Энэ сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэх шингэнд хордож дөрөв нь нас бараад байна. Мөн нэмээд таван иргэний бие хүндэвтэр байдалтай байгаа юм. Уг хэргийн талаар Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн “Албаныхан газар дээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар компанийн ажилтан махны агуулахаас шилтэй үл мэдэх шингэн зүйл авч өрөөндөө тавьсныг орж ирсэн хүмүүс уусны улмаас хордсон. Тухайн шингэн зүйл юу болохыг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн.
Тэгвэл албан бус мэдээллээр махны агуулахаас авсан тус шингэнийг ажилчид архи хэмээн андуурч уусан байна. Тэгэхээр шилтэй шингэн архитай ижил, төстэй харагдсан болж таарах нь. Хоёрдугаарт тус шингэнийг чухам юу болохыг “Зөв боломж” компанийн удирдлагууд маш сайн мэдэх учиртай. Учир нь уг компани нь тус шингэнийг юунд, хэрхэн ашиглах гэж авснаа хамгийн сайн мэдэж байгаа.
Тэгэхээр “Зөв боломж” компанийн зүгээс уг шингэнийг юу болохыг урьдчилсан байдлаар олон нийтэд хариуцлагатайгаар мэдэгдэх нь зүйтэй болов уу.
Уг золгүй үйл явдлын талаарх дуудлага мэдээлэл энэ сарын 25-ны өдрийн 22.00 цагийн үед цагдаагийн газарт иржээ. Энэ дагуу яаралтай түргэн тусламжийн баг хордсон иргэдийг аймгийн төвийн эмнэлэгт аваачсан байна. Иргэдийн хордсон газар буюу “Зөв боломж” компанийн байр нь аймгийн төвөөс 210 км, Халх гол сумаас 110 км зайд оршдог аж. Гарал үүсэл, нэр хаяг, үйлдвэрлэсэн газар, шошго гэх мэт таних тэмдэггүй шингэнд хордож нас барсан дөрвөн иргэний нэг нь газар дээрээ нас баржээ. Харин хоёр нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан бол нэг нь эмнэлэгт ирээд өнгөрчээ. Одоо дахин таван хүний биеийн байдал хүнд байна. Мөн есөн иргэнд хордлого тайлах гемодиализийн эмчилгээ хийлгэж байгаа аж. Хоёр нь хүлээн авахад, мөн тав нь гадуур эмчлүүлж байна. Цаашид хордсон иргэний тоо нэмэгдэж магадгүй гэж албаныхан хэлж байгаа юм. Эмчилгээ хийлгэж байгаа иргэд 26-33 насны залуус аж. Хэрэг явдал “Зөв боломж” компанийн газрын тосны 21 дүгээр талбайд болжээ.
Үүссэн нөхцөл байдлын дагуу Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан улсын онцгой комисс хуралдаж яаралтай арга хэмжээг авахаар боллоо. Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг яг одоо Дорнод аймагт ажиллаж байна. Ажлын хэсгээс өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “Аймгийн шүүх эмнэлэг, мэргэжлийн хяналтын газрынхан үл мэдэх шингэн бодисын дээжийг шинжлүүлэхээр өнөөдөр өглөө Улаанбаатар руу, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори руу явуулсан байна. Хариу нь гарахыг хүлээж байна. Ер нь тус компанийн газрын тосны 19, 21 дүгээр талбайд ямар нэг нэр хаяггүй, химийн бодисууд өмнөх шалгалтаар илэрч байсан. Тухайлбал, өнгөрөгч 10 дугаар сарын 9-нд Мэргэжлийн хяналтын газраас энэ хоёр компанийн үйл ажиллагаатай танилцсан. Тухайн үед химийн бодис хадгалдаг агуулах сав, ашигласан химийн бодисоо стандартын дагуу устгах боломж бүрдээгүй байсан. Энэ дагуу тус компанид 12 дугаар сар хүртэл зөрчлөө арилгах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнээс гадна “Зөв боломж” компанийн газрын тосны 19, 21 дүгээр талбай дахь ажилчдын амьдрах нөхцөл, хоол хүнсний, гал тогоо нь стандарт хангаагүй тул улсын байцаагчийн зүгээс үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан. Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүйгээс өнөөдрийн ийм нөхцөл үүслээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн тус компанийн үйл ажиллагааг таслан зогсоох шийдвэрийг гаргаж байна” гэсэн.
Мөн Эрүүл мэндийн яамныхан Дорнод аймгийн эмнэлэгтэй онлайнаар холбогдон хуралдаж цаашид авах арга хэмжээнийхээ талаар ярилцлаа.Уг шингэн чухам юу болох нь шинжилгээний хариу өнөөдөр гарч магадгүй байна.
Хятадын “Петрочайна тачин тамсаг” компанийг монголчууд андахгүй. Тус компани монгол ажилчдын эрх ашгийг уландаа гишгэж хууль, журамд захирагдалгүй олон жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Монголын аль ч сайдын шаардлагыг хүлээж авдаггүй. Олон жил Дорнодын талд газрын тос олборлохдоо газар нутгийг нь сүйтгэж нутгийн иргэдийг нь дээрэлхэж, доромжилж ирсэн гэдэг. Монголын төрд захирагддаггүй тус компанийн охин компани энэ удаа дөрвөн монгол иргэний аминд хүрлээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Петро Чайна Тачин тамсаг” болон “Зөв боломж” компанид шалгалт явуулан маш олон ноцтой зөрчлийг илрүүлсэн талаар МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү хэлснийг дээр дурдсан. Шалгалтаар нэр, хаяг шошгогүй шингэн бодисуудыг илрүүлж устгах шаардлагыг ч өгч байж. Тодруулбал, химийн бодис хадгалдаг агуулах сав, ашигласан химийн бодисоо стандартын дагуу устгах үүрэг өгснийг үл тоож явсаар ийнхүү дөрвөн иргэний аминд хүрлээ. Тус компаниуд Монголын эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагыг хүлээж авалгүй өмнөх шигээ том загнасан нь энэ. Хуулиас дээгүүр эрх мэдэл эдэлдэг эрх, дархтай тус компанийн үйл ажиллагаан яаж цэгцлэх вэ?. Энэ компанийн Монгол улсад, монголчуудад учруулсан хор хохирол их. Энэ удаа дөрвөн иргэний аминд хүрч олон хүний эрүүл мэндээр тоглолоо. Цаашилбал Монголын төр засгийг хохироолоо.
Тэгэхээр ганц “Зөв боломж” компаний үйл ажиллагааг зогсоох бус “Петро Чайна тачин тамсаг” компанийн үйл ажиллагааг ч мөн зогсоомоор байна. Яагаад охин компани нь эрхээ хасуулаад төв компани нь уснаас хуурай гарах ёстой гэж.
“Зөв боломж” компани нь 193 монгол иргэнийг гэрээгээр ажиллуулж байгаа аж. Энэ монголчуудын хэд нь цаашид харамсалтайгаар амиа алдах ч юм бил ээ бид мэдэхгүй шүү дээ.
Т.Энхэлээ