8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Батсуурь: “Өргөө-2” кино театр миний амьдралын салшгүй нэг хэсэг

2016-11-30 10:14:39

Одоогоос таван жилийн өмнө Монголын кино урлагт том хувь нэмэр оруулах нэгэн кино театр үүдээ нээсэн нь “Өргөө-2” байлаа.

Мэдээлэл технологийн үндэсний паркийн байранд шинээр байгуулагдсан “Өргөө-2” кино театрыг хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв өнгөрөөх цогцолбор төв болгохыг зорьсон учраас энд бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос авах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тиймдээ ч оюутан сурагчид, хүүхэд залуусын очих дуртай газрын нэгд зүй ёсоор тооцогдож буй.

АНУ, Солонгос, Германы орчин үеийн техник хэрэгслээр иж бүрэн тоноглож, их хотын залуусын хүсэл, шаардлагад нийцүүлсэн бөгөөд Монголын анхны 3D үзвэрийн танхимыг бий болгосон гээд тус хамт олонд хийж бүтээсэн зүйл их.

“Өргөө-2” кино театрынхан өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголын кино сонирхогчдодоо дэлхийн шилдэг киног нээлтээ хийхтэй нь зэрэгцэн цаг алдалгүй хүргэсэн амжилттай таван жилийн ойгоо угтаж байна.

“Өргөө-2” кино театраас ажил амьдралынхаа гарааг эхэлж, өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж буй О.Батсуурьтай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу. Танай хамт олонд таван жилийн ойн баярын мэнд хүргэе. Та өөрийгөө танилцуулна уу?

-Баярлалаа. Намайг О.Батсуурь гэдэг. “Өргөө-2” кинотеатрыг анх байгуулагдсан цагаас эхлэн тав дахь жилдээ кино механикчаар ажиллаж байна. Энэхүү кино театр миний хувьд хоёр дахь гэр төдийгүй, ажил амьдралын минь анхны гараа эндээс эхлэлтэй. Тиймдээ ч би ажил, мэргэжилдээ хайртай.

-Анх яаж “Өргөө-2” кино театрт ажилд орсон бэ?

-Анх найзынхаа хүсэлтээр “Өргөө-2” кино театрт орж ажиллаж байлаа. Тэр үедээ хамгийн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжтэй, анхны 3D үзвэрийн танхимтай кино театр байсан болохоор сурч мэдэх зүйл их байсан.

-Кино механикч мэргэжлийг яагаад сонгох болов. Энэ мэргэжлийн сайхан нь юунд байдаг юм бэ?

-Би кино урлагт хайртай. Тиймдээ ч энэ мэргэжлийг сонгосон. Миний мэргэжлийн сайхан нь бид хамгийн түрүүнд бүх киног үздэг. /инээв/ Мөн бусдад соёлын үр тарих, хүмүүсийг соён гэгээрүүлэх их үйлсийн чухал хэсэг нь шүү дээ.

-Мэргэжил бүр сайхан ч хэцүү зүйл байдаг. Таны хувьд энэ ажлыг хийхэд бэрхшээлтэй зүйл гардаг уу?

-Анх манай театр 3D төхөөрөмж нэг, хоёр хальсны төхөөрөмжтэй байсан. Хальсны төхөөрөмж гар ажиллагаа ихтэй. Тэр үед гэнэт цахилгаан тасрах, эсвэл хальсны  толгой бохирдсоны улмаас хальс тасрах зэрэг асуудал гардаг байсан. Тэр үед л асар хурдтай ажиллаж, богино хугацаанд хальсаа наадаг байлаа шүү дээ. Харин одоо бол манай бүх төхөөрөмж 2D, 3D дижитал болсон. Түүнээс өөрөөр бэрхшээлтэй зүйл гэж байхгүй. Эрч хүчтэй залуусаас бүрдсэн сайхан хамт олны нэг болон ажиллаж байгаадаа баяртай байдаг.

-Амьдралынхаа гарааг эндээс эхэлсэн талаар дээр дурьдсан. Энэ талаар тодруулбал...?

 -Миний гэр бүлийн хүнийг Р.Долгормаа гэдэг. Нягтлан бодогч мэргэжилтэй. Бид анх “Өргөө-2” кино театрт хамт ажиллаж байхдаа танилцан, амьдралаа холбосон. Одоо хоёр сайхан хүүгийн аав, ээж болсон байна. Тиймээс энэ газар бол миний амьдралын салшгүй нэг хэсэг яахын аргаггүй мөн.

“Өргөө-2” кино театрын хамт олондоо таван жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Таны ажилд болон амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment