8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын шинэ дүрмийг батлалцах төлөөлөгчид энэ сарын 27-нд тодорно

2016-11-23 14:04:27

Ардчилсан намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр, “Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос намын VI их хурлыг хуралдуулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Их хурлын төлөөлөгчийг сонгох журмын тухай асуудлаар тодорхой мэдээлэл өглөө. 2016 оны арванхоёрдугаар сарын 06-нд Ардчилсан намын VI их хурал 1210 төлөөлөгчтэй хуралдахаар болж, төлөөлөгчийг сонгох журам гарлаа. Хуралдааны үндсэн зорилго нь Ардчилсан намын үзэл баримтлал, шинэчлэгдсэн дүрмийг батлана. Ажлын хэсгээс хурлын төлөөлөгч сонгох журмаа Гүйцэтгэх зөвлөлд танилцуулж батлуулаад олон нийтэд мэдээллэж байгаагаа хэллээ. Төлөөлөгчийг сонгох журмын дагуу намын анхан шатны байгууллага буюу сум бүрээс 1 төлөөлөгч, аймгийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид, НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, Хяналтын Ерөнхий хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагуудын төлөөллүүд оролцохоор боллоо. Нийт гишүүдийн тоо 1210 хүн болж байна. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу намын анхан шатны байгууллагууд хуралдаж сум болон нийслэл, дүүргээс намын Их хуралд оролцох төлөөлөгч нараа сонгож явуулна. Энэ өрсөлдөөний зарчмаар явна. Намын анхан шатны байгууллагын хуралдааныг энэ сарын 26-27-ны өдрүүдэд хуралдуулах товыг орон нутгийн намуудад хүргүүллээ” гэв. Анхан шатны намын хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэх ёстой аж. Нэгдүгээрт, Үндсэн дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг хийх аж. Хоёрдугаарт, VI хурлын төлөөлөгчийг сонгох асуудлыг хэлэлцэх учиртай юм.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл