8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Оюунчимэг: МҮОНРТ эзэнгүй айл шиг байна. Шалгалтаар ч ноцтой зөрчлүүд илэрсэн

2016-11-30 12:13:00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Олон нийтийн телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Х.Чилаажавыг нэр дэвшүүлснийг дэмжив. Дараагаар нь Олон нийтийн радио, телевизийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат танилцуулсан юм. Хууль тогтоолыг хэрэгжүүлэх шалгалтаар хөдөлмөрийн, эрүүл ахуйн, санхүүгийн, татварын зэрэг олон зөрчил илэрснийг дурдав. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Танай Ардын нам пиарын зөвлөх байсан Н.Дэмбэрэл хэзээ халагдчихсан бэ? Энэ хуралдаанд ҮЗХ-ны дарга нар яагаад оролцсонгүй вэ? Юмны нэг талыг нь бариад яриад байх шиг санагдаад байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: -Хүний тухай асуудал яриагүй. Хуулийн хэрэгжилтийн асуудал ярьж байна. Ерөнхий захирал хуулиа хэрэгжүүлж байна уу, Үндэсний зөвлөл хуулиа дагаж уу гэдгийг хэлэлцэж байна. Үндэсний зөвлөлийг бид өнөөдрийн хуралдаанд албан ёсоор уриагүй юм. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Үндэсний зөвлөлийнхнийг хуралдаанд суулгахаар утсаар залгаж асуусан. Н.Энхмандах дарга боломжгүй гэсэн, нарийн бичгийн дарга нь өвчтэй, Ц.Оюундарь дарга чөлөө авсан байсан. Тэнд өнөөдөр “эзэнгүй айл” шиг байна. Үндэсний зөвлөл дотоод аудитын шалгалтыг гаргасан. Нийт уран бүтээлчдийн 70-80 хувь нь шаардлага гаргасан байсан. Шалгалтын аудитын дүнгээр хууль зөрчсөн зүйл их байсан. Энд хүний эрх ноцтой зөрчсөн байна. Хоёр ч хүн шүүхэд ханджээ. Буцааж ажилд нь авах шүүхийн шийдвэр гарсан байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Ц.Оюундарийг чөлөөлж болно. Дараагаар нь нэг намчирхсан нөхрийг Ардын намынхан томилно. Үүнийг мэдэж байна. Бидний тогтолцоо, байгаа байдал энэ. Дараагийн дарга нь Ц.Оюундариас дээрдэх зүйл байхгүй, улам ч дордоно. Хууль зөрчигдсөн гэж байна. Санхүүгийн зөрчлийг аудит, хөдөлмөрийн зөрчлийг хөдөлмөрийн байцаагч, татварын зөрчлийг татварын хяналтынхан тогтоох хэрэгтэй. Асуудал хүндээ биш. Нэг удирдлага солигдохоор өлсгөлөн зарлаад байдаг байгууллага болчихжээ. Агаарын дутагдалтай ажлын байрны шаардлага хангахгүй гэлээ. Төрийн байгууллагууд бүгд ийм дутагдалтай байгаа. Төрийн ордон гэхэд нурж унах гэж байгаа гэсэн дүгнэлт гаргачихсан. МҮОНРТ-ийн хувьд нэг хэсэг нь дарга нарыг солих гээд, нөгөө талд хувьчилж авах гэсэн санаархал явж байна. Ажлын хэсгүүд 14 хоногийн дотор шуурхай ажиллажээ. Гэтэл Эрдэнэтийг шалгах ажлын хэсэг 6 сарын дотор ажлаа хийж чадахгүй бүлэглэлийн гарт орчихоод явж байгаа. Ардын нам 65 суудалтай хэрнээ цагдаа, тагнуулаа сольж чадахгүй байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: -МҮОНРТ-ийн тухай асуудал жижиг зүйл биш. Хүний мэдээлэл, тархитай ажилладаг. Мөнгөнөөс ч дутуугүй чухал асуудал. Бид үүнийг өөрсдөө сөхөөгүй. Тэнд ажил явахаа болиод, аргаа ядаад ажилчид нь эфир рүүгээ дайрч ороод, хариуцдаг байгууллагын хувьд манай байнгын хороо руу хандсан. Жил гаруйхны хугацаанд бүтцийн өөрчлөлтийг 5 удаа хийнэ гэдэг ойлгомжтой асуудал. Шалгаад сүржигнээд орхих биш. Хуулийг хэрэгжүүлэх, мөрдөх, шаардлагатай бол өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -МҮОНРТ бол олон нийтийн статустай. Үүнд улстөржил явагдаж, ийм нөхцөл байдал үүссэн гэж Ж.Батзандан гишүүн ярьж байна. Энэ бол үнэн. Би үүнтэй санал нэг байгаа. Жишээлбэл, 2015 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр тухайн байгууллагын ерөнхий захирлыг томилсон. Тухайн үед Үндэсний хорооны гишүүд “намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа хүнийг олон нийтийн радио телевизийн хуулийг зөрчиж, захирлаар нь томилж болж байгаа юм уу” гэхэд зарим гишүүд нь “хууль гэж юу байдаг юм” гэж хэлээд томилсон тохиолдол байна. Цаашдаа хуулинд нь өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Ажлын хэсэг дүгнэлтдээ санал байдлаар оруулсан. Хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг МҮОНРТ-ийн уран бүтээлч, сэтгүүлчид нь тавьж байгаа. Ажлын хэсэг Үндэсний зөвлөл үүргээ биелүүлж байна уу гэдэг дээр анхаарал тавих ёстой. Үндэсний зөвлөлд бүрэн эрх байдаг. Үндэсний зөвлөл гүйцэтгэх зөвлөлдөө хяналт тавих зарчим алдагдаж байжээ гэдэг нь харагдаж байсан. Харилцан бие биедээ хяналт тавих хуулийн заалт алдагдаад байна.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа МҮОНРТ-д адуит оруулахаар болж, Үндэсний зөвлөлийн гишүүдэд чиглэл өгөхөөр байнгын хорооны хуралдаанаас тогтлоо. Харин хуульд өөрчлөлт оруулах эсэхийг байнгын хорооны гишүүдийн саналаар шийдэх юм байна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл