Дорнод аймагт газрын тосны олборлолт явуулдаг "Петрочайна Дачин Тамсаг" компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж" компанийн 21 ажилтан техникийн спиртийг архитай андууран ууснаас болж дөрөв нь амиа алдаад байна. Мөн таван хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд бусад нь хордлого тайлах эмчилгээг хийлгэж байгаа юм.
Тэгвэл энэ асуудлаар "Зөв боломж" компанийн захирал Л.Банзрагч мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ийм эмгэнэлтэй үйл явдалд манай компанийн ажилчид өртсөнд харамсалтай байна. Хордсон хүмүүс манай ажилчид мөн хэдий ч өөрсдийн байрлаж байсан байрнаасаа нэг км хол байдаг Хятадын компанийн байран дээр ажил хийж байгаад дээрх 3 литр орчим шингэнийг олж ууснаар ийм байдалд хүрлээ. Манай компани нь туслан гүйцэтгэх ажил хийдэг учир ямар нэгэн химийн бодистой харьцаж ажилладаггүй. Мэргэжлийн хяналтын газраас манай үйл ажиллагааг зогсоосон байсан мэтээр ташаа мэдээлэл гарсан. Манай үйл ажиллагааг зогсоогоогүй. Аймгийн МХГ-аас гал тогооны халуун тогооны уур гаргагчийг шинэчилж сайжруулах үүрэг өгсөн байсныг бид зассан. Түүнээс биш үйл ажиллагааг зогсоосон юм байхгүй. Мөн хордосон хүмүүсийнхээ ар гэрийнхэнтэй байнгын холбоотой байгаа" гэлээ.
Т.Хулан