Дээрхийн гэгээн XIV Далай лам манай улсад айлчилсантай холбоотойгоор Хятад улс Монгол руу чиглэсэн хориг арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Тус улсын Засгийн газраас “Монголчууд Далай ламын айлчлалыг хүлээн зөвшөөрсөн нь хоёр улсын харилцаанд сэв суулгаж, хамтын ажиллагаад сөргөөр нөлөөллөө” гэж мэдэгдсэн. Хятадын зүгээс уг мэдэгдлийг хийснийхээ дараахан дөрвөн ч удаагийн уулзалт, айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.
Мөн эдийн засагт сөргөөр нөлөөлөх арга хэмжээнүүдийг өнгөрсөн долоо хоногоос авч эхэллээ. Тухайлбал, Монголтой холбогддог бүх боомтоор орж ирж буй бараа бүрт ногдуулах хураамжаа нэмэхээ Хятадын холбогдох албанаас мэдэгдээд байна. Манжуур, Эрээн, Ганцмод боомтоор нэвтэрч буй бараа тутмаас 8 юань, машин бүрт 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авах шийдвэрийг гаргажээ. Харин Сэхээ, Зүүн Хатавч, Хавирга боомтоор болон бусад шинээр байгуулагдах боомтоор нэвтрэх бараанаас тонн тутамд 5 юань, машин бүрээс 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авч, харин 10 мянган юаниас дээш үнийн дүн бүхий үнэт метал /зэсийн баяжмал/-аас үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх төлбөр хураамж авахаар тусгаж өгсөн байна.
Хятад руу бүтээгдэхүүнээ гаргадаг эдгээр боомтууд үнээ нэмсэн нь экспортын компаниудад маш хүндээр тусч буй бөгөөд тэдний бухимдлыг төрүүлээд байгаа юм. Хятадын зүгээс хамгийн эхэнд зөвхөн “Ганц мод”-ны боомтоор гарах нүүрс, зэсийн баяжмалын төлбөрийг нэмж буйга мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр манай улстай хиллэдэг бүх боомтынхоо төлбөрийг бүтээгдэхүүн харгалзахгүй нэмжээ. “Ганц мод” боомтоор гарч буй нэг тонн нүүрс тутамд 1.3 доллар нэмэгдэж буй бөгөөд хамгийн багадаа сар тутам 2.5 сая долларын төлбөр нэмэгдэж байгаа юм. Ийнхүү үнээ нэмсэн шалтгаанаа Хятадын зүгээс тайлбарлахдаа “Хураамжийг нэмж “Ганц мод” боомтын тоног төхөөрөмжийг сайжруулахаар” болсон гэж буй.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Бид БНХАУ-ын талд хураамж нь хэр удан үргэлжлэх юм, ямар учир шалтгаантай, үүний үр дагавар юу болох вэ, аль болох богино хугацаанд хураамжаа аваад тоног төхөөрөмжөө шинэчлээд эргээд хураамжаа буулгаачээ гэдэг саналыг тавьж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн.
Хамгийн сонирхолтой нь өмнө нь боомтын хураамж болон татварыг нэмэгдүүлэхдээ Ерөнхий сайд нарын түвшинд ярьж, шийдвэрлэж иржээ. Харин энэ удаа Хятад улсын зүгээс дангаараа шийдвэр гаргаж ийнхүү боомтуудынхаа төлбөрийг нэмсэн нь олон хардлагыг төрүүлээд байгаа юм.
Эдгээр үйл явдалтай зэрэгцэн нэгэн анхаарал татах зүйл болсон нь Оюутолгой зэсийн баяжмалын экспортоо энэ сарын 1-ээс зогсоов. Тус компанийн зүгээс Хятад руу гаргах нүүрс, зэсийн баяжмалыг нэг шугамаар хил нэвтрүүлэх шийдвэртэй холбоотой гэсэн тайлбар хийсэн ч боомтын хураамжийн нэмэгдэл нөлөө үзүүлж буйг эдийн засагчид тайлбарлаж байна. Одоогоор Оюутолгойн зүгээс урд хөршийн холбогдох албаны хүмүүстэй тодорхой асуудлаар хэлцэлд хүрэхээр ажиллаж байна. Өвөрмонголын Ардын Засгийн газрын зүгээс боомтын төлбөрөө нэмсэн шалтгаанаа дэд бүтцийн шинэчлэлтэй холбоотой гэж тайлбарласан. Гэвч төлбөрөө нэмсэн шийдвэр нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчөөд зогсохгүй Монголын экспортод зориулж гаргасан шийдвэрийг шууд зөрчиж байгааг шинжээчид онцолж байгаа юм.
Ийнхүү манай урд хөрш боомтуудынхаа төлбөрийг нэг долоо хоногийн дотор дараалан нэмэв. Энэхүү шийдвэрээ нүүрсний экспортын үнийн өсөлттэй давхцуулж байгаа нь бүр ч олны анхаарлыг ихээхэн татаж байна.
Үүнтэй холбоотойгоор цахим хэрэглэгчид хэрхэн байр, сууриа хүргэж байгаа талаар хүргэе.