Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн 21 ажилтан үл мэдэгдэх шингэнд хордсон хэрэг энэ сарын 24-ний өдөр гарсан билээ. Хэргийн талаар тодруулбал, үл мэдэгдэх шингэнд хордсон 20-30 насны хүмүүс хордсон. Эдгээр иргэдийн гурав нь эмнэлэг хүргэх замд, нэг нь эмчлүүлж байхдаа нас барсан гэдгийг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсээс өчигдөр мэдээлсэн билээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт 12 хүн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний амь насыг аврах тусламж үйлчилгээг Улаанбаатар хотоос очсон нарийн мэргэжлийн эмч нарын баг үзүүлж байгаа аж.
Эл хэргийн нөхцөл байдлын талаар аймагт ажиллаж байгаа холбогдох эх сурвалжуудаас тодрууллаа.
Аймгийн ЗДТГ-ын ОНХХ: Иргэдийн биеийн байдал сайжирч байгаа гэсэн мэдээлэл одоогоор бидэнд ирээд байна.
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулахад “Одоогоор хэргийн газарт Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн захирамжаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү нар Дорнод аймагт ажиллаж байна. Одоогоор 24 хүнээс тавынх нь биеийн байдал хүндэвтэр байна. Тав нь аймгийнхаа эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хордлогын эмчилгээнд, хоёр нь хүлээн авахад, мөн тав нь гадуур эмчлүүлж хийлгэж байгаа. Иргэдийн биеийн байдал сайжирч байгаа гэсэн мэдээлэл одоогоор бидэнд ирээд байна. Мэргэжлийн холбогдох байгууллагууд шалгалт хийж байна. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Аймгийн Цагдаагийн газар: Тусгай зөвшөөрөл авсны дараа бид мэдээлэл өгнө
Цагдаагийн газрын өдрийн жижүүрийн ахлагчаас тодруулахад “Энэ хэргийн талаар албан ёсоор мэдэгдэж тусгай зөвшөөрөл авсны дараа бид тодорхой мэдээлэл өгнө. Ийм тусгай зөвшөөрөлтэй хүн мэдээлэл өгч болно гэсэн дээрээс ирсэн үүрэг даалгаварын дагуу л зөвшөөрөлтэй хүнд мэдээлэл өгнө” гэлээ.
МХЕГ: Иргэдийг хордуулсан бодис нь метанол гэх химийн хортой бодис болох нь шалгалтаар тогтоогдсон
Дээрх иргэдийг хордуулсан бодис нь метанол гэх химийн хортой бодис байсан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллэв. Энэ бодисыг тус компанид хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй оруулж ирсэн нь шалгалтаар тогтоогдсон байна. Мөн тэрбээр хэргээ хүлээсэн аж.
Л.Банзрагч: Шингэн манай компаний махны агуулахаас гараагүй
“Зөв боломж” ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Банзрагч: Бид “Зөв боломж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Банзрагчтай холбогдсон боловч “Шалгалтын хариу гартал тодорхой мэдээлэл өгөхгүй. Энэ хэрэг гарснаас хойшхи хугацаанд гарсан хохирлыг манай компаниар төлүүлнэ гэсэн яриа гарсан байна лээ. Тэршингэн манай компаний махны агуулахаас гараагүй. Тийм зүйл байхгүй. Ажилчид ажлын байрнаасаа өөр газарт байж байгаад хордсон. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул бусад зүйлд нэмэлт тайлбар өгөх боломжгүй байна”гэв.
Д.Нэргүй