8o
Улаанбаатар хот
mobile menu

71-р сургууль сурагчид, багш, ажилчидтайгаа хөлдөж байна

2016-11-18 07:30:00

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрладаг Боловсрол Соёл Шинжлэх ухааны яамны харьяа лаборатори  тэргүүний 71-р сургуулийн халаалт зогссон, сурагчид нь гадуур хувцастайгаа хичээллэж байна гэсэн мэдээллийн дагуу бид очиж сургалжилсан юм.  Хотын төвөөс 20 гаруй киллометрийн зайд оршдог уг сургуулийн гадаа очиход эцэг, эхчүүд “Гадуур хувцсаа тайлж болохгүй шүү. Миний хүү ноосон цамцаа өмсөж суугаарай” гэж захиж байгаа нь дуулдав. Сургуулийн хаалгаар ороход гадуур хувцастай багш, сурагчид угтлаа. Тус сургууль нь 1300 гаруй хүүхэдтэй, 68 багш, 30 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Нийт 18 анги, танхимтай. Бага ангийн хүүхдүүд нь гурван ээлжээр хичээллэдэг гэдгийг жижүүр багш нь ярьсан юм. Сургуулийн халаалт хэзээнээс зогссон талаар захирал Б.Бадамсүрэнгээс тодрууллаа.

Б.Бадамсүрэн: Уурын суухны ашиглалтын хугацаа дууссан учраас халаалтыг зогсоосон

-Танай сургуулийн халаалт хэзээнээс зогссон вэ? 

-Манай сургуулийн уурын зуух 2006 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш ямар ч засвар хийгээгүй. Үүнээс болж уурын зуухны ашиглалтын хугацаа дуусч тогоо нь цоорсон. Тиймээс энэ сарын 2-ны өдрөөс эхлэн халаалтыг бүрэн зогсоосон. 

-Одоогоор усан халаагуураар сургуулиа халааж байгаа юу?

-Тиймээ. Усан халаагуур тависан ч хангалтгүй байна. Яагаад гэвэл энэ усан халаагуур  хоёр давхар амины орон сууц  халаах зориулалттай. Гэтэл манай сургууль гурван мянган м2 талбайтай. Хөлдөөхгүй нь тулд усан халаагуураар аргаллаж өдөр хоногийг өнгөрөөж байна. Гурван цаг тутамд унтрааж амраадаг. Ингэхгүй бол аварын улаан гэрэл асууд байдаг юм. Гадаа харьцангуй дулаан болохоор сургуулийн коридорт 11, ангид 16 хэм дулаан байна. Манай сургууль дөрвөн давхар. Нэг, хоёрдугаар давхарын анги, танхим арай гайгүй. Гурав, дөрвөн давхар хүйтэн.  

-Уурын зуух эвдэрсэн талаарх асуудлыг салбар яаманд хандаж үзсэн үү. Юу гэж байх юм?

-Сургуулийн зүгээс яаманд хандсан. Сайд тушаал гаргаж уурын зуухыг шинэчлэх 50 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн. Одоогоор харьцуулсан судалгаагаар шалгах явцдаа яваа гэсэн. Жаахан хугацаа орох юм шиг байна лээ. Хүйтний эрч чангархаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол хаалга барих дээрээ тулаад байна.  

Ийнхүү сургуулийн захиралтай уулзаж нөхцөл байдлын талаар танилцсан юм. Сургуулийн нэг, хоёрдугаар давхарын паар бага зэргийн халаалттай, гурав, дөрөвдүгээр давхарын паар цэв хүйтэн байлаа. Мөн ахлах ангийн сурагчид “Гадуур хувцаа өмс. Хүйтэн байна даарна” гэх зэргээр бага ангийн хүүхдүүдэд хэлж байв. Ингээд сурагчдын сэтгэгдлийг сонслоо.

Сурагч Х.Баяржаргал: Хаяа хажуу дахь хүүхэдтэйгээ ээлжилж суудаг

-Би долдугаар ангид сурдаг. Манай анги дөрвөн давхарт байдаг. Их хүйтэн болохоор манай ангийн хүүхдүүд маш их даардаг. Би цонхон талд суудаг болохоор илүү их даардаг. Хаяа хажуу дахь хүүхэдтэйгээ ээлжилж суудаг. Гадуур хувцастайгаа хичээллэдэг.

н.Гүнчин-Иш: Хүүхдүүд бүгд гадуур хувцастайгаа ангидаа суудаг

-Манай сургуулийн багш, ажилчид, хүүхдүүд бүгд гадуур хувцастайгаа ангидаа суудаг. Өмнө нь тавчик, дүрэмт хувцастайгаа хичээлдээ ордог байсан. Одоо гутал, ноосон цамц, гадуур хувцастайгаа хичээлэдэг. Заримдаа юм бичиж байтал гар бээрчихдэг.  

Д.Эмүүжин: Гар бээрээд хичээлээ бичиж чаддаггүй

-Манай хичээл өдөр 13:30 ороод орой 17:30 минутад тардаг. Өвөл болоод гадаа хүйтэн болоод даарч сургуульдаа ирээд дахиад хүйтэн ангид орохоор хэцүү байдаг. Би тавдугаар ангид сурдаг. Зузаан хувцастай хичээл хийхэд хэцүү байдаг. Заримдаа гар бээрээд хичээлээ бичиж чаддаггүй.

Сурагчид ийнхүү сэтгэгдлээ хуваалцсан юм. Харин багш нарын хувьд ингэж ярьж байлаа. 

Бага ангийн багш Д.Энхтуяа: Өглөөний ээлжийн хүүхдүүдийн гар нь бээрчихдэг

-Манай сургуулийн хувьд халаалтгүй хүнд нөхцөлд байна. Хүйтэн орчин суралцах нь хүүхдүүдэд тухгүй байдаг.  Бага анги гурван ээлжээр хичээллэдэг. Өглөөний ээлжийн хүүхдүүд гар нь бээрчихдэг. Хичээлээ бичиж чаддаггүй. Нэг ангид 49 хүүхэдтэй хичээллэдэг. Хоёр, гуравдугаар ээлжийн хүүхдүүд ороход  ангийн уур амьсгал  хүн байхад хэцүү, агааргүй болчихдог.  Өрөөний чийглэг агаараас болоод хүүхдүүдийн гаргаж тавьсан дэвтэр чийгтэж байх жишээтэй. Цонхоо онгойлгох гэхээр хүйтэн орж, хүүхдүүд бүр даарна. Сүүлдээ багш нарын хоолой хатаж эхэлдэг.

Бага ангийн багш М.Пүрэвсүрэн: Хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол ихэссэн

-Хүүхдүүдийн сурах орчин хүйтэн байгаа нь сурч боловсрох эрх нь зөрчигдөж байна шүү дээ. Даарч, бээрээд хичээлээ хийж чадахгүйд хүрээд байна. Бүгд гадуур хувцсаа өмсөөд сууна. Эцэг, эхчүүд байнга хэл ам гаргаж хүүхдүүдээ сургуульд явуулахгүй гэж хүртэл хэлдэг. Хүүхдүүд хичээлийн хоцрогдол ихэссэн. Энэ бүрхнийг харахад үнэхээр хэцүү байна. Үдээс хойшхи ангийн хүүхдүүдэд агаар дутагдаж байна. Энэ завшааны ашиглаад манай тойргоор УИХ-д гарсан гишүүд болон НИТХ-ын төлөөлөгчид тусалж дэмжээрэй гэж хэлмээр байна.  

 Б.Соёмбо: Хүүхдүүд байнга даарчихсан байдаг

-Манай охин энэ сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Хүүхдүүд байнга даарчихсан байдаг. Сургуулийн байр тэр чигтээ хүйтэн. Өнгөрсөн долоо хоногийн сургуулийн амралтаар халаалтаа янзлан гэж байсан одоо хүртэл хэвээрээ байна. Хүүхдүүд гадуур хувцастайгаа хичээл хийдэг. Хүүхдүүд яаж ийм орчинд юм сурах юм бэ. Үнэхээр хэцүү байна. 

Ц.Намдаг: Өглөө хичээл эхлэх үед ангид хүн орохын аргагүй хүйтэн байдаг

-Манай хүүхэд дөрөвдүгээр ангид сурдаг. Сургуулийн халаалт зогссон өдрөөс хойш хүүхдүүд хичээлдээ явах дургүй болсон. Өглөө хичээл эхлэх үед ангид хүн орохын аргагүй хүйтэн байдаг. Үдээш хойш олон хүний уур амьсгалд арай гайгүй болчихдог юм шиг байна лээ. Заримдаа хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд гарахын хооронд эцэг, эхчүүд даарчихдаг.  

Ийнхүү сургуулийн захиргаа, эцэг, эх болон сурагчид нөхцөл байдлын талаар ийнхүү учирлан ярьж байсан юм. Мөн сурагчдын дунд ханиад, томуу, амьсгалын замын халдварт өвчин нэмэгдсэн гэдгийг багш, ажилчид онцолж байлаа. Нөхцөл байдалттай танилцахад тус сургуулийнхан хөлдахийн ирмэгт ирсэн байв. Хатуухан хэлэхэд 71-р сургууль сурагчид, багш, ажилчидтайгаа хөлдөж байна.  

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
guest
Бид хэддүгээр зуунд амьдраад байгаа юм бээ, хууль бусаар идэж уусан хүмүүсийн мөнгийг хураагаад сургууль , цэцэрлэг , эмнэлэгээ бариач ээ, ариач дээ,,,, хэлэх үг алгаа,
2016/11/18 202.9.40.23
  • Recent
  • Most Read
  • Most Comment