8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа

2016-11-25 11:10:00

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зүүн болон говийн аймгуудад ажиллаж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурлаар хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, зам арчлалт, төв суурин газрын өвөлжилтийн бэлэн байдлыг хэлэлцүүлж, Говь-Угтаал сумын нутагт “Хонины цэцэг” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм, улсын нөөцийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргад 14 заалт бүхий зөвлөмж өгөв.

Үүнд:

1.Аймгийн онцгой комиссын хуралд дарга нарыг бүрэн оролцуулж байх. Дарга болно гэдэг бол хариуцлага хүлээж, ард иргэдэд үйлчлэхээр томилогдсон албан тушаалтан. Аймгийн удирдах албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэх, хандлагыг нь өөрчлөх, хуралд оролцоогүй дарга нартай шалтгааныг тодруулж хариуцлага тооцох;

2.Өвөлжилтийн бэлэн байдлын төлөвлөгөөг өгсөн үүрэг чиглэлийн дагуу боловсруулж, батлуулсан байна. Энэ бол сайшаалтай зүйл. Одоо нөгөө талд нь эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай байна. Эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан хариу арга хэмжээг заалт бүрээр гаргаж, хариуцах эзнийг зааж, хэрэгжилтийн хойноос хөөцөлдөж ажиллах. Аймгийн Засаг дарга эрсдэлийн үнэлгээнд дүгнэлт хийгээд, тактик арга ажиллагаагаа боловсруулаад, тусламжаа эрэмблээд, менежмент, зохицуулалтаар хангаад ажиллах;

3.Аймгийн Засаг даргын орлогч эрсдэлийн үнэлгээ боловсруулах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг хариуцах;

4.Аймгийн онцгой комиссын гишүүдийг суманд, малчны хотонд ажиллуулах шаардлагатай байна. Аймгийн удирдах албан тушаалтнууд малчны хотонд очоод хийж хэрэгжүүлж буй ажил, төрлөө танилцуулж, соён гэгээрүүлэх ажлыг хийх шаардлагатай байна. Залуу малчдад өгөх мал маллагааны зөвлөмжийг бэлтгэн, тараах, зөвлөмжөөр хангах;

5.Малчдын оролцоог нэмэгдүүлэх талаар аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүд малчидтайгаа амьд харилцаа тогтоож, ойр дотно ажиллах, иргэн хүнийх нь хүлээх үүрэг хариуцлагыг нь хэлж ойлгуулах шаардлагатай байна. Иймд одоо малчидтайгаа ярилц, хатуу сануулга өгч, хариуцлагыг нь нэмэгдүүлж ажиллах, малчдын оролцоо гэдгийг бий болгох, ямар оролцоо байх талаар асуудлыг боловсруулж хэрэгжүүлэх, малчдад урам зориг, эрч хүч өгөх, идэвхийжүүлэх;

6.Аюулгүйн нөөцийг хариуцлагагүй бэлтгэсэн сумын Засаг дарга нарт хариуцлага тооцох. Төрийн албаны үйл ажиллагааг тогтворжуулахад анхаарах, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг сайжруулах;

7.Нөхцөл байдал хүндэрсэн үед багийн түвшинд, сумын түвшинд, аймгийн түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчилан тогтоох

8.Багийн Засаг дарга нарт сумын эрсдэлийн үнэлгээ хийхэд ашиглагдах 100 асуултыг боловсруулах үүрэг өгөөд явж байгаа. Энэ үүргийн биелэлт эхнээсээ ирж байна. Энэ асуултыг гаргаад эрсдэлээ үнэлээд ирэхээр аймгийн хэмжээний нөхцөл байдал, дүр төрх, хийж хэрэгжүүлэх ажлын ерөнхий зураглал гарна.

9.Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар хамтран малчдын шилжилт хөдөлгөөнд анхаарч, бүртгэл судалгааг сайжруулж, хамтран ажиллах, төлөвлөгөө боловсруулж, хяналт тавьж ажиллах, зэргэлдээ аймагтай мэдээлэл солилцох, харилцан ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажиллах, өөрсдийн тусгай журмаар хамтрах;

10.Засгийн газрын 322 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 02 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг заалт бүрээр нарийвчлан гаргах, хариуцах эзнийг заах, хэрэгжилтийг хангуулах, хойноос хөөцөлдөх, үр дүнд анхаарах;

11.Сумдын Засаг дарга нарт “Багц мессеж”-ийн нэг жилийн төлбөр болох 150000 төгрөгийг сумын гамшгаас хамгаалах санд бүрдүүлэх талаар үүрэг чиглэл өгөх;

12.Аймгийн хэмжээнд сум, баг бүрээр өгөгдсөн коэфицентийн дагуу хэд хоног тэжээх өвс, тэжээлийн тооцоог гаргах;

13.Мэргэжлийн хяналтын байгууллага одоо өгөгдөж буй үүргүүдийн биелэлтэд анхаарал сайн тавьж ажиллах, ард олонд хууль тогтоомж, стандартын талаар зөвлөмж өгдөг, анхаарал тавьдаг, ярьдаг хэлдэг арга барилтайгаар өвөлжилтийг даван туулах;

14.Авто тээврийн газраас зорчигчдын аюулгүй байдлыг хангах, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол авч хэвших, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх, хүн тээвэрлэж байгаагаа эрхэмлэх, аюул ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж аймгийн Онцгой байдлын газрын даргаар хянуулж, батлуулан ажиллах;

Ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллахаар мордлоо.

Зураг 1. Аймгийн онцгой комиссын хуралдаан

1

Зураг 2. Говь-Угтаал сумын нутагт “Хонины цэцэг” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмтэй танилцав

2

Зураг 4. Улсын нөөцийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа

3

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл