8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Энхтайванг улируулан томиллоо

2016-11-18 12:16:23

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байсан Л.Энхтайванг улируулан томилохыг дэмжлээ. Санхүүгийн зохицуулах хороо нь орон тооны, орон тооны бус нийт долоон гишүүнтэй. Эдгээр гишүүний бүрэн эрхийн хугацаа таван жил. Орон тооны бус гишүүн болох Л.Энхтайваны бүрэн эрхийн хугацаа дууссан тул улируулан томилох эсэх асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн юм. Одоо уг асуудлыг үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж байна.

Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн болох Л.Энхтайванд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаартар үүрэг даалгаврыг өглөө. Тэрбээр “Арилжааны банкуудын чөлөөт эх үүсвэрийг төсвийн алдагдал нэрээр Засгийн газар сороод авч байгаа. Ийм үед банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг нэлээд нэмсэн байна. Арилжааны банкуудын эх үүсвэр багассан үед банк бус санхүүгийн байгууллага нь иргэд аж ахуй нэгжид зээл олгодог. Энэ үед банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг нэмээд зохиомол хэлбэрээр тоог цөөлөх гэсэн оролдлого чинь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Зохиомол, захиргааны аргаар зээл олгож буй байгууллагуудыг хавчиж байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг нэлээд нэмэх шийдвэрээ эргэж хараарай. Хоёрдугаарт, банк бус санхүүгийн байгууллагад гадны хөрөнгө оруулалт оруулах тал дээр анхаарч ажиллах ёстой шүү” гэсэн юм.    

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment