8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ VS С.Чинзориг: Нийгмийн даатгалын мөнгөөр хэн нь гараа угаасан бэ?

2016-12-01 15:58:00

УИХ-ын чуулганаар өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд,  дэмжлээ.  Хуулийн төслөөр Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам нэрээ сольж Хөдөлмөр, нийгмийн хамгаалын хамгааллын яам болсон. Мөн Хууль зүйн яам Хууль зүй дотоод хэргийн яам болж нэрээ сольсонтой холбоотой зарим нэр томьёог өөрчилж байгаа юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн С.Чинзориг: - Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг чадвартай болгох талаар юу бодож байна вэ? Өмнө нь С.Эрдэнэ сайд байхдаа үндэсний зөвлөлийг сайд өөрөө ахалдаг болсон. Ингэснээр өнгөрсөн дөрвөн жилд сайнаас илүү муу нь давамгайлсан. Тэд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барилга байшин, хашаа хайс барьсан. Тиймээс цаашид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг сайд ахалдаг байх нь хэр оновчтой вэ? Энэ зөвлөл өөрөө чадавхи муутай учраас сайдын үгээр явчих гээд байдаг талтай. Харин Эрүүл мэндийн сайдыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд оруулж өгвөл эрүүл мэндийн салбартайгаа уялдуулж ажиллах давуу талтай байх болов уу гэлээ. 

Түүний хариуд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: - Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуулиар олгогдсон эрх хэмжээ нэлээн өргөн. 2012 оноос хойш маш их хязгаарлагдсан. Өнөөдрийг хүртэл энэ сангийн хөрөнгийг Төрийн санд төвлөрүүлдэг. Өмнө нь С.Чинзориг сайд байхдаа Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг яагаад Төрийн санд шилжүүлэх шийдвэр гаргасан юм бэ? Өнөөдөр даатгал төлж байгаа иргэдийн мөнгийг нэг ч төгрөгийн хүү төлөхгүйгээр Төрийн сан ашигладаг. Гэтэл та нийгмийн даатгалын төслийн 16 сая төгрөгөөр гараа угаасан хүн шүү дээ. Улс төрийн ашиг хонжоо хайсан юм ярихаа боль. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн эрх хэмжээ хязгаарлагдмал шүү. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө Төрийн санд өөрөөр хэлбэл Сангийн яамны мэдэлд байдаг. Өнөөдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд энэ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулахыг мэддэггүй юм. Тиймээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажиллах нөхцөл бололцоог хангах тал дээр Номтойбаяр сайд ажиллах байх. С.Чинзориг  гишүүн өмнө нь энэ салбарт ажиллаж байсан байж мэдэн будилж ярихаа боль. Нотлох баримтгүйгээр асуудал ярихаа боль гэв.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын зүгээс "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн чадавхийг нийгмийн даатгалын сангийн орлого зарлагад хяналт тавьдаг хүмүүсийн хувьд чадвартай байх шаардлагатай. Хуульд нийцүүлэх үүднээс Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар энэ зөвлөлд орж ажилладаг. Салбарын сайд нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг ахалдаг байх нь сайн ч талтай, сул ч талтай. Ер нь хяналтын тогтолцоог бий болгох үүднээс дэд сайд нь давхар хяналт тавьдаг байсан. Гэвч С.Эрдэнэ сайдын үед сайд дангаараа ахалдаг болсон. Сайд дангаараа ахалдаг байх нь зөрчилдөөн үүсгэхийг үгүйсгэхгүй. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бид нэлээд нухацтай ярих шаардлагатай байна. Хууль зүй дотоод хэргийн сайдын оронд Эрүүл мэндийн сайдыг оруул гэж байна. Хууль зүй дотоод хэргийн сайд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд байдгаараа байх нь зөв. Ирэх онд Нийгмийн даатгалын багц хууль УИХ-аар хэлэлцэхтэй холбоотойгоор бүтэц зохион байгууллалтын өөрчлөлтүүд орно. Шинэчлэлийн ажлыг гардан зохион байгуулахад эрс шийдэмгий шийдвэр гаргах шаардлага гарвал миний бие энэ зөвлөлийг ахалж байвал буруугүй гэсэн хувь хүний бодол байгаа" гэлээ. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Болд
Энэ 2 адилхан ш дээ Чинзориг Эрдэнэтэй эн зэрэгцэх. гээд яахнав дээ онигоо
2016/12/01 103.26.194.87
zochin
ene 2 yag adillhan huvia bodoj dovoo sharluuldag uls torchid ulsig hen ni ch boddoggui
2016/12/01 139.5.219.226