ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С гэгч нь Хар сарнай хамтлагын ахлагч С.Амармандахыг сэхээнд ортол нь зодсон талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тус хэрэг ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрийн “HOME PLAZA” худалдааны төвд байрлах ONE EVENT HALL-д 2016 оны 11 -р сарын 22-ны орой болсон байна. Тухайн хэрэг “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр болсон бөгөөд “Хар сарнай” хамтлагын ахлагч С.Амармандах өөрийн ая дуугаа өргөж, хүмүүстэй хамт дуулан, цэнгэжээ. Цэнгүүн дууссаны дараагаар С.Амармандахыг гэртээ харихаар гарч явахад нь ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С нь архины шилээр толгойн тус газарт нь цохиж хүнд гэмтээсэн байна. Энэ талаар бид дуучин С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяраас хэргийн талаар тодрууллаа.
- Дуучин С.Амармандахын биеийн байдал ямар байгаа вэ. Энэ хэрэг ямар зүйл ангиар шалгагдаж байна вэ?
- С.Амармандах “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүн болсон өдөр буюу 11 сарын 22-ны өдөр эмнэлэгт ухаангүй очсон. Одоо эмнэлэгт эмчлүүлж байна. Биеийн байдал сайнгүй байгаа. 181.2.1-т зааснаар танхайн гэмт хэрэг гэсэн зүйл ангиар эхлэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад гэмтэлийн зэргээс шалтгаалаад зүйл анги нь өөрчлөгдөх байх. Эрүүгийн хуулийн 13,1-д д зааснаар ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн гадаадын харъяат этгээд МУ-ын хуулиар шийтгүүлнэ гэсэн заалтын дагуу манай улсын хуулиар шийтгүүлнэ.
-Та С.Амараатай уулзсан уу. Хэрэг юунаас болж гарсан юм бэ. Хас тэмдэгтэй дээл өмссөнөөс болж зодуулсан гэсэн мэдээлэл байна?
-Хас тэмдэгтэй дээлнээс болсон уу, яг юунаас бол зодсон нь тодорхойгүй хэвээр байна. ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С хэргийн талаар тайлбар өгсөн байгаа. Тус тайлбар нь мөрдөн байцаалтын нууц гэдгээрээ танилцуулагдаагүй. ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С хэт их согтуу байснаас болсон уу, хас тэмдэгтэй дээлнээс болж бусдыг зодож танхайрсан уу гэдэг нь тодорхойгүй байна.
-Гэмтэлийн зэрэг нь юу гэж гарсан юм бэ?
-Архины шилээр цохисон юм билээ. Гэмтэлийн зэрэг нь өнөөдөр орой гарна. Гэхдээ урьдчилсан дүгнэлтээр зүүн талын тархины зүүн бөмбөлөгт цус харвасан, хурсан цусыг шимэгдүүлэх эмчилгээ хийж байна. Бөөгнөрсөн цус тархины үйл ажиллагааг дарангуйлаад тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулчихдаг.
- Амараа энэ хэргийн талаар юу гэж хэлсэн бэ?
Уулзсан. С.Амараа хэлэхдээ эрүүл энх гарч байвал бусад нь яахав дээ болно гэж хэлсэн. Янз бүрийн хохирлын мөнгө нэхэмжлээгүй. Гэр бүлийнхэн нь маш их гомдолтой байгаа. Өнөөдөр гарах шүүх эмнэлгийн шинжилгээний хариу хүлээж байна. Дүгнэлт хүнд гарах юм бол зүйл анги нь хүндрээд явна.