Нийслэл хотод амьдардаг иргэдийн талаас илүү хувь нь нийтийн тээврээр зорчиж ажил, амьдралаа зохицуулдаг. Сүүлийн хэдэн өдөр цас их орж, хальтиргаа гулгаа үүсч автозамын түгжрэл нэмэгдсэн. Энэ хэрээр автобус хүлээгдэх тохиолдол их гарч байна. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны тоо хэмжээ, чиглэл, хүртээмжийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын График төлөвлөлтийн мэргэжилтэн Ч.Ариунтуяагаас тодрууллаа.
-Өдөрт хэчнээн автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар өдөр тутамдаа их багтаамжийн 928 автобус 86 чиглэлд үйлчилж байна. Нийт 20 компаний автобус үйлчилгээнд гардаг.
Харин орой зорчих хэсгийн хөдөлгөөн багассан үед буюу 20:00 цагаас хойш зарим автобусыг буулгадаг. 18:00 цагаас үүссэн замын түгжрэл 20:00 цаг хүртэл үргэлжилж байгаа болохоор үйлчилгээнд явж байгаа автобуснууд нэг талдаа гарах, цагаараа явахад хүндрэл үүсдэг.
- Өдөрт гарч байгаа автобусны тоо хүртээмжтэй юу?
-Өмнөх жилүүдэд ч энэ хэмжээний автобуснууд үйлчилгээнд явдаг байсан. Энэ жилийн хувьд мөн адил үйлчилгээнд явж байгаа автобус хүртээмжтэй байна. Харин орой зорчих хэсгийн хөдөлгөөн багассан үед буюу 20:00 цагаас хойш зарим автобусыг буулгадаг. 18:00 цагаас үүссэн замын түгжрэл 20:00 цаг хүртэл үргэлжилж байгаа болохоор үйлчилгээнд явж байгаа автобуснууд нэг талдаа гарах, цагаараа явахад хүндрэл үүсдэг. Адилхан автозамын түгжрэлд орсон автобусыг замын дундаас эргүүлнэ гэж байхгүй. Энэ мэтчилэн үүссэн нөхцөл байдлаас үүдэн автобус цагаараа явч чадахгүй иргэдэд хүлээлт үүсгэж байгаа юм. Түүнээс биш үйлчилгээнд явж байгаа автобусны тоо хэмжээ хүртээмжтэй.
-Хүйтний эрч чангарч байгаа энэ үед нэмэлтээр автобус гаргах боломж бий юу. Мөн ашиглалтын хугацаа дууссан микронуудыг намар буулгасан. Одоогоор хэчнээн микро үйлчилгээнд явж байна вэ?
-Ашиглалтын хугацаа дууссан микронууд нэлээд байсан. Эдгээрээс ихэнхийг нь буулгаж өнөөдрийн байдлаар нийт таван чиглэлд 22 микро үйлчилгээнд гарч байна. Нэмэлтээр автобус гаргах тал дээр хэлж мэдэхгүй байна. Харин бодлогын хэмжээнд авах арга хэмжээ бий.
-Зарим тохиолдолд автобусанд эвдрэл гарч үйлчилгээнээс буудаг. Энэ тохиолдолд нөхөж автобус гаргадаг уу?
-Мэдээж автобус гэдэг чинь техник. Үйлчилгээнд явж байгаа автобуснуудад эвдрэл, гэмтэл гарах тохиолд байдаг. Тэр болгонд тухайн автобус компани зохицуулалт хийж автобуснуудаа үйлчилгээнд гаргана. Өглөө 6.45 минут гэж байхад бүх автобуснууд үйлчилгээнд явж эхэлдэг. Орой 20:00 цагаас хойш зорчих хэсгийн хөдөлгөөн багассан үеэс эхлэн зарим автобуснуудаа буулгадаг. Үлдсэн нь оройны 23:30 минут хүртэл үйлчилгээнд явна.
Д.Нэргүй