8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсыг Тунхагласан энэ өдрийн тухай хүүрнэвэл

2016-11-26 10:55:00

Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо тунхагласны 92 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна.  Өдгөөгөөс 92 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс Анхдугаар үндсэн хуулиа баталж дэлхий даяар Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа зарлан тунхагласан билээ. Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан жижигхэн, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам байсан юм. Монголчууд туурга тусгаар улс болсноо ийнхүү зарлахад хэдийгээр хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэж дэлхийн олон орны сонорт хүрсэн билээ. Хэдий Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн Төвд, Тува улсууд нь өдгөө Хятад, ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг ч манай улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Хожим Монголын Улсын тусгаар тогтнолыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн томоохон үйл явдал болох 1945 оны Ялтын хэлэлцээрийн үед И.В.Сталин “БНМАУ нь 1924 онд үндсэн хуулиа баталж тусгаар улс болсноо зарлан тунхагласан байна. Үүнийг та нар мэдэж байгаа” хэмээн Англи, АНУ-д тулгаж байсан түүхтэй. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс нь Анхдугаар үндсэн хуулиа баталснаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулж, улс шиг улс болон хөгжих эхлэлээ тавьсан түүхтэй. Хэрэв энэ өдөр Үндсэн хуулиа батлаагүй, улсаа дэлхий нийтэд тунхаглан зарлаагүй бол Монгол орны хойшдын хувь заяа хаашаа эргэж, үйл явдал хэрхэн өрнөх байсныг өнөөгийн өндөрлөгөөс таахад бэрх ч ийнхүү улсаа тунхагласан нь зөв алхам болсон гэдэг л маргашгүй үнэн юм.
Аливаа улсын тусгаар тогтнол үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тиймээс Анхдугаар үндсэн хуулиа баталсны ач холбогдол ч тусгаар тогтнолын дайтай үнэ цэнэтэй. Чухам Үндсэн хуулиа баталж, өөрийн гэсэн Засаг төртэй болж, Монгол Улсаа дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, эрх чөлөөтэй амьдрахыг л 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан, зохион байгуулсан Богд хаан, Чин ван Ханддорж, Түшээ гүн Чагдаржав, Эрдэнэ ван Намсрай, Эрдэнэ далай ван Гомбосүрэн, Да лам Цэрэнчимэд, Сайн Ноён хан Намнансүрэн зэрэг ноёд түшмэд, 1921 оны Ардын хувьсгалыг гардан хийсэн Д.Бодоо, С.Данзан, Д.Чагдаржав, Д.Сүхбаатар нар хүсч мөрөөдөж, үүний төлөө бүгд алтан амиа зориулсан билээ. Анхдугаар Үндсэн хуулинд "... улсын дээд эрхийг жинхэнэ ардад ... эдлүүлж”, "Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ" хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утгаа хадгалан Ардчилсан Үндсэн хуульд оршсоор байгаа буй.  

Монголчууддаа баярын мэнд хүргэе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment