8o
Улаанбаатар хот
mobile menu

Зудын эрсдэл ихтэй байгаа газар нутгийн хэмжээ сүүлийн 10 хоногийн дотор 20 хувиар нэмэгджээ

2016-11-25 09:30:00

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг. Эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зурган мэдээг  гаргажээ.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг олон төрлийн мэдээллийг ашигласан байна.

Энэ сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гаржээ.

Баян-Өлгий, Увс, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Ховдын өмнөд, Завхан, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн зарим нутгаар хамгийн их эрсдэлтэй байна.

Мөн Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх, Завханы зүүн, Булганы хойд, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд нутгаар эрсдэл ихтэй гарсан. Ийнхүү зудын эрсдэл ихтэй байгаа газар нутгийн хэмжээ сүүлийн 10 хоногийн дотор 20 хувиар нэмэгджээ.

Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна.

Иймд ЦУОШГ-аас өвс  тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment