Өндөр гэгээн Занабазар XVII зуунд урласан алтадмал бурхныг БНХАУ-ын иргэн дуудлага худалдаагаар худалдан авчээ. Эртний үнэт эдлэл сонирхогчдын харааг булаасан энэхүү бүтээл 73 сая юань буюу 10.6 сая орчим ам.долларын үнэд хүрсэн байна. 52 см өндөртэй, 37 см өндөр, алтадсан хүрэл энэхүү бурхныг Бээжингийн дуудлага худалдаанд тавьсан байна. Монголын нэрт урлаач, барималч, Монголын уран зургийг үндэслэгч, шашны тэргүүн Занабазарын уг бүтээл өдгөө хувийн цуглуулгад орж байгаа аж.
Дашрамд дурдахад Занабазарын урласан бас нэгэн хүрэл бурхан 2014 оны арванхоёрдугаар сард “Sotheby’s” дуудлага худалдаагаар зарагдаж байсан юм. Эртний түүх, соёлын дурсгал болсон уг бүтээл тухайн үед 4,3 сая ам.долларын үнэд хүрч байсан бөгөөд БШУЯ-ны зүгээс энэ асуудалтай холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ. Тухайн үед БШУ-ны сайд байсан Л.Гантөмөр Монгол Улсын Засгийн газар Занабазарын бүтээлүүдийг XX зуунаас л гадагш гаргахыг хориглосон гэж мэдэгдэж байсан аж.