8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Дүүргийн эмнэлэгт өдөртөө 250 хүүхэд үйлчлүүлж, Засгийн газар Хөгжлийн банкны тухай хэлэлцсэн өдөр

2016-11-30 19:01:00

 

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Үүний хариу танд хэзээ нэгэн цагт эргэж ирнэ. Өнөөдөр болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг "Монголын нэг өдөр"тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. 

Сурвалжлага: Дүүргийн эмнэлэгт өдөртөө 180-250 хүүхэд ханиадаа эмчлүүлэхээр ирж байна

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний амтай золгосон энэ өдрүүдэд дүүргийн эмнэлгүүд эмнэлгүүд өвчтөнийхөө хөлд дарагдаж,  ачааллаа дийлэхээ больсон аж. Тодруулбал хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн Хүүхдийн тасагт ханиад, томуу туссан хүүхдүүдийн тоо өдөртөө 100 хол давах болсон байна. Тиймээс зарим дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал хэр байгаа талаар сурвалжлахаар Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт очсон юм.

Бидний эхний очсон газар бол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг юм. Бид өдрийн 12:00 цагийн үед очиход Хүлээн авахад хүүхдээ тэвэрсэн эцэг, эх цөөнгүй байв. Эдгээр эцэг, эхчүүдийг үүдний сувилагч “Гадуур хувцсаа өлгүүлээд, дотогшоо тасаг руу ороорой, эмчдээ үзүүлсэн үү, хэвтэх бичгээ аваад ир, ямар үйлчилгээ авах гэж байгаа билээ” гэх зэргээр асууж тус бүрт нь хурдан шуурхай үйлчилж байлаа. Ачаалал хэр байгаа талаар сувилагчаас тодруулахад “Өдөрт ирж байгаа хүүхдийн тоо ихэссэн. Тиймээс ачаалал их байна” гэсэн юм. Ингээд бид дотогшоо орж тус эмнэлгийн Ерөнхий эмч Л.Баярцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Манайх Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг Хүүхдийн тасаг ачаалал ихтэй байна. Манайх 130 ортойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.  Эрчимт эмчилгээний 5, хэвтэн эмлүүлэх 125 ортой. Жил бүрийн энэ үед ханиад, томуугийн өвчлөл идэвхждэг. Ялангуяа  бага насны хүүхдүүдэд түлхүү өвчилдөг. Тиймээс ерөнхийдөө ачаалал их байна. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээ авч, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж ирсэн бүх хүүхдүүдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж, шаардлагатай хүүхдүүдийг хэвтүүлж байна.

-Өдөр хэчнээн хүүхэд ирж эмчилгээ, үйлчилгээ авч байна вэ?

-Өдөртөө 180-250 хүүхэд ирж байна. Ялангуяа амралтын өдөр буюу хагас, бүтэн сайн өдөр ачаалал ихэсдэг. Амралтын өдөрт ирж байгаа хүүхдийн тоо 250-иас буухгүй байна.

-Хүүхдүүд ихэвчлэн ямар шинж тэмдэгтэйгээр ирж байна вэ?

-Ханиалгах, халуурах зарим тохиолдолд бөглөрлийн хам шинжтэйгээр ирж байна. Бөглөрлийн хам шинж нь 0-8 хүртэлх сартай хүүхдүүдэд элбэг тохиолдож байна. Энэ насны хүүхдүүд хоолойн дээр тогтсон цэрээ гаргах чадваргүйтэй холбоотой. Мөн цэцэрлэгийн буюу 2-6 насны хүүхдүүд их ирж байна. Зарим хүүхдүүдэд эцэг, эх нь дур мэдэж эм, тариа хэрэглэж ханиадаа хүндрүүлчихсэн хүүхдүүд нэлээд их ирж байна.Өдөрт хандаж байгааг хүүхдүүдийн 30 орчим хувь нь ажлын цагаар, үлдсэн нь ажлын бус цагаар орой, шөнө ирэх нь элбэг байна. Үүнээс үзэхэд эцэг, эхчүүд хүүхдээ орой цэцэрлэгээс нь авахад ханиад хүрчихсэн, халуурсан шинж тэмдэгтэй ирдэг. Ерөнхийдөө оройны 16:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл ачаалал илүү нэмэгддэг.

Цэцэрлэгийн буюу 2-6 насны хүүхдүүд их ирж байна. Зарим хүүхдүүдэд эцэг, эх нь дур мэдэж эм, тариа хэрэглэж ханиадаа хүндрүүлчихсэн хүүхдүүд нэлээд их ирж байна.

-Орны хүрэлцээ хэр байна вэ?

-Манай эмнэлэг 130 ортойгоор тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ханиад, томуу ихэссэн энэ үед Хүүхдийнхээ тасаг дотроо зай, талбай томтой өрөөнүүдэд 20 гаруй ор нэмж хүүхдүүдээ авч байна.  Хүүхдийн тасгаас гадна бусад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 4 том өрөөнд 40 орчим ор нэмж тавьсан. Ингээд бодохоор Хүүхдийн тасаг 190 гаруй ортойгоор хүүхдүүдийг авч эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Орны хүрэлцээ муугаас бол коридор болон шалан дээр хүүхдүүдээ хэвтүүлсэн зүйл байхгүй. Мөн насанд хүрэгчдийн тасгийн зарим өрөөнд хүүхдүүдээ авахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Хэвтэхээр ирж байгаа хүүхдүүдэд ор хүлээгдэх асуудал гарч байгаа юу?

-Хүүхдийн тусламж үйлчилгээнд ямар ч хүлээгдэл үүсгэхгүйгээр хэвтэх шаардлагатай хүүхдүүдээ  авч байна. Яагаад гэвэл хүүхэд өөрөө их эмзэг. Хэдхэн цагийн өмнө ханиалгаж байсан хүүхэд гэнэт халуурдаг, жаахан удаахад л хатгаа болдог учраас ямар хүлээгдэл үүсгэхгүйгээр хэвтүүлж байна.

Тус эмнэлгийн Хүүхдийн тасагт хүүхдийн мэргэжлийн 15 эмч ажилладаг юм байна. Ажлын цагаар бүгд, жижүүрийн хугацаанд 4 эмч ажилладаг аж. Мөн ханиад, томуу ихэссэн учраас өнгөрсөн 7 хоногоос эхлээд Хүүхдийн хүлээн авах эмчээ нэмэгдүүлжээ. Улмаар дүүргийнхээ өрхийн эмч нартай хамтарч ажиллах хүсэлт тавьсан юм байна. Өнөөдрийн байдлаар өрхийн эмнэлгүүдээс нийт 40 эмчийн хуваарь ирээд байгаа аж. Тасаг болгон дүүрэн хүүхэдтэй ихэвчлэн бага насны хүүхдүүд ихэвчлэн байлаа. Түүнчлэн ханиад, томуу туссан хүүхдүүдийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад харьцангуй бага байгаа аж. Харин өдөрт ирж байгаа хүүхдийн тоо их байгааг энэ үеэр онцолж байсан юм.Эрт хүйтэрч, их хэмжээний цас орж цаг агаарын нөхцөл байдал нь ханиад, томуу тусчихсан ирж байгаа  хүүхдийн тоо нэлээд нөлөөлж байна. Баянзүрх дүүрэг нь төрөлт өндөртэй дүүргийн тоонд ордог нь эмчилгээ, үйлчилгээ авахаар ирж байгаа хүүхдийн тоонд нөлөөлж байгаа гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байв. Ингээд бид хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эцэг, эхийн сэтгэгдлийг сонссон юм.

13-р хорооны иргэн н.Чимгээ: Ханиад нь хүндрээд хатгаа болсон хүүхдүүд их ирж байна

-Гурван настай хүүхэдтэйгээ хэвтээд 3 хонож байна. Анх хатгаа тусаад ирсэн. Одоо харьцангуй гайгүй болсон. Маргааш эмч нар үзээд гарах эсэхийг шийдэх байх. Ханиад нь хүндрээд хатгаа болсон хүүхдүүд их ирж байна. Ачаалал их л байна.

12-хорооны иргэн Н.Галт: Хүүхэддээ тэвэрсэн, хоол цай зөөсөн эцэг, эхийн цуваа тасрахгүй л байна

-Манай хүүхэд 9 сартай ханиад нь хүндрээд хатгаа аваад хэвтчихсэн байгаа. Хоол, цай өгөөд явж байна. Манай хүний хэвтэж байгаа тасагт дандаа нярай хүүхэд хэвтэж эмчлүүлж байгаа гэсэн. Гадуур ханиад, томуу их байгаа болохоор ачаалал их байх шиг байна. Хүүхэддээ тэвэрсэн, хоол цай зөөсөн эцэг, эхийн цуваа тасрахгүй л байна.

-9-р хорооны иргэн Б.Долгормаа: Маргааш нь халуураад, цээж нь хиржигнэж хатгаа болоод хүндэрчихсэн байсан

-Манай ач охин эхлээд ханиад аваад шуухинаад байхаар дүүргийн эмнэлэг дээр авч ирж үзүүлсэн. Тэгсэн гайгүй байна, хэвтэх шаардлагагүй гээд эмч бичиж өгөөд явуулсан. Маргааш нь халуураад, цээж нь хиржигнэж хатгаа болоод хүндэрчихсэн байсан. Одоо хэвтэж эмчилгээ хийлгэж байгаа. Ачаалал маш их байна.

Ийнхүү эцэг, эх нар сэтгэгдлээ хуваалцсан юм. Зарим нь “хоёр, гурван тасаг дамжиж явсаар байж сайн эдгэрээгүй байхад зарим хүүхдээ гаргаж байна” гэх зэргээр эмчлүүлж буй хүүхдүүдийн ар гэрээс гомдол нэлээд хэлж байсан юм.

Харин бидний дараагийн очсон газар бол Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг юм. Тэнд ачаалал их байгаа нь үүднээс нь анзаарагдаж байв. Үүдний сувилагч нь Тасгийн эрхлэгчээс сурвалжлага хийх зөвшөөрөл хүссэн “Ачаалал их байгаа болохоор дотогшоо оруулж сурвалжлага хийлгэх боломжгүй байна” гэсэн хариу өглөө. Дотошоо орох хооронд эцэг, эхчүүдийг нэлээд ажиглав. Тэд “Ачаалал их байна. Зарим хүүхдүүд нь эмчилгээ хийлгэж байсан ч сайн эдгэрэхгүй гарч байна. Гараад ганц, хоёр хоноод ирж буцаж ирж байна. Хэвтэх шаардлагатай хүүхэд их байгаа болохоор хүүхдийн эмч нарын өрөөг чөлөөлж хүүхдүүдээ авч байгаа” гэж ярих нь дуулдав.

2016 онд ХДХВ-ийн халдвараар зургаан хүн нас баржээ

Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын 218 тохиолдол бүртггэлтэй байдаг юм байна. Гэхдээ бүртгэлтэй хоёр хүний ард гурван оношлогдоогүй хүн бий гэж тооцоолохоор энэ тоо 457 болж байгаа аж. Насны хувьд 15-49 насныхан байгаа ажээ. Харин ХДХВ/ДОХ-ын халдварын улмаас нас барсан тохиолдол 35 бүртгэгдсэн байна. Албаныхны мэдээлж буйгаар нийт тохиолдлын 80 хувь нь эрэгтэйчүүд байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээллээр ДОХ-ын халдварыг 20 насанд нь оношлож, эмчилгээнд хамруулснаар 71 наслах боломжтой гэдгийг баталжээ.Харин эрт оношилж, эмчилгээнд хамруулж чадаагүй бол 42 насална гэх тооцооллыг гаргасан байна. Гэтэл Монгол Улсын хувьд ДОХ-ын халдвар авсныг илрүүлснээс хойш 20 жил амьдарч буй нэг л хүн байгаа аж. Энэ нь халдвар авсныг илрүүлснээс хойш хамгийн удаан амьдарч байгаа тохиолдол юм. 2016 онд зургаан хүн ДОХ-ын халдвараар хорвоог орхижээ.

Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийг хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар "Түрээсийн орон сууц" хөтөлбөрт өөрчлөлт оруулах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд орон сууц шилжүүлэх тухай болон Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг нийт найман асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй бүлэглэл амь тавьж байна

Дөнгөж сая Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т  мэдүүлэг өгөхөөр орлоо. Энэ дашрамд тэрбээр сэтгүүлчдэд товч тайлбар хийлээ. Mэрбээр, “Өнөөдөр 14.00 цагийн үед надад зарлан дуудах хуудас ирлээ. Тэгээд би ирж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн, дээр нь нэвтрүүлгээр орохдоо цөөхөн хүмүүс улс орныг хувааж идэж байгаа тухай хэлчихсэн чинь манай энэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй тэдний бүлэглэл амь тавьж байгаа юм байна. Цөөхөн хоногийн дотор гурав дөрвөн эмэгтэй хүнийг шоронд хийлээ.Намайг эхнээс нь дуудчихгүй Гансүх, Мөнгөнтуяагаас эхлээд төрсөн охин, одоо ойр орчмын хүмүүсийг тарчилгах хэрэггүй байсан юм. Зарлан дуудах хуудсаа жаахан давчуу өгнө лээ. Одоо 16.00 цаг болж байна. Ингэж яарч өгсөн нь намайг ирэхгүй гэж шалтаглах гэж байсан юм байлгүй. Ер нь Элбэгдорж бид 90 оноос Ардчиллын төлөө явсан. Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог тийм ардчиллын төлөө би яваагүй” гэв. 

Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн

Өнгөрсөн парламентын үед Хөгжлийн банкны үйл ажиллагаа, Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сард дүгнэлтээ гаргасан ч тухайн үед АН-аас ажлын хэсэгт орсон гишүүд гарын үсэг зураагүй. Тиймээс УИХ-аар хэлэлцэж чадаагүй. Ингээд тухайн үеийн МАН-ын 25 гишүүн гарын үсэг зураад ажлын хэсгийн дүгнэлтийг АТГ-т хүргүүлсэн. Хууль хяналтын байгууллагууд үүнд хэрэг үүсгээд шалгаж байгаа. Үүний хажуугаар Хууль, зүй Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг шалгаж байгаа. Энэ материалыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Гэтэл АН-ынхан хэлэлцүүлэхгүй байна. Өмнөх шалгалтаар Хөгжлийн банк хэд, хэдэн хуулийг зөрчсөн, УИХ, Засгийн газраар батлуулалгүй олон зуун тэрбумын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн нь нотлогдсон. Хоёрдугаарт гэрээ байгуулаад гүйцэтгэлээ хийгээд мөнгөө авахдаа төсөвт өртгийг нь 3-4 дахин нэмж авсан олон компани байна. Энэ нь шалгалтаар илэрсэн. Гуравдугаарт ямар нэгэн тендергүйгээр төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулж байсан. Энэ мэт зөрчлүүд гарсан. Одоогийн ажлын хэсгийн дүгнэлтээр 1,3 их наяд төгрөгийн зөрчил гарсан. Үүнийг АН-ынхан хэлэцүүлэхгүй гэж байна” гэлээ. 

Мөн "АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Д.Пүрэвдорж нар “Хөгжлийн банкыг өмнө нь шалгаж байсан Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Ц.Гарамжав болон МАН-ын нэр бүхий гишүүдийн компаниуд нийт зээлийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авсан байна гэсэн үндэслэлгүй, нэр төрд халдсан мэдээлэл хийсэн. Тиймээс УИХ-ын халдашгүй байдлын дэд хороон дарга Ц.Нямдорж, УИХ-ын Ёсзүйн дэд хороон дарга Д.Лүндээжанцан нарт хандаж УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэсэн хүсэлт гаргаж байна. Хууль хяналтын байгууллагаар хууль зөрчсөн үйл ажиллагаа нь тогтоогдвол би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна. Энэ үйлдэл УИХ-ын түүхэнд өмнө нь гарч байгаагүй” гэлээ. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Таны хувьцаа эзэмшдэг компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан уу, эргэн төлөлт нь ямар түвшинд байгаа вэ?

-2000 гаруй аж ахуй нэгжид арилжааны шинжтэй зээл олгосон. Гэхдээ Хөгжлийн банкаар зээл олгохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гаргасан байна. Энэ нь нийт төслийн санхүүжилт шаардлагатай байгаа зээлийн 3.2-ыг тухайн компани гаргасан байх ёстой. 3.1-д шаардлагатай санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгоно гэсэн зөвлөмж гаргасан. Гэтэл харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас олгосон зээлүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн буюу 100 хувь төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон байна. Тиймээс би АТГ-т өнөөдөр дахин хүсэлт гаргаж 2012 оноос хойш миний хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн компаниудын аль нь хэдэн төгрөгийн зээл авсан бэ, Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсгийг ахалж ажиллахдаа УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг ашиглаж, хууль бусаар зээл авсан байна уу гэдгийг тогтоож өгөхийг хүснэ. АТГ дүгнэлт гаргасны дараа Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дүгнэлтээ гаргах байх.

-Та болон таны хувьцаа эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас зээл авсан уу?

-Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт албан ёсоор мэдүүлсэн компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тийм ч учраас би Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороонд хүсэлтээ гаргаж, АТГ-аар шалгуулах хүсэлтээ хүргүүлж байна. 

-Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын 60 орчим хувь нь МАН-ын гишүүдийнх гэж АН-ын бүлгийн гишүүд мэдэгдсэн. Яг хэн, хэний компани хэдий хэмжээний зээл авсан, эргэн төлөлт нь ямар түвшинд байгаа гэдэг мэдээллийг олон нийтэд ил болгох уу?

-Хамгийн гол нь Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн тохиолдолд бүх мэдээллийг олон нийтэд ил тод болгох ёстой.

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй бүлэглэл амь тавьж байна

Дөнгөж сая Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т  мэдүүлэг өгөхөөр орлоо. Энэ дашрамд тэрбээр сэтгүүлчдэд товч тайлбар хийлээ. Mэрбээр, “Өнөөдөр 14.00 цагийн үед надад зарлан дуудах хуудас ирлээ. Тэгээд би ирж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн, дээр нь нэвтрүүлгээр орохдоо цөөхөн хүмүүс улс орныг хувааж идэж байгаа тухай хэлчихсэн чинь манай энэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй тэдний бүлэглэл амь тавьж байгаа юм байна. Цөөхөн хоногийн дотор гурав дөрвөн эмэгтэй хүнийг шоронд хийлээ.Намайг эхнээс нь дуудчихгүй Гансүх, Мөнгөнтуяагаас эхлээд төрсөн охин, одоо ойр орчмын хүмүүсийг тарчилгах хэрэггүй байсан юм. Зарлан дуудах хуудсаа жаахан давчуу өгнө лээ. Одоо 16.00 цаг болж байна. Ингэж яарч өгсөн нь намайг ирэхгүй гэж шалтаглах гэж байсан юм байлгүй. Ер нь Элбэгдорж бид 90 оноос Ардчиллын төлөө явсан. Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог тийм ардчиллын төлөө би яваагүй” гэв. 

П.Энхмөнх, Г.Дэлгэрмаа нарын хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа

П.Энхмөнх, Г.Дэлгэрмаа нарын хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа “Мон-Эрдэнэ” ХХК-ийн захирал П.Энхмөнх болон загвар өмсөгч Г.Дэлгэрмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болсон. Загвар өмсөгч Г.Дэлгэрмаа гурван жилийн өмнөөс эхлэн Д.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх мэдээлэл гарч эхэлсэн.  Урт удаан үргэлжилсэн энэ хэрэг өмнө нь гурван ч удаа хэрэгсэхгүй болж байсан хэдий ч өчигдөр шүүх хурал болсон юм. Харин шүүх хурлын эцсийн дүнд хохирогч гэгдэх Г.Дэлгэрмаагийн нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж хэргийг дахин поркурор руу шилжүүлсэн байна. Г.Дэлгэрмаагийн хувьд өөрөө шүүх хуралд оролцоогүй бөгөөд АНУ-д орогнох хүсэлт гарган тус улсад байгаа аж. Ямартаа ч гурван жилийн турш үргэлжилж байгаа энэ хэрэг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байгаа нь олон хүний эргэлзээг төрүүлж байгаа юм.

Дэлхий дахинд: Тайландын шинэ хаан титмээ хүлээн авахад бэлэн боллоо

Тайландын парламентын албанаас хэлж буйгаар Ханхүү Маха Важиралонгкорн өөрийн хааны титмээ хүлээн авах тохиромжтой цаг болсон хэмээн үзэж байна. Мягмар гарагт Үндэсний хууль тогтоох зөвлөлийн албанаас Порнпет Вижитчонлачай мэдээлэл хийлээ. Тус мэдэгдэлдээ шинэ хааныг томилож, үүрэгт ажлыг нь өгөх цаг болсон гэв. 

Тайланд иргэд одоо хүртэл хааныхаа төлөө залбирч, гашуудаж байгаа талаар албаныхан мэдээлж байна. Зарим иргэдийн үзэж буйгаар эзэн хаангүй байна гэдэг эцэгээ алдсантай ялгаагүй хэрэг болж байна хэмээн СNN-д мэдээллээ. Шинэ эзэн хаан Маха Важиралонгкорн 1952 онд төрж, Их Британи, Австрали зэрэг оронд боловсрол эзэмшиж, 1972 онд хаан ширээнд суух ханхүүгээр өргөмжлөгдөж байжээ.Тэрээр албан ёсоор гурван удаа гэрлэлтээ батлуулсан юм. 

Пак Гын Хэ уучлал гуйсан нь ард олныг төөрөгдүүлэх гэсэн атгаг санаа байсан

"Gallup" судалгаагаар ерөнхийлөгчид итгэх, дэмжигсдийн тоо буурч байна

Өмнөд Солонгосын “Gallup”-аас гаргасан судалгаагаар Пак Гын Хэг дэмжигсдийн тоо дөрвөн хувьд хүрч 1047 хүн түүнд итгэлээ өгсөн хэвээр байна хэмээн мэдээлжээ. Нийт санал өгсөн иргэдийн 93 хувь нь хариулт өгөхөөс татгалзсан аж. Пак Гын Хэгийн дэмжигсдийн тоо 20-30 насны иргэдийн дунд 0 хувь, 40 насны иргэдийн 40 хувь, 50-60 насны иргэдийн 9 хувь нь түүнд итгэл хүлээлгэж байна. Гэвч энэ тоо өмнөх ерөнхийлөгч нартай харьцуулахад хамгийн бага үзүүлэлт юм. Тухайлбал Солонгосын түүхэнд ерөнхийлөгч Ким Юун Самыг дэмжигсдийн тоо 6 хувьд хүрч байсан болПак Гын Хэг дэмжигсдийн тоо 4 хувь болж буурч, түүхэн рекордыг эвдээд байна.

Пак Гын Хэ өнгөрсөн мягмар гарагт үндэсний чуулганаас нэрээ татаж, ерөнхийлөгчийн суудалаа өгнө хэмээн олон нийтэд мэдэгдсэн. Тэрээр би өөрийн хийхээр төлөвлөж байсан бүхий л ажлаа орхиж, ерөнхийлөгчийн суудалаа орхихоор боллоо гэжээ.

Сөрөг хүчнийхэн Пак Гын Хэг огцорсонд талархаж байна

Ардчилсан намын дарга Чой Ми А “Пак Гын Хэ Солонгосын нийт ард түмнээс хоёр удаа уучлал гуйсан. Гэхдээ түүний энэ тактик нь албаар ард олны санаа бодлыг эргүүлж, сарниулах гэсэн үзэгдэл болсон. Гэвч ард түмэн эцсийн зорилгоо биелүүлж чадлаа гэв.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ олон нийтээс хоёр удаа уучлал гуйж, мэдэгдэл гаргасан. Тэрээр аравдугаар сарын 25-ны өдөр Чой Сун Силтэй холбоотой асуудлаар уучлал гуйсан. Харин арваннэгдүгээр сарын 4-ны өдөр дахин уучлал гуйж, прокурортой мөрдлөгийн бүхий л явцад хамтран ажиллана гэдгээ хэлсэн ч удаа дараа хэд хэдэн зөрчил гаргаж, мөрдлөгийн явцад саад учруулсан талаар The Korea Times-д мэдээлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment