8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж чадах уу

2016-11-29 08:27:50

 

Засгийн газраас “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр Хууль зүйн байнгын хороодоор хэлэлцэнэ. Гэвч шалгалтын дүн Ардчилсан намын бүлгийн гишүүдэд албан ёсоор ирээгүй учраас тус бүлэг уг асуудлаар долоо хоногийн завсарлага авна гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Хөгжлийн банкнаас авсан томоохон зээлүүдийн 60 хувийг МАН-ын бүлгийн гишүүд авсан байдаг. Цаашилбал шалгалтын дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд тараагаагүй байж шууд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл. Эхлээд гишүүдийн гар дээр материал ирэх ёстой. МАН-ынхан ингэж хууль зөрчихөө зогсоох хэрэгтэй. Хөгжлийн банкнаас олон компани зээл авсан. Томоохон зээл авсан компаниудын 60 хувь нь МАН-ын компаниуд. Гэтэл ганц Ардчилсан намынхан хувааж аваад идчихсэн юм шиг ярих хэрэггүй. Бондоос зээл авсан зарим компанийн эргэн төлөлт ч асуудал үүсгэхээр байна” гэсэн юм.

Харин МАН-ын бүлэг “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүнгийн мэдээллийг сонссон. Тэгэхээр тус бүлгийн гишүүд шалгалтын материалтай танилцсан бөгөөд бүлгээрээ хэлэлцсэн гэсэн үг. Харин АН-ынхан  шалгалтын дүнтэй танилцаж чадаагүй гэж гомдоллож байна. Байнгын хороогоор хэлэлцэх асуудлын материалыг УИХ-ын гишүүдэд бүрэн тараах ёстой. Харин “Хөгжлийн банк “-ны материалыг АН-ын гишүүдийг ялгаварлан тараасан нь ямар учиртайг эрх баригчид л мэдэх биз. Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ахалж өнгөрсөн сард Хөгжлийн банкинд шалгалт хийсэн юм. Шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлснийг тухайн үед мэдэгдсэн. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Бүхэлдээ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хууль ёсны зарчим алдагдсан байна гэж Ажлын хэсэг дүгнэж байгаа. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр хаврын чуулганаараа батлах хуультай. Энэ хууль 2012 оноос хойш огт мөрдөгдөөгүй байсан. 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн” гэж байсан юм.

Уг хэрэгтэй холбогдуулан “Хөгжлийн банк”-ны захирал асан Н.Мөнхбатыг цагдан хориод сар гаруй хугацаа өнгөрч байна. Мөн түүний хэрэгтэй хамтатган Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг гадуур байцааж буй. Харин уг хэргийг шалгах үйл явц аль шатандаа явж байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Хууль хяналтын байгууллагынхан тус хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй нууцалсаар байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment