“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”, “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг 2016 оны 11 сарын 19-нд Өмнөговь аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг хамрууллаа. 2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн бөгөөд оролцсон байгууллагууд зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой ажлуудыг сурталчилаад зогсохгүй Маанийн хийдийн лам нар авто тээврийн ослын улмаас хохирогсдод хүндэтгэл үзүүлж ном хурсан юм. Мөн идэвхи санаачилгатай оролцсон шилдэг байгууллагыг шалгаруулсан ба хурандаа Ө.Эрдэнэ-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 167-р анги шалгарчээ.
Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны 8 дугаарт, Монгол улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25-д орж байна. Монгол улсад 2010-2016 оны байдлаар 43176 хүн зам тээврийн осолд өртсөнөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 3356 хүн амь насаа алдаж, 8309 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна.