8o
Улаанбаатар хот
mobile menu

"МАН-ын хармааны компанид дөрвөн хүн нас барчихаад байхад МҮОНРТ мэдээлэхгүй байна"

2016-12-01 11:59:00

УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүн А.Мөнхбатыг чөлөөлж, оронд нь Х.Чилаажавыг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

Ц.Нямдорж: Намайг хэн тоож, нохойг хэн саахав гэдэг зарчмаар энэ захирлууд чинь ажиллаад байна

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Олон нийтийн радио телевизийн хууль 2005 онд батлагдсан. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхий сайд, Н.Энхбаяр УИХ-ын дарга байсан. Тэд ойлголцож яаруу, сандруу олон нийтийн радио телевизийн хуулийг баталсан. Тэр хууль батлагдсаны дараа Х.Чилаажав үндэсний зөвлөлийн гишүүн болсон. Бас дарга нь байж үзсэн. Хүнтэй нь бол ярих юм алга. Хууль нь батлагдчихвал улс төрөөс хол байх болов у гэж бодсон чинь бүр гаарсан. МҮОНРТ улсаас их мөнгө авдаг. Улс төрийн тоимлгоогоор даргыг нь томилдог. Дарга нь баахан дураараа дургидаг. Одоо ч тийм л байна. Түүнд нь Үндэсний зөвлөлийн гишүүд нь хяналт тавьж чаддаггүй. Баахан тэтгэвэрт гарсан, гараагүй хүмүүс Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд нь их мөнгөний тэтгэмж авдаг. Тэгэхээр одоогийн хууль нь сайн үйлчилж чадахгүй бол МҮОНРТ-ийг хуучин хэвээр нь Засгийн газрын агентлаг болгочихоор байна. Муу нуухаар сайн илчил гэж. Тэгээд Засгийн газар нь хариуцлагаа хүлээдэг болгочихмоор байна. Өнгөрсөн зун олимпийн наадмын үеэр  шууд дамжуулалтыг Эрдэнэт үйлдвэр дэмжиж байна гэсэн сурталчилгаа үндэсний телевизээр явж байсан. Би хараад энэ нэг юм болж дээ гэж бодож байсан. Гэтэл  2016 оны долдугаар сараас 2017 оны долдугаар сар хүртэл Эрдэнэт үйлдвэртэй хаалтын гэрээ байгуулаад 500 сая төгрөгийг авчихсан байсан. Одоогийн захирал нь авсан байгаа. Гэтэл Үндэсний зөвлөлийн гишүүд нь чив чимээгүй сууж байна. Энэ хуулиараа ажиллаж чадахгүй бол хуучин хэлбэрт нь оруул. Намайг хэн тоож, нохойг хэн саахав гэдэг зарчмаар энэ захирлууд чинь ажиллаад байна. Хэргжүүлж чадахгүй юм бол үндэснйий зөвлөлийг нь татан буулгаад засгийн газрын агентлаг болгох хэрэгтэй.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Н.Энхболд хариулахдаа: Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гарч МҮОНРТ-т шалгалт хийсэн. Шалгалтаар Ц.Нямдорж гишүүний ярьсан зүйлүүд илэрсэн. Хамгийн наад зах нь давхар албан тушаалтай хүн захирлаар нь томилогдсон байсан. АН-ын генсекийн ажлаа өгөөгүй хүн МҮОНРТ-ийн захирал болсон. Миний бодлоор МҮОНРТ энэ хуулиараа явбал зүгээр байна. Үндэсний зөвлөл сул ажиллаж байна. Хуулиа дагаж мөрдөөд ажиллавал ийм асуудлууд гарахааргүй байгаа юм. Шаардлагатай бол хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Мөн Үндэснйй зөвлөлтэй ярилцаж асуудлаа шийдэх боломж бий. Нэгэнт томилсон юм чинь томилсон байгууллага нь үндэсний зөвлөлтэй хариуцлага тооцдог асуудал яримаар юм байна. Хуулиа чанд мөрдөөд шардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулаад явах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэн мөнгөө төлнө тэр хөгжмөө сонсоно гэж үг байдаг. Арилжааны телевизүүд улс төрчдийн хараанд байдаг болохоор олон нийтийн телевизийг байгуулсан. Гэтэл МҮОНРТ нь сүүлийн 20 жил намын хармаанд орчихсон АН, МАН-ын  аль нь ч үүнийг өөрчлөх гэж үзээгүй. Байнгын хорооноос шалгалт хийсэн гэж байна. Шалгалтын ажлын хэсэгт хуучин захирал байсан Оюунчимэг орж ажиллачихаад хачин юм яриад сууж байна. Тэгээд ажлын хэсгээс баахан гомдогчдын үгийг дүгнэлт гээд гаргачихсан. Бас захирлынх нь гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад энд яллачихсан байна ш дээ. Үндэсний зөвлөлдөх хорооны хараат бус дүгнэлт яагаад гараагүй юм. Олон нийтийн радио, телевиз олон нийтийн байж чадахгүй байна. Сая Дорнод аймагт үйл ажиллагаагаа явуулдаг "Зөв боломж" гээд Ардын намын хармааны компанид дөрвөн хүний амь эрсдэхэд Монгол телевизүүд энэ талаар мэдээлсэнгүй. Тэгэхээр Үндэсний зөвлөлийн гишүүн нь олон нийтийн төлөө дуугардаг хүн баймаар байна. Х.Чилаажав ч гэсэн өмнө нь байсан л юм байна. Тэгээд үр жимс гаргаагүй байна. МҮОНРТ ялсан намын телевиз юм уу эвсэл ард түмнийх юм уу. 


Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Н.Энхболд хариулахдаа: Төрийн байгуулалтын байнгын хороо ганц МҮОНРТ биш төрийн харъяаны байгууллагуудад шалгалт хийх үүрэгтэй. Цаашид ч шалгалт хийнэ. Үр дүн гарч байгаа. Энэ шалгалт хүний тухай байгаагүй. Хуулийн шалгалт байсан. Дүгнэлт дээр энэ хүн гэмт хэрэг хийсэн гэж бичээгүй. Худлаа ярьж болохгүй. Микрофоны өмнө хаа, хамаагүй юм ярьж болохгүй. Байнгын хорооноос дүгнэлт гарч байгаа. 

Д.Сарангэрэл: МҮОНРТ гурван тэрбум төгрөгийн өртэй байх үндэслэлгүй 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: МҮОНРТ-ээр зар сурталчилгаа явуулахыг хориглосон завсарЫГ 2005 оны хоёрдугаар сард хийхээр хэлэлцэж баталсан. Гэтэл энэ засварыг хуульд оруулаагүй. Яагаад завсараа хуульд оруулаагүй вэ гэдгийг өнөөдөр ярих ёстой. МҮОНРТ 3 тэрбум төгрөгийн өрөнд  дарагдсан гэж ярьж байна лээ. Үүнийг яах ёстой юм бэ. Телевиз үздэг бүх хүнээс хураамж авдаг атал өрөнд ороод сууж байдаг. Дээр нь 13 тэрбум төгрөг улсын төсвөөс авдаг. Энэ хөрөнгөөр зар сурталчилгаа явуулахгүйгээр хангалттай амьдраад явах боломжтой мөнгө. Би Х.Чилаажавын тухайд мэднэ. Энэ хүнийг оруулж ирж байгаад бүрэн дэмжиж байна. Тиймээс энэ байгууллагын дутагдлыг арилгана гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна

Ингээд асуулт асуулт, үг хэлж дууссаны дараагаар Х.Чилаажавыг томилохыг 76.1 хувийн саналаар дэмжлээ. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЛхаДо
Х.Чилаажаваас шүүс гарах уу? гэдэг л сонин байна даа. Урд нь гишүүн ч байсан, дарга ч байсан тэр үед юу хийж яаж ард түмний тв болгосон юм мэдэхгүй л байна шүү. Шүүс гарахгүй улсыг дэвшүүлдэг л сонин
2016/12/01 150.129.142.156
Зочин
Хүн үхсэн ч улс төр хийх юм аа энэ хүүрнүүд
2016/12/01 202.9.40.221
МАН
Намыг дагавал ам тосдоно, нарыг дагавал бие даарахгүй
2016/12/01 122.201.24.103
  • Recent
  • Most Read
  • Most Comment