8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Бүх нийтээрээ амрахаар болж, Н.Алтанхуягийн дүүгийн шүүх хойшилсон өдөр

2016-11-23 19:00:00

 

Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Учир нь энэ цаг хором мөч эргээд олдохгүй. Хийсэн бүтээсэнээ үнэлж цэгнэж хорвоогийн нэгэн өдрийг үдэж байгаа таньд Монголын нэг өдөр тойм мэдээлэлийн булангаа хүргэх гэж байна. Улс эх оронд минь онцлог үйл явдалаар дүүрэн нэг өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалан үлдэж байна. Ингээд шинэлэг, сонирхолтой мэдээлэлээр дүүрэн тойм мэдээлэлээ хүлээн авна уу.

Дээрхийн гэгээнтний Монгол дахь айлчлалуудын онцлох ишлэлүүд

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам манай улсад ес дэх удаагийн айлчлал хийж,  өнөөдөр өглөө 08.45 минут нутаг буцлаа. Түүнийг   Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үдэж өгсөн. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам манай улсад энэ сарын 18-23-ны өдрүүдэд айлчилсан бөгөөд энэ үеэр түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

  •  Бид дотоод сэтгэлдээ энх тайвныг бүтээхгүй бол хэзээ ч гадаад ертөнцөөс энх тайвныг олж авч чадахгүй.
  •   Үнэн нигүүлсэл бол сэтгэл хөдлөлийн илрэл биш, бат бөх оршдог зүйл юм.
  • Хөршүүдтэйгээ сайн харилцаатай байх хэрэгтэй. Таны аз жаргал үүнээс ихээхэн хамаарна. 
  •  “Шашин бол дан ганцаар оршин тогтнодоггүй, нэг талаар шинжлэх ухаан” гэж тогтлоо
  • Монгол Улс бие сэтггэлийн амар, амгаланг цогцлоосон гайхамшигтай улс болох боломж харагдаж байна. 
  • Би өдөрт таван цаг бодийн сэтгэл, хоосон чанар шүтэн барилдлагын ухааныг бясалгадаг.  
  • Чингис хааны үед Монгол агуу хүчтэй байжээ. 
  • Тарины ёсонд бодийн сэтгэл, хоосон сэтгэлийн ухаан байдаг.
  • Орчин үеийн боловсролын түвшинд хүн хүнээ хайрлах, дотоод сэтгэлийн боловсролыг олгох зүйтэй. 
  • Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
  • Оршин буй бүхнийг нэгтгэдэг зүйл бол аз жаргалын төлөөх хүсэл юм.
  • Дотоод сэтгэлээ эерэгээр төлөвшүүлэхийн тулд байнгын хүчин чармайлт гаргах хэрэгтэй.
  • Хамгийн түрүүнд өгч сураад бусдаас ямар нэгэн зүйлийг хүлээ.
  • Жил бүр өмнө очиж байгаагүй шинэ газартаа очиж үз.
  • Хэн өөрийн чадвар, боломжид итгэнэ тэр илүү сайхан ертөнцийг бүтээнэ.
  • Бидний амьдралын туйлын зохилго АЗ ЖАРГАЛ юм.
  • Багахан хэмжээний маргаанаас агуу нөхөрлөлөө бүү сүйтгэ.
  • Хорвоо ертөнцөд амжилттай хүн хэрэгтэй биш. Хорвоо ертөнцөд энхийг тогтоогчид, бусдын бие хийгээд сэтгэлийг анагаагчид, бүхий л зүйлийг хайрлагчид нэн түрүүнд хэрэгтэй.
  • Ямар ч тансаглал хайр, энэрэл нигүүлсэлгүйгээр оршин тогтнодоггүй.
  • Миний баримтлал маш энгийн. Энэ бол нинжин сэтгэл юм.
  • Та бүхний сүсэг бишрэл баттай, бурангуй, үнэнч байгаа нь гайхамшигтай
  • Би өндөр хөгжилтэй олон оронд очсон. Гадна талын хөгжил бол хүний таван мэдрэхүйг амгалан байлгадаг хэдий ч дотоод сэтгэлийг амгалан байлгаж чадахгүй
  • Би өндөр хөгжилтэй олон оронд очсон. Гадна талын хөгжил бол хүний таван мэдрэхүйг амгалан байлгадаг хэдий ч дотоод сэтгэлийг амгалан байлгаж чадахгүй
  • Дотоод сэтгэл амгалан байх нь бүхий л зүйл хийгээд эрүүл мэндэд ч тустай
  •  Бурхны шашны хамгийн том сургаал бол энэрэх, нигүүлсэх сэтгэл байдаг. 
  • Та зүгээр залбирах  биш өөрөө үйл хөдлөлөөр үзүүлэх хэрэгтэй. 
  • Бурхан Будда одоо морилж ирвэл иргэдийн ёс зүй, энэрэн нигүүлсэхүйн талаар хэлэх байсан. 
  • Сэтгэлийн ухааныг та бүхэн өөрсдөө сурч түгээх нь зүйтэй. 
  • Монголчууд та бүгдийн хичээл зүтгэл, ерөөл барилдлагаар би Монгол Улсад ирж чадлаа. 
  • Та бүхний сүсэг гайхшигтай сайхан байна. Би дахин Монгол Улсад морилон ирнэ

Д.Эрдэнэбат: Н.Алтанхуягийн асуудлаар нам өргөн хэлэлцэж байна


 АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат өнөөдөр ирэх сарын 6-ны өдөр болох намын Их хурлын зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тойрсон баривчилгааны талаар байр, сууриа илэрхийллээ. 
Д.Эрдэнэбат "Энэ асуудлаар нам өргөн хэлцэж байна. АН-ын лидерүүдийг үндэстэй, үндэслэлгүй мэдээллээр баривчлан саатуулах, олон нийтэд сенсаци дэгдээх асуудалд манай гишүүд санал нийлэхгүй байгаа. Тиймээс ойрын хугацаанд АН энэ талаар байр сууриа илэрхийлнэ.Н.Алтанхуяг гишүүний хувьд нэр дэвших эрхээ илэрхийлэх нь хувь хүний байр суурь. Үүнийг хориг саад тавьж болохгүй. Мэдээж АН-аас нэр дэвшихийг горилж байгаа нэг биш хүмүүс бий. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахын тулд 6 нэр дэвшигчийн сунгааг нам дотроо зохион байгуулсан. Энэ удаад ч ийм журмаар явна. Манай намын шинэ дүрмээр намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй" гэж ярив. 
Үүнээс үзвэл АН тун удахгүй Н.Алтанхуягийн асуудлаар байр, сууриа илэрхийлэх бололтой. 

Ж.Энхцэцэг: Жирэмсний эхний гурван сард өсөлтгүй жирэмслэлт элбэг тохиолддог

Манай улсын хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Нэг үгээр хэлбэл нөхөн үржихүйн насныхан голдуу ажиллаж, амьдардаг. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд өсөлтгүй жирэмслэлт нэмэгдсэн гэдгийг эмч мэргэжилтнүүд ярьсаар байна. Чухам яагаад өсөлтгүй жирэмслэлт бий болж байгаа, үүнээс хэрхэн сэргийлэх, талаар АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн  багш, АУ-ы доктор, дэд профессор, Зөвлөх эмч,  “Бүсгүй” эмнэлгийн ерөнхий эмч Ж.Энхцэцэгтэй ярилцсан юм.

Тэрбээр энэ чиглэлээр суралцаж байгаа оюутан залуус болон эмч, мэргэжилтнүүдэд өөрийн сурсан мэдсэн зүйлээ хуваалцаж яваа аж. Мөн эмэгтэйчүүдийн “Бүсгүй” эмнэлэгийг 1997 онд анх байгуулжээ. Тус эмнэлэг нь өдгөө 20-иод жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Ингээд ярилцлагаа хүлээн авна уу.  

-Өсөлтгүй жирэмслэлт гэж юу вэ?. Манай улсад энэ өвчлөлийн тохиодол хэр байна вэ. Сүүлийн үед нэлээд ихэссэн гэдгийг эмч мэргэжилтнүүд ярьж байна?
-Өсөлтгүй жирэмсэн гэдэг нь ямар нэгэн шалтгааны улмаас ураг амьгүй болж, ургийн өсөлт зогсохыг хэлнэ. Сүүлийн жилүүдэд өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдол жилээс жилд эрчимтэйгээр нэмэгдэж байна.  Улаанбаатар хотын томоохон амаржих газруудад өдөртөө л олон тоогоор тохиолдож байгаа нь статистикийн тоо баримтаас харагддаг. Мөн хувийн эмнэлгүүдэд ийм тохиолдолтой бүсгүйчүүд өдөр хэдэн арваараа ханддаг.
-Жирэмсэлсэн эхчүүдийн хэдэн хувь нь өсөлтгүй жирэмслэлт болж байна вэ. Өсөлтгүй жирэмсний талаарх судалгааны хэр байдаг юм? Нийслэлийн амаржих газруудын нийт өсөлтгүй жирэмсэний давтамж (10000 амьд төрөлтөнд)
-Өнгөрсөн жил Нийслэлийн “Өргөө” амаржих газрын их эмч Анагаахын ШУ-ы магистр Ч.Болорцэцэг “Өсөлтгүй жирэмсний зарим эрсдэлт хүчин зүйл, оношилгоо, шинжилгээний дүн” сэдвээр АУ-ы магистрийн зэргийг миний удирдлаган дор хамгаалсан. Одоогоор шавь маань уг ажлаа гүнзгийрүүлэн судлахаар БНХАУ-д докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Судлаач Ч.Болорцэцэг нарын судалгаанаас харахад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд өсөлтгүй жирэмсэний давтамж ихэсч байгаа нь дээрх зураг дээрээс илэрхий харагдаж байна. 
-Өсөлтгүй жирэмслэлт нэмэгдэх болсон шалтгаан. Юунаас шалтгаалж өсөлтгүй жирэмслэлт бий болж байна вэ?
-Эхийн хэвлийд ураг амьгүй болж, өсөлтгүй болох шалтгаан хүн бүрт янз бүр байдаг. Хамгийн том шалтгаан бол эхийн эрүүл мэндийн байдал шууд холбоотой. Эхийн эрхтэн тогтолцооны байдал хэвийн бус үед ураг хэвийн өсөж, хөгжинө гэж байхгүй. Тэр дундаа бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд, эхийн дотоод халдвар, амьдарч байгаа орчин, амьсгалж байгаа агаар, идэж буй хоол хүнс гэх зэрэг олон зүйлээс шалтгаалдаг байна.

Эхийн хэвлийд ураг амьгүй болж, өсөлтгүй болох шалтгаан хүн бүрт янз бүр байдаг. Хамгийн том шалтгаан бол эхийн эрүүл мэндийн байдал шууд холбоотой. Эхийн эрхтэн тогтолцооны байдал хэвийн бус үед ураг хэвийн өсөж, хөгжинө гэж байхгүй.
 
-Ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Ураг өсөлтгүй болсон үед ямар нэгэн өвөрмөц шинж илэрдэггүй. Зарим эмэгтэйчүүдэд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй байхад заримд нь хэвлийн доод хэсгээр өвдөх, доош цусархаг ялгадас гарах зэрэг эмгэг шинжүүд нийт бүсгүйчүүдийн 25-30 хувьд нь илэрдэг.
-Ураг өсөлтгүй болно гэдгийг ураг нь амьтай хэрнээ өсөлт нь зогссоныг хэлэх үү?
-Хэрвээ ураг амьтай нь батлагдсан тохиолдолд ургийн өсөлт нь байх ёстой хугацаанаас хоцорсон байвал өсөлтгүй жирэмсэн гэж үзэхгүй. Учир нь үүнийг ургийн хөгжил удааширч баригдах хам шинж гэсэн оношоор эмчилгээ хийдэг. Өөрөөр хэлбэл ураг өсөлтгүй болсон үед ураг амьгүй байдаг гэж үзэж болно.
-Ихэвчлэн жирэмсний хэд дэх 7 хоногт өсөлтгүй жирэмслэлт илэрч байна вэ?
-Өсөлтгүй жирэмсэн нь жирэмсний бүхий л хугацаанд болж болно. Гэхдээ жирэмсний сүүл хугацаанд ховор, жирэмсний эхний гурван сард өсөлтгүй жирэмслэлт хамгийн элбэг тохиолдоно.
-Өсөлтггүй жирэмсэний улмаас үр хөндүүлсэн гэж ярьж байсан хүний үгийг сонссон л доо. Өсөлтгүй жирэмсэн болсоны дараа дахиад ойрхон жирэмсэн болоход хэвийн үү? Эх болоод урагт ямар нэгэн сөрөг нөлөө бий юу?
-Өсөлтгүй жирэмсэн болох шалтгааны ихэнх хувийг эхийн дотоод халдвар эзэлдэг байна. Энэхүү дотоод халдварыг ТОRCH вирүсийн  шинжилгээгээр оношилдог. Эх вирүсийн халдвараар нэгэнт халдварлагдсан бол эмчлэхэд хэцүү. Хэрвээ ураг нь өсөлтгүй болон тусламж, арга хэмжээ авахуулсаны дараахан жирэмсэлбэл ураг болоод эхийн эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө үзүүлнэ. Ургийн талаас бол ураг дахин амьгүй болох магадлал маш өндөр. Учир нь ураг амьгүй болох шалтгаан хэвээрээ байгаа шүү дээ. Эхийн талаас бол эхийн умайд дахин ажилбар хийнэ гээд бодохоор умайн бүтэц үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө. Үүнээс үүдэн дараагийн жирэмслэлтийн үйл явцад сөрөг нөлөө үзүүлнэ. Харин дараагийн өсөлтгүй жирэмснээс сэргийлэхийн тулд умайгаас эдийн шинжилгээ авч ураг амьгүй болоход умайн талаас шалтгаан байсан эсэхийг тодруулах нь хамгийн их ач холбогдолтой байх болно.
-Тэгэхээр дахин өсөлтгүй жирэмсэн болохгүйн тулд эмэгтэйчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Хэрвээ урьд нь өсөлтгүй жирэмсэн болсон бол дараагийн жирэмслэлтийг 8 сараас 1 жилийн хугацаанд хойшлуулах шаардлагатай гэж үздэг. Учир нь яагаад энэ удаа ураг амьгүй болов гэдэг шалтгааныг сайтар тодруулахын тулд мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авч эмчилгээ хийлгэн, тухайн эмчилгээний үр дүнг тооцох хугацаа шаардлагатай.
-Өсөлтгүй жирэмслэлт болсон ч эмчилгээ хийлгэж хэвийн болгож болох боломж бий юү?
-Байлгүй яахав. Маш олон эмэгтэйчүүд мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авч, шаардлагатай шинжилгээнүүдийг бүрдүүлж, зохих эмчилгээ хийлгэсний дараа жирэмсэлж өөрөө эрүүлжиж, эрүүл хүүхэд төрүүлж байна.
-Өвлийн улиралд өсөлтгүй жирэмслэлт нэлээд нэмэгддэг. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой гэж уншиж байсан. Үнэн үү?
-Өвлийн улиралд, ялангуяа хот газар утаа, агаарын бохирдол их байдагтай холбоотойгоор өсөлтгүй жирэмслэлтийн давтамж өндөр байдаг гэж үздэг. Эхийн амьсгалж байгаа  агаараар ураг тэжээгдэнэ шүү дээ. Гэхдээ сайхан агаартай утаагүй хөдөө нутагт олонтой тохиолддог гэж бодохоор эхийн эрүүл мэндээс илүүтэй ихээр хамаарна гэж бодож байна даа.
-Олон удаа үр хөндүүлэх нь “Өсөлтгүй жирэмслэлт”-д нөлөөлөх үү?
-Хамгийн ихээр нөлөөлнө. Үр хөндөлт гэдэг бол өөрөө эрсдэлтэй ажилбар. Олон удаа үр хөндүүлэхээр умай үрэвсэн, гуурсан хоолой битүүрнэ,  өндгөвний үйл ажиллагаа хямардаг. Ингээд бодохоор дараагийн жирэмсний явц хэвийн үргэлжлэх боломж багасна.
-Хэрвээ ураг амьгүй болоод арга хэмжээ авахгүй удвал ямар нэгэн сөрөг нөлөө бий юу?
-Хамгийн их сөрөг нөлөөтэй. Учир нь эхийн цус бүлэгнэлтийг муудуулах аюултай. Иймд цус бүлэгнэлтийн шинжилгээг заавал өгч, шаардлагатай бол эмчилгээ хийлгэж байж тусламж авах нь хамгийн чухал.
-Сүүлийн үед бүсгүйчүүдэд дотоод халдвар гэдэг асуудал тулгамдаж байна гэж та ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээдэл өгнө үү?
-Өсөлтгүй жирэмсэн болох шалтгааны ихэнх хувийг эхийн дотоод халдвар эзэлдэг байна. Энэхүү дотоод халдварыг ТОRCH вирүсийн  шинжилгээгээр оношилдог. Эх вирүсийн халдвараар нэгэнт халдварлагдсан бол эмчлэхэд хэцүү. Энэ тохиолдолд заавал эмчийн зөвлөгөө авч, эмчилгээ хийсний дараа жирэмсэлбэл эмэгтэйчүүд маань дахин эрсдэлд орохгүй байж болно.

  • ТОRCH халдварын талаар тодруулна уу?
  • Т- токсоплазм
  • О-бусад
  • R-рубелла вирүс
  • C-цитомегало вирүс
  • H-герпес вирүс

Дээрх халдваруудаар халдварлагдсан тохиолдолд ураг өсөлтгүй болох, урагт гаж хөгжил үүсэх аюултай. Үүнд ургийн нүд үрэвсэх, урагт эмгэг усжилт үүсэх, ялангуяа тархи усжих, дүлийрэх, сохрох, эрхтний гажгууд үүсэх зэрэг гаж хөгжлүүд олонтой тохиолдоно.
-Өсөлтгүй жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгнө үү?
-Нэн түрүүнд эх эрүүл байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө.Жирэмслэхээс өмнө бүх эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, төлөвлөгөөтэйгөөр жирэмслэх нь зүйтэй. Өмнө нь өсөлтгүй жирэмсэн болж байсан бол заавал шалтгааныг нь тодруулах шаардлагатай. Үүний тулд умайн агууламжинд эдийн  шинжилгээ хийх хэрэгтэй. 

  • ТОRCH халдварын шинжилгээнд хамрагдах
  • Молекул биологийн шинжилгээгээр уреаплазм, микоплазмыг илрүүлэх
  • Бактериологийн шинжилгээнд хамрагдан бэлэг эрхтний үрэвслүүдийг оношлон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эмчлэх нь дараагийн жирэмсний үед эерэгээр нөлөөлнө.

Хамгийн сүүл хэлэхэд бүсгүйчүүд минь өөртөө хайртай эрүүл байж эрүүл үр хүүхэдтэй болно гэж хэлье. Мөн Монголын үрс маш олон болох болтугай.

Н.Алтанхуягийн дүүгийн шүүх хурал хойшиллоо

Өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин Ц.Насанбатыг цагдан хорьсон гомдлыг хэлэлцэх шүүх хурал болох байсан ч дүүргийн шүүгчийн шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар хойшиллоо.

Энэ үеэр Ц.Насанбатын Өмгөөлөгч Д.Хишигбаяр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Монгол Улсын шүүх АТГ-аас хараат ажиллаж байна. Н.Алтанхуягийн төрсөн эгчийн дүү Ц.Насанбатыг баривчилсан нь улс төрийн зорилготой ажиллагаа юм. Түүнийг яагаад хорьсон нь ойлгомжгүй, хууль зөрчсөн шинжтэй. Ц.Насанбатыг Эрүүгийн хуулийн 263.2 зүйлээр Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчилсан. Гэтэл Ц.Насанбат нь Төрийн албанд нэг ч цаг ажиллаж үзээгүй хүн шүү дээ. Энэ бол шууд хэрэгт гүтгэж байгаа хэрэг. Дээр нь Ц.Насанбат нь насанд хүрээгүй гурван хүүхэдтэй. 3, 7, 17 настай гурван хүүхдийг нь харах хүнгүй байхад 5 хоног ээжийг нь хорьчихлоо. Бас цагдан хорих үйл ажиллагаа нь хууль зөрчсөн. Уг нь бол эхлээд Ц.Насанбатыг гэрчээр дуудаж байцаалт авдаг байсан юм билээ.

АТГ-ын мөрдөн байцаагчийг дуудах болгонд нь очиж байсан. Ямар нэгэн байдлаар байцаалтаас зайлсхийсэн үйлдэл огт гаргаж байгаагүй. Тийм байхад оргон зайлах үндэслэлтэй гэж үзээд цагдан хорьчихсон. Энэ бол Үндсэн хуулиас эхлээд Хүний эрхийн конвенцийн олон зүйл заалтыг зөрчсөн, илт улс төрийн шинжтэй хэрэг болж байна. Ерөөсөө Н.Алтанхуяг гэдэг хүний дүү гэсэн шалтгаанаар зохиомол хэрэг үүсгэн үндэслэлгүйгээр хорьж байна” гэв. 


Энэ баасан гаригт бүх нийтээрээ амрахаар боллоо

11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны баярыг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульчилсан билээ. Тэгвэл энэ жил эл өдөр амралтын өдөр тохиож байгаа учир тухайн өдрийн амралтыг энэ баасан гарагт шилжүүлэх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Ийнхүү Улс тунхагласны өдрийн амралтыг баасан гарагт шилжүүлж, бүх нийтээрээ амрахаар боллоо.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 11-13-нд Улаанбаатар хотод хийхээр хоёр тал тохироод байгаа юм.
Уг хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх ахлах юм. Комиссын хуралдаанаар худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэх юм. 

IOS үйлдлийн системийг гацаах вирустэй бичлэг тархаж байна

Хортой программын цар хүрээ улам нэмэгдэж, энгийн нэгэн бичлэг хүртэл таны хэрэглэж буй төхөөрөмжийг гэмтээх чадалтай болжээ. Macrumors-т бичсэнээр интернетэд байршуулсан нэгэн бичлэг iOS үйлдлийн системтэй төхөөрөмжийг гацааж, хэрэглэгч заавал “hard reset” хийх шаардлагатай болно гэсэн байна.
Хэрэглэгч Safari веб хөтчөөр дамжуулан тухайн бичлэгийг ачаалласан тохиолдолд эхлээд хэвийн мэт боловч үйлдлийн систем удааширсаар, төд удалгүй бүрэн гацах аж.EverythingApplePro нэртэй Youtube сувагт энэхүү үйл явц хэрхэн явагдаж буйг харуулжээ. Энэ алдаа зөвхөн сүүлийн үеийн гэлтгүй бүр iOS 5- iOS 10.2 хүртэлх үйлдлийн системтэй хэрэглэгч ч хохирогч болж болно.

Одоогоор vk.com, testtrial.site90.net гэсэн хаягууд дээр энэхүү бичлэг байрлаж байгаатул хэрэглэгчид бүрэн итгэлтэй хаяг л биш бол ямарваа нэгэн бичлэгийг тоглуулж үзэхгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн энэ бичлэгийг өөр сайт дээр байршуулах, URL хаяг богиносгогч ашиглан жинхэнэ хаягийг нь нуух зэргээр тараах боломжтой гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Мөн хэрэв ямар нэгэн тодорхойгүй хаяг руу нэвтэрч,IOS үйлдийн  системтэй гар утас, таблет, нөүтбүүк зэрэг гацвал үйлдвэрийн тохиргоо, hard reset хийхийг санууллаа. 


 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 2