Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай "Оюутны хөгжлийн зээл"-ийг олгох шийдвэрийг өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар баталсан билээ.
Боловсролын зээлийн сан нь гурав ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгох юм.
Оюутны хөгжлийн зээлд энэ оны хичээлийн жилийн эхэнд хийсэн судалгаагаар 90 мянган оюутан хамрагдах тооцоог гаргасан. Иймд энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгажээ.
Тус зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх хэлбэрээр олгож байгаа учир 4-5 жилийн дараа гэхэд Оюутны хөгжлийн зээлийн сан бүрдэнэ гэж тооцоолжээ.
Зээлд хамрагдах оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлж банкинд хандана.Үүнд:
- Зээл хүссэн өргөдөл
- Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар /
- Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
"Оюутны хөгжлийн зээл"-ийг олгох гурвалсан гэрээ буюу Банк, Сургалтын төрийн сан, Оюутан гэсэн гэрээг боловсруулах ажил үндсэндээ дуусч банкууд өнөөдрөөс эхлэн оюутны сургалтын зээлийг олгохоор болжээ.