8o
Улаанбаатар хот
mobile menu

Зудтай аймгийн Засаг дарга нар ингэж ярьж байна

2016-11-24 09:09:00

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байдалтай байна. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар 13 аймгийн 54 сум “Цагаан зуд”-ын байдалтай байгаа аж. Тиймээс бид дараах аймгуудын Засаг дарга нартай холбогдож өвөлжилтийн нөхцөл байдал ямар байгааг тодруулсан юм. Эхний удаад эдгээр таван аймгийн сонголоо. Цаашид аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдлыг цувралаас хүргэх болно.

А.Гылымхан: Булган суманд өвөлжилтийн нөхцөл хүнд байна

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан:

-Манай аймгийн хувьд зарим сумдуудад өвөлжилт хүндэрсэн. Тухайлбал, аймгаасаа 300 км зайд байдаг Булган суманд өвөлжилтийн нөхцөл хүнд байна. Өнөөдөр аймгаас 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулаад тус суманд ажиллаж байна. Хоёр хоногийн өмнө Улсын онцгой комисс хуралдаж Булган сумын малын Ховд аймгийн Луут, Мөнххайрханд өвөлжүүлэх, оторлуулах шийдвэр гаргасан. Мөн цас их орсны улмаас аймаг руу орох хэд хэдэн зам даваа хаагдсан. Тиймээс замын компаниудыг дайчилж цас цэвэрлэх, зайлуулах ажил хийж байна. Өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангасан. Гэхдээ манай аймагт цас их орсон тулд нөхцөл байдал хүндхэн байна.

Д.Батсайхан: Цасны зузаан 20-40 см, 35-40 хэм хүрч хүйтэрч байна

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан:

-Манай аймгийн хувьд нийт нутгаар цасны зузаан 20-40 см, 35-40 хэм хүрч хүйтэрч байна. Өнөөдөр /өчигдөр/ Хурандаа Энх-Амараар ахлуулсан Улсын онцгой байдлын комисс ажиллалаа. Өвөлжилтийн нөхцөл байдлын хувьд өөрсдийн хэмжээнд өвс, тэжээлээ нөөцөлж бэлтгэсэн. Гэхдээ энэ жилийн мөнгө, санхүүжилт бага болохоор өмнөх жилүүдийг бодоход харьцангуй бага өвс, тэжээл бэлтгэж авсан. Манай аймаг 18 сумтай, төвтэйгээ нийлээд 19 сум гэж явдаг. Эдгээрээс одоогийн байдлаар өвөлжилт хүндэрч, зутарсан сум байхгүй байна. Ерөнхийдөө манай аймаг энэ хэмжээний хүйтэн, цастай байдаг.

Д.Батлут: Зудын нөхцөл байдал руу нэлээд ойртсон

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут:

-Манай аймаг зудын нөхцөл байдал руу нэлээд ойртсон. Цасны зузаан 22-25, зарим газраар 37-51 см хүрч байна. Хэд хэдэн зам даваа хаагдах хэмжээнд хүрээд байна. Аймаг, сумдын хэмжээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бэлтгэж дууссан. Жаргалант сумын өвс тэжээлийг тун удахгүй татаж аваад дуусна. Удахгүй малын тооллого болно. Энэ үеэр ажлын хэсэг байгуулж малчдын нөхцөл байдалтай танилцахаар төлөвлөж байна. Ойрхон хэд хэдэн удаагийн давтамжтай цас их орсон тул ерөнхийдөө аймгийн хэмжээнд цастай байна. Маргааш /өнөөдөр/ аймгийн онцгой байдлын комисс хуралдаж өвөлжилттэй холбоотой хэд хэдэн шийдвэр гаргана. Мөн цэцэг өвчин гарсантай холбоотойгоор энэ өвчин дамжин халдварлах нөхцөл байдлыг газар дээр нь  судалж, дамжиж орох газар, постуудад ажлын хэсэг гаргаж ажиллана.

М.Бадамсүрэн: 9 сум цагаан зудтай, 1-2 сум нь цагаан зудархуу ангилалд багтсан

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: 

-Өвөлжилтийн бэлтгэл ажил Засгийн газрын тогтоолын дагуу хэвийн биелэгдээд явж байна. Гэхдээ энэ жилийн хувьд өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байна. Яагаад гэвэл өнгөрсөн зун гандуу байсан, намар оройтож бороо орсны улмаас хадлан бэлтгэх талбай хүндрэлтэй байсан. Мөн хадлангийн талбай, өвс, тэжээл норсон, харласан. Тиймээс өвс, тэжээлийн чанарын хувьд өмнөх жилүүдтэй харьцуулвал муу байна.  Намар гандуу байж байгаад цас эрт унасанаас болж малын бэлчээр хөлдүү байдалтай байна. Хөдөөгийн 9 цагаан зудтай, 1-2 сум цагаан зудархуу ангилалд багтсан. Мөн хоёр сум хэвийн гэсэн ангиллад багтаад байна.

Ш.Оргил: Дахиад цас ороход өвөлжилтийн нөхцөл байдал маш хүндэрнэ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил:

-Манай аймгийн Сэлэнгэ, Зүүнбүрэн, Хүдэр, Хашаат, Түшит, Ерөө, Шаамар сум цагаан зудтай, Орхон, Орхонтуул сум цагаан зудархуу гэсэн ангиллалд ороод байна. Цасны зузаан 20-35 см, хунгарласан хэсэгтээ 35-40 см хүрээд байна. Үүнээс үүдэн мал бэлчээрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвөл, хавар 17 сумын 55 баг 8773 малчин болон мал бүхий иргэд 1,5 сая мал өвөлжих төлөвтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 145,5 мянган тонн байгалийн хадлан, 26,3 мянган тонн сөрөл, 3,3 мянган тонн ногоон тэжээл, 10,7 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 6,1 мянган тонн давс, 7,7 мянган өвс тэжээл 35 тонн гар тэжээлийг аймгийн хэмжээнд бэлтгээд байна. Дахиад цас ороход өвөлжилтийн нөхцөл байдал маш хүндэрнэ. Аймгийн онцгой байдлын комисс хуралдаж сум бүрт нэг хүн томилж нөхцөл байдалтай танилцахаар ажиллаж эхэлсэн. Сумдын зам даваа хаагдах, цас хунгарлах нөхцөл байдал үүссэн тул аймгийн ХАА газар болон бусад холбогдох байгууллагуудтай хамтраад сум дээр байгаа техник, тоног төхөөрөмжийг бэлтгэж гэнэтийн гамшигт үзэгдэлд бэлэн ажиллахаар төлөвлөөд байна.

Ийнхүү аймгийн Засаг дарга нар өвөлжилийн нөхцөл байдлын талаар ингэж ярив. Тун удахгүй дараагийн таван аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлыг хүргэх болно.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
malchid hetsuudej bgaa ym bnadaaa
2016/11/24 43.242.242.51
  • Recent
  • Most Read
  • Most Comment