Үндэсний бөхийн цол дуудаачдын улсын 4 дэх удаагийн уралдаан Монгол бөхийн өргөөнөө амжилттай үргэлжилж байна. Анх бөх цоллоочдын улсын уралдаан 1994, 1995, 1996 онуудад зохион байгуулагдаж байсан агаад 20 жилийн дараа дахин сэргээн зохион байгуулж байгаа юм.
Өчигдөр эхэлсэн уг тэмцээнд эх орны дөрвөн зүг найман зовхисоос нийт 148 хүн энэхүү тэмцээнд ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 2-р шатанд 43 оролцогч шалгарч өнөөдөр дахин бөхийн цол дуудаж өрсөлдсөн бөгөөд цээл сайхан хоолойтой шилдэг 8 оролцогч 3-р шатанд шалгаран үлдээд байна. Үүнд:
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Б.Мөнхбаатар,
Төв аймгийн Зуунмод хотын Б.Цэрэндагва
Говь-Алтай аймгийн Шарга сумын /Налайх/ Э.Хүрэлбаатар
Сүхбаатар аймгийн Асгат сумын Т.Хэнбат
Архангай аймгийн Батцэнгэл сумын Д.Алтаншагай
Ховд аймгийн Чандманьсумын Б.Булгаа
Увс аймгийн Ховд сумын Б.Гантулга
Дархан хотын Б.Дарханням нар шалгараад байна.
Маргааш сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан дээр эдгээр 8 оролцогч цол дуудаж, бөх засаж шилдгийн шилдгээ тодруулах юм.
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан уламжлалын дагуу өглөө 10 цагаас бүртгэж, барилдаан 12 цагаас эхэлнэ.
Шилдэг 8 цоллооч шалгарч үлдээд байна
2016-12-03 13:45:04