8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Энхбаяр: "Хөгжлийн банк"-ийг шалгасан ажлын хэсэг улс төржилтөөр асуудалд хандаагүй

2016-11-29 13:06:00

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төрийн өндөр албан тушаалтнууд оффшор дансгүй байх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Хуулийн төслийг чамбайруулах шаардлагатай” гэж үзлээ.  Байнгын хорооны шийдвэрийн талаар болон Хөгжлийн банкны шалгалтын талаар Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраас тодрууллаа.


- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ажлын хэсэгт буцааж, ирэх долоо хоногт дахин хэлэлцэх боллоо. Гишүүд ямар санал гаргасан бэ?

-Байнгын хорооны гишүүдийн зүгээс нухацтай ярья гэсэн санал гаргасан. Тухайлбал, оффшорыг хориглох гэж байгаа албан тушаалаа нэг бүрчлэн хууль дээрээ бичье гэж байна. Нэлээн олон гишүүд гэр бүл, төрөл садны хүмүүсийг нь хамруулья гэдэг асуудал ярьсан. Ер нь оффшор бүс гэдэг ойлголтоо улс орнуудаар нь жагсаая гэдэг санал ч гаргаж байна. Эдгээр саналыг ажлын хэсэг долоо хоногийн хугацаанд судалж танилцуул гэдэг чиглэлийг Байнгын хорооноос өглөө.

-Энэ хуулийг төслийг хэлэлцэхээс өмнө офшортой гэдэг нь тодорхой болсон байсан хүмүүст эргэж хариуцлага тооцох асуудал тусгагдсан уу?

-Аль ч улсын Эрүүгийн хуульд “хууль эргэж үйлчлэхгүй” гэдэг зарчим үйлчилдэг. Жишээ нь, урьд нь гэмт хэрэгт тооцдоггүй байсан үйлдлийг өнөөдрөөс гэмт хэрэгт тооцсон хууль гаргалаа. Тэгвэл өчигдөр хийсэн үйлдлийнх нь төлөө өнөөдөр ял өгч болохгүй. Өмнө нь офцшортой байсан хүмүүст хариуцлага тооцохгүй гэж яриагүй. Тухайн үйлдэл, тухайн байршуулсан мөнгө нь гэмт хэргийн, мөнгө угаасан шинжтэй эсвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байвал шалгагдана. Эдгээрийг энэ хуулиар болиулах гээд байгаа юм биш. Энэ үйлдлүүдийг Эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гэтэл гэмт хэргийн үйлдлийг оффшорын хуулиар зохицуулна гэж яриад байгаа. Тийм биш шүү дээ. Гэмт хэргийн үйлдэл зөвхөн Эрүүгийн хуулиар зохицуулагдана.

-Хөгжлийн банкны Ажлын хэсгийн мэдээллийг өнөөдөр Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан дээр сонсоно гэсэн хуваарьтай байгаа ч АН-ын бүлгийнхэн өчигдөр энэ асуудлыг хойшлуулах санал гаргасан. Яагаад Хөгжлийн банкны мэдээллийг хойшлуулаад байгаа юм бол?

-Би бол Ажлын хэсгийн ахлагч. Дуудсан цагт нь танилцуулах гээд ирчихсэн байна.

-АН-ын бүлгээс энэ Ажлын хэсэг томоохон зээлдэгчдийн талаар мэдээлэхгүй, жижиг асуудалтай орооцолдоод байна гэж байсан?

-200 хуудас бүхий Ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Таван жилийн хугацааны ажил шалгасан. 1.3 их наяд буюу тухай өдрийн ханшаар 700-гаад сая ам.доллартай дүйх хэмжээний асуудал байна гэж үзсэн. Үүнийг жижиг асуудал гэж байгааг ойлгохгүй байна.  

-Зээл авсан компаниудын нэрийг тодорхой болгох уу. АН-ын бүлгээс нийт зээлдэгчдийн 60 гаруй хувь нь МАН-ынхан байгаа гэж мэдээлж байсан.

-Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаанд шууд болон арилжааны банкаар дамжуулж нийт 2,000 орчим аж ахуйн нэгж зээл авсан. 2,000 аж ахуйн нэгжийн тал нь гэхээр 1,000 гаруй нь МАН-ынх гэж ойлгох нь. 1,000 гаруй аж ахуйн нэгжийн нэрийг яаж мэдэж яриад байгааг ойлгохгүй байна. Ажлын хэсэг бол ямар нэгэн улстөржилтөөр хандаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.
 

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
баагий
Хөгжлийн банкийг шалгасан ажлын хэсэг сайн ажилласан юм биш үү? УИХ-ын гишүүд яаралтай хэлэлцээд зөв бурууг нь тогтоочихоосой доо. Өөрсдөө тамын тогооны үлгэр зохиогоод явах юм даа.
2016/11/29 202.179.24.82
Дорнод Баянтүмэн найз
Дэд сайд Б.Энхбаярыг дэмжиж байна.Их хол явах улс төрч дөө
2016/11/29 103.26.192.154