8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорнодод хордсон иргэд техникийн спирт уусан нь тогтоогдлоо

2016-11-29 17:43:00

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Зөв боломж” ХХК-ийн ажилтнууд Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордон 23 хүн эмчлүүлж, ЭМЯ-наас мэргэжлийн эмч нарын баг томилон явуулсан талаар мэдээлсэн. Тэгвэл тус аймагт ажиллаад ирсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр Эрүүл мэндийн яаманд нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Таван хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг Дорнод аймагт 3 хоног ажиллаад ирлээ. Бид яаралтай арга хэмжээ авч, эрүүл мэндийн салбарын зөвлөх эмч, хор судлалын мэргэжилтнүүдээ явуулсны дүнд тодорхой цаг хугацаанд эрт илрүүлж, оношилж, бусад иргэдийг үзлэгт хамруулж чадсан гэж ойлгож байгаа. Олон жилийн өмнө Багануур дүүрэгт ийм хордлогын асуудалтай тулгарч байсан. Цаашид Эрүүл мэндийн яамнаас арга хэмжээ авч, яаралтай тохиолдол үүсэхэд туслах багийг бэлэн байлгах, тухайн газарт эмчлэх, оношлох багаж төхөөрөмж байрлуулах асуудлаар Улсын онцгой комисст асуудал тавьсан" байгаа гэж хэллээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторид хийсэн шинжилгээгээр хүмүүсийн хэрэглэсэн шингэн зүйл нь техникийн спирт болох нь тогтоогджээ. Албаныхны мэдээлж буйгаар уг спиртийг махны агуулахад хуванцар саванд хийж, хадгалсан байжээ. Хордсон хүмүүс шингэн зүйлийг хятад архи шиг үнэртэж байсан тул андуурч уусан гэх мэдээлэл байгаа юм. Нас барсан дөрвөн иргэн техникийн спиртээс 4-8 удаа балгажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл