Mongoliin choloot boxiig Dolgorsurenguun xuuxduudees avrax xeregtei baina aa!!!
2016/11/17 43.242.243.199
  • Recent
  • Most Read
  • Most Comment