Онцгой байдлын алба хаагчид цасанд саатсан иргэдийг аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Манай орны ихэнх нутгаар цас их орсонтой холбогдуулан иргэдээс төөрсөн, цасанд автомашинтайгаа суусан, саатсан гэсэн дуудлага ихсэх хандлагатай байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Бор гүвээ багийн суугч 18 настай Б.Б үхэртээ яваад сураггүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, тухайн өдрийн 19:30 цагт “Охинды” гэдэг газраас /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуурын хажууд автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Б.Т-ын “Примо” загварын автомашиныг татан гаргасан байна.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Шавартын ам” гэдэг газар автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, иргэн О.Г-ын “Митцубиши” загварын автомашин тус тус цасанд суусан байсныг татан гаргаж аюулгүй болгожээ.
Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор ард иргэд, жолооч, тээвэрчид цаг агаар, зам давааны нөхцөл байдлыг харгалзан хол, ойрын замд зорчихгүй байх, хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.