8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Дэнзэнг батлан даалтад гаргаж, Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэсэн шийдвэр гарсан өдөр

2016-11-29 19:03:00

Хvн бvр мөрөөдөж чаддаг. Гэхдээ маш цөөхөн нь мөрөөдлөө биелvvлдэг. Учир нь тэд маш их хөдөлмөрлөдөг. Yнэхээр ямар нэгэн өндөрлөгт хvрэхийн тулд та мөрөөдөх хэрэгтэй. Гэхдээ нэлээд том мөрөөдөх ёстой. Yvндээ хvрэхийн тулд өдөр бvр бага багаар урагшил. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. 

Оффшорт данстай байхыг хориглосон хуулийг илүү чамбайруулах шаардлагатай гэж үзэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төрийн өндөр албан тушаалтнууд оффшор дансгүй байх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Хуулийн төслийг чамбайруулах шаардлагатай” гэж үзлээ. Иймээс тус хуулийн төслийн энэ шатны хэлэлцүүлгийг 7 хоногоор хойшлуулав. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж оффшор дансгүй байх төрийн өндөр албан тушаалтны жагсаалтыг хуулинд тусгах ёстой гэсэн байр суурьтай байв. Тэрбээр хэлэхдээ, “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан хаагчдын тоо 38 мянгад хүрлээ гэж АТГ-ынхан ярьж байна билээ. Гэхдээ нийт 38 мянган албан хаагчдад оффшорын асуудал хамаатай гэсэн үг биш. Үүнээс мөнгө төгрөг гуйвуулдаг улсыг л сугалж авах хэрэгтэй. Мөн гэр бүл, үр хүүхдийг нь хуулийн үйлчлэлд хамруулна гэхээр Үндсэн хууль зөрчинө гэж тайлбарлаад байх юм. Гэтэл одоо бид Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гэр бүлийнхээ хүний хөрөнгө орлогыг бичиж л байна. Энэ нь Үндсэн хууль зөрчөөгүй асуудал биз дээ. Одоогийн нөхцөлд оффшор данстай бол нийтэд зарласны дараа нийтийн албанд оруулах тухай асуудал юм. Ер нь гишүүд оффшорын асуудал дээр нухацтай ярих хэрэгтэй шүү. Энэ хуулийн зорилго бол оффшор бүсээс орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг хаах тухай асуудал биш юм. Зөвхөн төрийн өндөр албан тушаалтнууд хууль бусаар хөрөнгөжиж байна уу, хулгайгаа гадаадад нууж байна уу гэдэг дээр л тогтож ярих хэрэгтэй” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан оффшор бүс гэдэг хязгаараа нарийвчлан тогтоох нь зүйтэй. Гадаадад данстай байж болохгүй хэмээн хэт ерөнхий заалт тусгаж болохгүй гэсэн юм. УИХ-ын гишүүн О.Батнасан сумдын ахлах албан тушаалтнуудыг жагсаалтад хамруулах санал гаргалаа. Харин УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан, "Өнөөдөр манай бизнес эрхлэгчид Монголын банкууд найдваргүй, түүнчлэн мөнгөний үнэ цэнэ алдагдахаас сэргийлж, БНХАУ-д данс ихээр нээлгэж байна. Энэ нь нуугаад мөнгөө гаргаад байгаа хэрэг биш. Итгэл үзүүлэхгүй байгаатай холбоотой. Иймд энэ асуудлыг ажлын хэсэг бодолцоорой" гэлээ.


Төрийн банкны 243 ажилтан үндэслэлгүй халагдаж байгаагаа мэдэгдлээ

Төрийн банкны 243 ажилтныг халах мэдэгдлийг өгчээ. Эдгээр ажилтнууд өөрсдийгөө үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэд “Ажлаа хийж татвараа төлж явсан бид эдийн засгийн хямралын золиос болж байна” хэмээн МАН-ын дарга М.Энхболдод хандан ил захидал хүргүүлж байгаа аж. Уг захидалд “М.Энхболд дарга хэлэхдээ, МАН-ын бодлогын гадна нэг ч иргэн үлдэхгүй гэж хэлж байсан нь бодит амьдралд Төрийн банкны ажилтнуудад хэрхэн нөлөөлж байгааг анхаарч үндэслэлгүйгээр халагдсан 243 ажилтанд хууль эрх зүйн туслалцаа үзүүлнэ үү” гэсэн байна.
 
Гадны хэвлэлд: Хятадын дарамтыг үл тоон Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн Монголын эрх баригчдын зүрх зоригийг магтан сайшаажээ

Далай ламыг урьсан Монголын засгийн газрын эр зоригийг магтжээ гэсэн мэдээлэл tibet.net сайтад гарсан байна. Тухайн нийтлэлд, Хятадыг тайван замаар ардчилсан засаглалд шилжүүлэхийн төлөө тэмцдэг “Хятадын санаачилга” (Initiative for China - IFC) хөдөлгөөн өчигдөр мэдэгдэл гаргаж Коммунист Хятадын дарамт шахалтыг үл тоон Далай ламын шашин номын айлчлалыг зөвшөөрсөн Монголын эрх баригчдын зүрх зоригийг магтан сайшаасан байна.

Далай ламын Улаанбаатарт хийсэн айлчлалтай холбоотой Бээжингийн гаргасан мэдэгдэл, авсан арга хэмжээнүүдийг шүүмжилсэн байна. Мөн Тайвань, Өмнөд Африк зэрэг бусад орнуудыг Монголын жишгээр Хятадын дарамтаас айлгүйгээр Далай ламыг нутагтаа хүлээж авахыг уриалжээ.

Тэдний мэдэгдэлд Далай ламын Улаанбаатарт хийсэн айлчлалтай холбоотой Бээжингийн гаргасан мэдэгдэл, авсан арга хэмжээнүүдийг шүүмжилсэн байна. Мөн Тайвань, Өмнөд Африк зэрэг бусад орнуудыг Монголын жишгээр Хятадын дарамтаас айлгүйгээр Далай ламыг нутагтаа хүлээж авахыг уриалжээ. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампыг Далай ламтай ойрын үед уулзахыг IFC бас уриалсан байна. Өнгөрсөн долоо хоногт Төвдийг дэмжигч олон улсын парламентчдын бүлэг (The International Network of Parliamentarians for Tibet) мэдэгдэл гаргаж, Монголын үлгэр жишээг дагахыг Азийн Буддын шашинт орнуудад уриалсан юм. Тус бүлгийн тэргүүн, Евро парламентын гишүүн Томас Манн мэдэгдэлдээ “Далай ламын шашин номын айлчлалыг зөвшөөрсөн Монголын засгийн газрын шийдвэрийг бид алга ташин хүлээж авч байна” гэжээ. 14 дүгээр Далай лам манай улсад айлчилсаны дараагаар Монголын талаас БНХАУ-д хийх хэд хэдэн айлчлал цуцлагдаад байгаа билээ. Монгол улс Хятад улсаас зээл авах асуудал яригдаж байсан ч энэ асуудал бүтэх эсэх нь тодорхойгүй болоод байгаа юм. 
Эх сурвалж: Tibet.net


Б.Энхбаяр: "Хөгжлийн банк"-ийг шалгасан ажлын хэсэг улс төржилтөөр асуудалд хандаагүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төрийн өндөр албан тушаалтнууд оффшор дансгүй байх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Хуулийн төслийг чамбайруулах шаардлагатай” гэж үзлээ.  Байнгын хорооны шийдвэрийн талаар болон Хөгжлийн банкны шалгалтын талаар Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраас тодрууллаа.
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ажлын хэсэгт буцааж, ирэх долоо хоногт дахин хэлэлцэх боллоо. Гишүүд ямар санал гаргасан бэ?
-Байнгын хорооны гишүүдийн зүгээс нухацтай ярья гэсэн санал гаргасан. Тухайлбал, оффшорыг хориглох гэж байгаа албан тушаалаа нэг бүрчлэн хууль дээрээ бичье гэж байна. Нэлээн олон гишүүд гэр бүл, төрөл садны хүмүүсийг нь хамруулья гэдэг асуудал ярьсан. Ер нь оффшор бүс гэдэг ойлголтоо улс орнуудаар нь жагсаая гэдэг санал ч гаргаж байна. Эдгээр саналыг ажлын хэсэг долоо хоногийн хугацаанд судалж танилцуул гэдэг чиглэлийг Байнгын хорооноос өглөө.
-Энэ хуулийг төслийг хэлэлцэхээс өмнө офшортой гэдэг нь тодорхой болсон байсан хүмүүст эргэж хариуцлага тооцох асуудал тусгагдсан уу?
-Аль ч улсын Эрүүгийн хуульд “хууль эргэж үйлчлэхгүй” гэдэг зарчим үйлчилдэг. Жишээ нь, урьд нь гэмт хэрэгт тооцдоггүй байсан үйлдлийг өнөөдрөөс гэмт хэрэгт тооцсон хууль гаргалаа. Тэгвэл өчигдөр хийсэн үйлдлийнх нь төлөө өнөөдөр ял өгч болохгүй. Өмнө нь офцшортой байсан хүмүүст хариуцлага тооцохгүй гэж яриагүй. Тухайн үйлдэл, тухайн байршуулсан мөнгө нь гэмт хэргийн, мөнгө угаасан шинжтэй эсвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байвал шалгагдана. Эдгээрийг энэ хуулиар болиулах гээд байгаа юм биш. Энэ үйлдлүүдийг Эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гэтэл гэмт хэргийн үйлдлийг оффшорын хуулиар зохицуулна гэж яриад байгаа. Тийм биш шүү дээ. Гэмт хэргийн үйлдэл зөвхөн Эрүүгийн хуулиар зохицуулагдана.
-Хөгжлийн банкны Ажлын хэсгийн мэдээллийг өнөөдөр Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан дээр сонсоно гэсэн хуваарьтай байгаа ч АН-ын бүлгийнхэн өчигдөр энэ асуудлыг хойшлуулах санал гаргасан. Яагаад Хөгжлийн банкны мэдээллийг хойшлуулаад байгаа юм бол?
-Би бол Ажлын хэсгийн ахлагч. Дуудсан цагт нь танилцуулах гээд ирчихсэн байна.
-АН-ын бүлгээс энэ Ажлын хэсэг томоохон зээлдэгчдийн талаар мэдээлэхгүй, жижиг асуудалтай орооцолдоод байна гэж байсан?
-200 хуудас бүхий Ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Таван жилийн хугацааны ажил шалгасан. 1.3 их наяд буюу тухай өдрийн ханшаар 700-гаад сая ам.доллартай дүйх хэмжээний асуудал байна гэж үзсэн. Үүнийг жижиг асуудал гэж байгааг ойлгохгүй байна.  
-Зээл авсан компаниудын нэрийг тодорхой болгох уу. АН-ын бүлгээс нийт зээлдэгчдийн 60 гаруй хувь нь МАН-ынхан байгаа гэж мэдээлж байсан.
-Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаанд шууд болон арилжааны банкаар дамжуулж нийт 2,000 орчим аж ахуйн нэгж зээл авсан. 2,000 аж ахуйн нэгжийн тал нь гэхээр 1,000 гаруй нь МАН-ынх гэж ойлгох нь. 1,000 гаруй аж ахуйн нэгжийн нэрийг яаж мэдэж яриад байгааг ойлгохгүй байна. Ажлын хэсэг бол ямар нэгэн улстөржилтөөр хандаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.
 

“Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн ЦЕГ-ын албан бичгийг Улсын дээд шүүх хүчингүй гэж үзлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2016  оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.  

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.Хяналтын шатны шүүхээс “Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай" 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, “нэхэмжлэгчийг 2016 оны ээлжит сонгуульд МАХН-аас 75 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах”, “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс хуулийн дагуу ялгүй гэсэн тодорхойлолт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж, “...“Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар "Тодорхойлолт"-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.   Үндэслэл нь хуулийн хүчингүй бичиг баримт болчихоод байхад түүнд үндэслэж гарсан СЕХ-ны 75 дугаар тогтоол дагаад хүчингүй болох ёстой гэдэг нь энгийн логик. Гэтэл Цагдаагийн албан тоотыг хүчингүй гэж үзсэн атлаа уг бичгийг үндэслэж гаргасан Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолыг хүчингүй болгоогүй УДШ-ийн салаа шийдвэрийн цаана улс төрийн зорилго байна гэж МАХН-ынхан үзэж байна.

Иргэдийг хордуулсан бодисыг хүнсний ногоо нийлүүлдэг хятад эмэгтэй оруулж иржээ

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн 21 ажилтан үл мэдэгдэх шингэнд хордсон хэрэг энэ сарын 24-ний өдөр гарсан билээ. Хэргийн талаар тодруулбал, үл мэдэгдэх шингэнд хордсон 20-30 насны  хүмүүс хордсон. Эдгээр иргэдийн гурав нь эмнэлэг хүргэх замд, нэг нь эмчлүүлж байхдаа нас барсан гэдгийг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсээс өчигдөр мэдээлсэн билээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт 12 хүн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний амь насыг аврах тусламж үйлчилгээг Улаанбаатар хотоос очсон нарийн мэргэжлийн эмч нарын баг үзүүлж байгаа аж.  
Эл хэргийн нөхцөл байдлын талаар аймагт ажиллаж байгаа холбогдох эх сурвалжуудаас  тодрууллаа.

 
Аймгийн ЗДТГ-ын ОНХХ: Иргэдийн биеийн байдал сайжирч байгаа гэсэн мэдээлэл одоогоор бидэнд ирээд байна.

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулахад “Одоогоор хэргийн газарт Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн захирамжаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү нар Дорнод аймагт ажиллаж байна. Одоогоор 24 хүнээс тавынх нь биеийн байдал хүндэвтэр байна. Тав нь аймгийнхаа эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хордлогын эмчилгээнд, хоёр нь хүлээн авахад, мөн тав нь гадуур эмчлүүлж хийлгэж байгаа. Иргэдийн биеийн байдал сайжирч байгаа гэсэн мэдээлэл одоогоор бидэнд ирээд байна. Мэргэжлийн холбогдох байгууллагууд шалгалт хийж байна. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

 
Аймгийн Цагдаагийн  газар:  Тусгай зөвшөөрөл авсны дараа бид мэдээлэл өгнө

Цагдаагийн газрын өдрийн жижүүрийн ахлагчаас тодруулахад “Энэ хэргийн талаар албан ёсоор мэдэгдэж тусгай зөвшөөрөл авсны дараа бид тодорхой мэдээлэл өгнө. Ийм тусгай зөвшөөрөлтэй хүн мэдээлэл өгч болно гэсэн дээрээс ирсэн үүрэг даалгаварын дагуу л зөвшөөрөлтэй хүнд мэдээлэл өгнө” гэлээ. 


МХЕГ: Иргэдийг хордуулсан бодис нь метанол гэх химийн хортой бодис болох нь шалгалтаар тогтоогдсон

Дээрх иргэдийг хордуулсан бодис нь метанол гэх химийн хортой бодис байсан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллэв. Энэ бодисыг тус компанид хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй оруулж ирсэн нь шалгалтаар тогтоогдсон байна. Мөн тэрбээр хэргээ хүлээсэн аж. 

Л.Банзрагч:  Шингэн манай компаний махны агуулахаас гараагүй

“Зөв боломж” ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Банзрагч: Бид “Зөв боломж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Банзрагчтай холбогдсон боловч “Шалгалтын хариу гартал тодорхой мэдээлэл өгөхгүй. Энэ хэрэг гарснаас хойшхи хугацаанд гарсан хохирлыг манай компаниар төлүүлнэ гэсэн яриа гарсан байна лээ. Тэршингэн манай компаний махны агуулахаас гараагүй. Тийм зүйл байхгүй. Ажилчид ажлын байрнаасаа өөр газарт байж байгаад хордсон. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул бусад зүйлд нэмэлт тайлбар өгөх боломжгүй байна”гэв. 

Ж.Батзандан: "Эрдэнэт" үйлдвэрт оруулсан шалгалтын дүнг тун

удахгүй мэдээлнэ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ардчилсан намын Их хурал болон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.Тэрбээр “Ардчилсан намын шинэчлэлтэй холбоотой намын дүрмийн шинэчлэл, үзэл баримтлал бэлэн болсон. Миний зүгээс дэвшүүлсэн 11 санаачлагын дийлэнх нь дүрмийн төсөлд тусгагдсан. Ардчилалыг дэмждэг гишүүд дэмжигчид намын шинэчлэлтэй холбоотой мэдээллийг авахыг хүсч байгаа. Ардчилсан намыг илүү нээлттэй болгох реформ, шинэчлэл, төсөл боловсруулагдсан байгаа. Тухайлбал, бүх шатны намын даргыг нийт гишүүд дэмжигчдээс сонгох санал ажлын хэсэг дээр дэмжигдсэн. Ардчилсан нам нээлттэй, хариуцлагатай орчин үеийн нам болоход томоохон шинэчлэлүүд хийгдэж байна. Залуус болон эмэгтэйчүүдийг намын шат, шатны байгууллагад түлхүү оруулах санал мөн дэмжигдсэн. Манай нам өнөөдрийг хүртэл хэвтээ тогтолцоотой асуудлаа шийдэж, дүрмээ шинэчилж чаддаггүй нам байсан. Тэгвэл энэ удаагийн дүрмийн шинэчлэлээр Ардчилсан нам хагас босоо тогтолцоотой нам болон өөрчлөгдөж байна. Дээд шатны намын дарга удирдлагууд нь доод шатны удирдлагуудаа батламжилдаг тогтолцоо руу орно. Ардчилсан намын үндсэн үзэл санаа бол хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, бизнес болон өмчийн эрх чөлөөг хангахад чиглэсэн байдаг. Гэхдээ бид үнэхээр баруун төвийн нам юм бол хүний эрх, эрх чөлөөтэй хамт үндэсний эрхийг хамгаалдаг тогтолцоо руу шилжих ёстой. Тиймээс энэ төрлийн зүйл, заалтыг оруулж өгсөн. Хүний эрх, эрх чөлөөг дэмжихийн тул нийгмийн шударга ёсыг хангаж өгөх ёстой. Хүний эрх, эрх чөлөө болон үндэсний эрх ашиг тэнцүү хэмжээнд байх ёстой. Их хурал 1200 гишүүнтэйгээр ирэх сарын 6-нд хуралдана. Намын анхан шатны байгууллагууд төлөөлөгчдөө дүрмийн дагуу сонгосон. ЭнэИх хурлаар зөвхөн намын үзэл баримтлал, шинэ дүрмийг батлан гаргана. Ардчилсан нам бэлтгэгдсэн байгаа дүрмийн төслөө энэ агуулгаар нь баталж чадвал жинхэнэ Ардчилсан нам болж чадна. Намын их хуралд оролцох бүх гишүүддээ хандан хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн 300 аас доошгүй ажиглагчийг оролцуулах ёстой. Ардчилсан намын дүрмийн шинэчлэл нь олон нийтээр хэлэлцэгдэж боловсрогдсон учраас батлаад явах ёстой. Намын Их хурлаар бүлэглэлүүд өөрсдийнхөө сонирхолд нийцүүлж одоогийн боловсрогдсон дүрмийг өөрчлөх вий. Нийт гишүүдийн дундаас намын даргаа сонгох саналыг бүлэглэлүүд өөрчлөх санаархал байна гэх мэдээлэл ирсэн. Ирэх сард болох хурлаар бүлэглэлүүдийн санал болгосон намын даргыг сонгохгүй” гэв.

Харин “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийн талаар “ Энэ долоо хоногийн сүүлээр ажлын хэсгийн дүгнэлт гарна. Ажлын хэсгийн дүгнэлтийг иргэд, олон түмэндээ танилцуулна. Дүгнэлтэн дээрээ тулгуурлаж тогтоол шийдвэрийн төсөл гаргаж УИХ-ын чуулган руу оруулахаар төлөвлөж байгаа” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг шалгах ажлын хэсэг урьдчилсан байдлаар ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
-    Ажлын хэсэг ажлаа хийж байгаа учраас урьдчилсан дүгнэлт өгөх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлөх гэж оролдож байгаа. Мэргэжлийн байгууллагаар мэргэжлийн ажлыг нь хийлгэмээр байна. Монголын асар их баялагийг 27 настай хүүхдэд хууль бусаар шилжүүлэхэд оролцсон бүлэглэл ажлын хэсгийн үйл ажиллагаанд дарамт учруулахгүй байхыг гуйж байна. “Эрдэнэт”-ийн хувьчлал бүх хууль, дүрэм журмыг зөрчсөн эсэх талаар удахгүй мэдээлнэ.
- Ардчилсан намын анхан шатны байгууллагууд хуралдаж чадахгүй байгаа. Өнгөрсөн амралтын өдөр хуралдах байсан ч чадсангүй. Үүн дээр та ямар тайлбар хийх вэ?
-    Намын анхан шатны байгууллагуудтай холбоотой ийм мэдээллүүд ирж байгаа. Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Д.Эрдэнэбатад тухай бүрт нь гомдлыг дамжуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын зарим үүрүүд харъяалалын бус гишүүнийг Их хуралд оролцуулах төлөөлөгчөө сонгож томилосон гэх мэдээлэл ирж байгаа. Энэ хүмүүсийг хүлээж авахгүй байх шаардлагыг хүргүүлж байгаа. Намын үүрүүд яаралтай хуралтай төлөөлөгчдөө томилох шаардлагатай. 


Г.Дэлгэрмаагийн хүчиндүүлсэн гэх нотлох баримт дутуу, мэдүүлэг нь зөрсөн учраас шүүх хурал хойшлогдлоо

“Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч  П.Энхмөнх хүчингийн хэрэг үйлдсэн гэх хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр боллоо. Шүүх хурал хуралдаж тухайн хэрэгт  нэмэлт ажиллагаа шаардлагатай гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтанд буцаах шийдвэр гарсан байна.Тодруулбал, Шүүхээс Г.Дэлгэрмаагийн хүчиндүүлсэн гэх нотлох баримт дутуу мөн мэдүүлэг нь зөрсөн учраас 5 хоногийн дотор баримт нотолгоогоо бүрдүүлж өг хэмээн шүүх хурлыг хойшлуулсан байна.  Шүүх хурал хаалттай болсон бөгөөд П.Энхмөнх шүүх хуралд өөрийн биеэр оролцсон бол хохирогч Г.Дэлгэрмаа  АНУ-д  байгаа учраас өөрийн биеэр тус шүүх хуралд оролцсонгүй.  Шүүхийн шийдвэрийн талаар  П.Энхмөнхөөс тодруулахад “Шүүх шийдвэрээ гаргасан учраас би ямар нэгэн юм хэлэхгүй” гэсэн хариултыг өгсөн байна.

С.Жавхлан: Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр чинь халаас нэгтэй болчихсон юм байна

"С1" телевизээс бэлтгэн хүргэдэг "Цензургүй яриа" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн С.Жавхлан уригдан оролцлоо.Тэрбээр ярилцлагын үеэр олон сонирхолтой сэдвийн хүрээнд яриа өрнүүллээ. Ингээд түүний ярилцлагын үеэр хэлсэн онцлох 30 ишлэлийг хүргэж байна.
1.    Төрт улс байхгүй болсон юм байна. Сэтгэлтэй хүмүүс шүүгдэж гарч ирээгүй юм байна.
2.    Монголын төр сэтгэлийн тураал тархины саажилтанд орчихсон байна.
3.    Цаашид ирээдүй харагдахгүй байна. Бүрэн өөрчлөлт хэрэгтэй байна.
4.    Хулгай хийж болоод байхад, дуулж яагаад болохгүй гэж.
5.    "Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг ч хоног алдалгүй хугацаанаас нь өмнө буулгах хэрэгтэй байна"
6.    Энэ удаагийн УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Үгүй бол тарах хэрэгтэй.
7.    Монголын төлөө би хэнтэй ч хамтрахад бэлэн байна.
8.    “Нам” гэдэг ойлголт бидний тархинаас арчигдаад үлдсэн.
9.    Ц.Нямдорж гишүүн Эрдэнэтийн асуудлаар ярихгүй байна. Миний бодлоор айгаад шээрэгчихлээ гэж бодож байна.
10. Жинхэнэ Драмын театерын жүжигчилсэн тоглолт чинь Төрийн ордонд болж байна.
11.  УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр чинь халаас нэгтэй болчихсон юм биш үү .
12.  Төрийн түшээд хулгайлаад идчихсэн учраас түмэн олон луу харах нүүр байхгүй. Түмэн олон ч гомдож ,төрсөн бие нь өөрөө мэддэг болсон.
13.    Оюуны том хувьсгал хийх цаг болсон.
14.    Цаг нь ирэхээр цасан дээр гал бадарна.
15.    Түмэн олон нурж унтархаас өмнө хийж бүтээх ёстой.
16.    Дэлхий эмээлээ гэдсэндээ авч харлан доройтох цаг үед мал, малчин, монгол ухаан гурав дэлхийг аварч үлдэнэ.
17.    Монголоо ярьж тэмцсэний төлөө 9 жил галзуу гэж дуудуулж ирлээ.
18.    Ардчилал нэрийн дор ардыг чилээж ал.
19.   Улс тунхагласаны баяр бол хэдхэн хүний баяр болсон. Түмэн олон гуниглаж байна.
20.    С.Жавхлан бол “Монголизм” хийж байгаа шүү.
21.    Шинэ зөв үндсэн хуулийг бий болгож шинэчлэх хэрэгтэй.
22.    М.Энхболдын холын хамаатаны хүү Гэгээнтэнээр тодрох ёстой байсан гэсэн.
23.    Далай багш цай уугаад явсаны төлөө Хятад нүүрээ бууруулж байна. Манай улс ийм л нэр хүндтэй байна.
24.    Хүссэн ч эс хүссэн булхай илэрнэ.
25.    Урд хөршөөс зээл авах гуйлгачлаад байсныг Далай багш ирж  хааж өглөө.
26.    Одоо өөрсдөө хийх бүтээх хэрэгтэйг сануулж байна.
27.    Аав ээжээ, элгэн халуун ах дүүсээ хайрлах зарчим хүнд байх ёстой.
28.     Идэж чаддаг мөртлөө бүтээж чаддаггүй.
29.    Бид нар дор бүрнээ хичээж байж энэ хямралаас гарч чадна.
30.    Хамаг Монгол цугларч миний найзад амьдрал бэлэглээсэй гэж хүсэж байна.

 С.Дэнзэнг батлан даалтад гаргажээ

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас баривчилж, цагдан хориод байсан билээ. Түүнийг ЗХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.Тэгвэл түүнийг  өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр батлан даалтад гаргасан байна.  

Нэгдүгээр курсын оюутанд голч хамаарахгүй зээл олгоно

Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан. Оюутнуудад олгох сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкнуудаар энэ долоо хоногоос олгож эхлэхээр болжээ. Оюутны хөгжлийн зээл нь Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй. Зээлийг сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн буцаан төлөх нөхцөлтэйгээр 2.0 дээш голч дүнтэй суралцаж буй оюутанд олгохоор журамд тусгасан байна. Урт хугацааны зээл авбал 3.0 голчтой байх шаардлагатай аж. Харин нэгдүгээр курсын оюутнуудад голч дүн хамаарахгүй сургалтын зээлийг олгох юм байна. Сургалтын зээлд 100 орчим тэрбум төгрөг төсөвлөн УИХ-д өргөн барьсан талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээлсэн. Зээлийн санд төвлөрсөн хөрөнгийн хэмжээгээр энэ онд нийт 70 мянган оюутанд 5 хувийн хүүтэйгээр зээл олгохоор болсон.

Ж.Сүхбаатар Н.Энхбаярыг шүүмжлэв

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар сонгуулийн өмнө МАН-аас МАХН-руу орсон. Тэр бүү хэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж дэвшсэн юм. Ж.Сүхбаатар УИХ-ын 2016 оны сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн. Харин экс нам нь үнэмлэхүй олонхи болоход сошиалынхан "Та МАН-даа байсан бол..." хэмээн халагласан удаатай. Тэгвэл тэрбээр МАХН-ын генсекээс чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд хоёр сар болж байгаагаа өнөөдөр цахим хуудастаа мэдэгджээ. Үүнийгээ хариуцлага хүлээж буйтайгаа холбон тайлбарласан байна. Гэхдээ бас нэг сонирхол татах зүйл жиргэсэн нь "Нам нь, гишүүд нь муу биш. Удирдагч маань арга барилын хувьд алдаа их гаргасан" гэж бичсэн тухай байв. Эндээс үзвэл тэрбээр Н.Энхбаяртай зөрчилдсөн болж таарах нь. Мөн Н.Энхбаяр түүнд таалагдаагүй бололтой. Хэрэв тийм бол Н.Энхбаяр гэдэг хүн намынхаа генсекүүдийг тайван байлгадаггүй бололтой. МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамба авлигын хэргээр саатуулагдаад гарч ирснийхээ дараа "Намын дарга намайг хандив мөнгө ол гэж байнга дарамталдаг" гэсэн утгатай зүйл ярьсан ч Н.Энхбаяр үгүйсгэсэн. Гишүүн асан Л.Цог ч мөн адил "Н.Энхбаяр намайг сая ам.доллар өг гэсэн" гэж хэлсэн биш шүүхдэлцэхдээ тулж байсан ч хоорондоо ойлголцсон уу яасан таг чиг болжээ. Харин Ж.Сүхбаатар өнөөдөр намд хүчин зүтгэхгүйгээ зарлалаа. Тэрбээр энэ үгээ "Залхлаа. Ном үзэж, биеэ тордоно" хэмээн тайлбарласан юм.

Дэлхий дахинд: Пак Гын Хэ огцрохоо мэдэгдлээ

Дөнгөж өчигдөрхөн Өмнөд Солонгост дэгдээд буй улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор өөрийн биеэр Прокурорын газарт очиж байцаалт өгөхөөс тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ татгалзсан билээ. Дотны найз нь болох Чой Сүн Сил гэдэг эмэгтэй болон хэд хэдэн туслахынх нь нэр холбогдсон хэрэгт Пак Гын Хэ өөрөө холбоотой болохыг олж тогтоосон гэж проркурорууд өмнө нь мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр Пак Гын Хэ огцрохоо мэдэгдсэн байна. тэрбээр “Өөрийг нь огцруулахтай холбоотой бүх асуудлыг парламентад үлдээнэ” гэж мэдэгдсэн байна. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эрдэнэбилэг
Энэ мэдээлэгч голдуу л худлаа,нэг талыг бариад гаргаад байх шиг байна.
2016/11/30 202.21.106.157
зочин
Энэ мэдээлэл гэгч ер нь үнэн юм байна уу.Яг энд Дэнзэнг батлан даалтад гаргалаа гээд биччихэж.Гэтэл орой 25 цаг мэдээллийн хөтөлбөртөө Дэнзэнгийн хорих хугацааг дахин нэг сараар сунгалаа гэх юм.
2016/11/30 122.201.22.15
zochin
Ene netiiliin spirtiig oruulsan zorilgo ih l notoi bna da.sain shalgaarai. hoolond mash baga hemjeegeer hiih. gazat horduulah zorilgoor taraaj asgah- g.m yamar ch bsan hujaa sain sanaa aguulahgvi shv-
2016/11/29 139.5.218.118