8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан: "Эрдэнэт" үйлдвэрт оруулсан шалгалтын дүнг тун удахгүй мэдээлнэ

2016-11-29 12:59:00

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ардчилсан намын Их хурал болон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Ардчилсан намын шинэчлэлтэй холбоотой намын дүрмийн шинэчлэл, үзэл баримтлал бэлэн болсон. Миний зүгээс дэвшүүлсэн 11 санаачлагын дийлэнх нь дүрмийн төсөлд тусгагдсан. Ардчилалыг дэмждэг гишүүд дэмжигчид намын шинэчлэлтэй холбоотой мэдээллийг авахыг хүсч байгаа. Ардчилсан намыг илүү нээлттэй болгох реформ, шинэчлэл, төсөл боловсруулагдсан байгаа. Тухайлбал, бүх шатны намын даргыг нийт гишүүд дэмжигчдээс сонгох санал ажлын хэсэг дээр дэмжигдсэн. Ардчилсан нам нээлттэй, хариуцлагатай орчин үеийн нам болоход томоохон шинэчлэлүүд хийгдэж байна. Залуус болон эмэгтэйчүүдийг намын шат, шатны байгууллагад түлхүү оруулах санал мөн дэмжигдсэн. Манай нам өнөөдрийг хүртэл хэвтээ тогтолцоотой асуудлаа шийдэж, дүрмээ шинэчилж чаддаггүй нам байсан. Тэгвэл энэ удаагийн дүрмийн шинэчлэлээр Ардчилсан нам хагас босоо тогтолцоотой нам болон өөрчлөгдөж байна. Дээд шатны намын дарга удирдлагууд нь доод шатны удирдлагуудаа батламжилдаг тогтолцоо руу орно. Ардчилсан намын үндсэн үзэл санаа бол хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, бизнес болон өмчийн эрх чөлөөг хангахад чиглэсэн байдаг. Гэхдээ бид үнэхээр баруун төвийн нам юм бол хүний эрх, эрх чөлөөтэй хамт үндэсний эрхийг хамгаалдаг тогтолцоо руу шилжих ёстой. Тиймээс энэ төрлийн зүйл, заалтыг оруулж өгсөн. Хүний эрх, эрх чөлөөг дэмжихийн тул нийгмийн шударга ёсыг хангаж өгөх ёстой. Хүний эрх, эрх чөлөө болон үндэсний эрх ашиг тэнцүү хэмжээнд байх ёстой. Их хурал 1200 гишүүнтэйгээр ирэх сарын 6-нд хуралдана. Намын анхан шатны байгууллагууд төлөөлөгчдөө дүрмийн дагуу сонгосон. ЭнэИх хурлаар зөвхөн намын үзэл баримтлал, шинэ дүрмийг батлан гаргана. Ардчилсан нам бэлтгэгдсэн байгаа дүрмийн төслөө энэ агуулгаар нь баталж чадвал жинхэнэ Ардчилсан нам болж чадна. Намын их хуралд оролцох бүх гишүүддээ хандан хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн 300 аас доошгүй ажиглагчийг оролцуулах ёстой. Ардчилсан намын дүрмийн шинэчлэл нь олон нийтээр хэлэлцэгдэж боловсрогдсон учраас батлаад явах ёстой. Намын Их хурлаар бүлэглэлүүд өөрсдийнхөө сонирхолд нийцүүлж одоогийн боловсрогдсон дүрмийг өөрчлөх вий. Нийт гишүүдийн дундаас намын даргаа сонгох саналыг бүлэглэлүүд өөрчлөх санаархал байна гэх мэдээлэл ирсэн. Ирэх сард болох хурлаар бүлэглэлүүдийн санал болгосон намын даргыг сонгохгүй” гэв.


Харин “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийн талаар “ Энэ долоо хоногийн сүүлээр ажлын хэсгийн дүгнэлт гарна. Ажлын хэсгийн дүгнэлтийг иргэд, олон түмэндээ танилцуулна. Дүгнэлтэн дээрээ тулгуурлаж тогтоол шийдвэрийн төсөл гаргаж УИХ-ын чуулган руу оруулахаар төлөвлөж байгаа” гэлээ.


Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


-    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг шалгах ажлын хэсэг урьдчилсан байдлаар ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
-    Ажлын хэсэг ажлаа хийж байгаа учраас урьдчилсан дүгнэлт өгөх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлөх гэж оролдож байгаа. Мэргэжлийн байгууллагаар мэргэжлийн ажлыг нь хийлгэмээр байна. Монголын асар их баялагийг 27 настай хүүхдэд хууль бусаар шилжүүлэхэд оролцсон бүлэглэл ажлын хэсгийн үйл ажиллагаанд дарамт учруулахгүй байхыг гуйж байна. “Эрдэнэт”-ийн хувьчлал бүх хууль, дүрэм журмыг зөрчсөн эсэх талаар удахгүй мэдээлнэ.

-    Ардчилсан намын анхан шатны байгууллагууд хуралдаж чадахгүй байгаа. Өнгөрсөн амралтын өдөр хуралдах байсан ч чадсангүй. Үүн дээр та ямар тайлбар хийх вэ?

-    Намын анхан шатны байгууллагуудтай холбоотой ийм мэдээллүүд ирж байгаа. Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Д.Эрдэнэбатад тухай бүрт нь гомдлыг дамжуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын зарим үүрүүд харъяалалын бус гишүүнийг Их хуралд оролцуулах төлөөлөгчөө сонгож томилосон гэх мэдээлэл ирж байгаа. Энэ хүмүүсийг хүлээж авахгүй байх шаардлагыг хүргүүлж байгаа. Намын үүрүүд яаралтай хуралтай төлөөлөгчдөө томилох шаардлагатай.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл