Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэд тэтгэврээ зөв тогтоолгосон үгүйг нягтлан шалгах аяныг улс даяар өрнүүлэхээр болжээ. УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй нийгмийн халамжийн чиглэлээр бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Н.Номтойбаяр сайд дээрх мэдээллийг дараах байдлаар тайлбарлан танилцууллаа. Н.Номтойбаяр хэлсэн үгэндээ “Тэтгэврийн шинэчлэл хийхэд хэд хэдэн шат дараалалтай арга хэмжээ авна. Одоогоор бол аудит хийх шатандаа яваа юм. Нэг салбар дээр жишээ нь 187 сая орчим төгрөгийн зөрчил гарсан. Эндээс үзэхэд ямар ноцтой зөрчил илэрсэн гэхээр ахмад настны тэтгэврийг буруу тогтоолгож, багаар авч хохирдог тохиолдол байна. Гэтэл гүйцэтгэл дээр зарим даатгалын байцаагч бичилтийг өндрөөр тогтоож дундаас нь мөнгө завшдаг байдал харагдсан. Энэ мэтээр санхүүгийн зөрчил олон гарч байгаа учраас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд, бусад холбогдох байгууллагууд хамтраад улсын хэмжээнд дахин тэтгэвэр тогтоолгох, тэтгэврээ шалгах аян өрнүүлье. Урьдчилсан байдлаар судалгаа хийж үзэхээр төрийн даатгалын тогтолцоонд иргэд маань хэр итгэж байна, төр итгэлийг нь дааж чадаж байгаа юу гэсэн зарчмын асуудал хөндөөд үзэхээр төдийлөн чадахгүй байгаа. Тэгэхээр иргэдийн итгэл даахын төлөө юу хийх вэ гэх мэт шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлнэ ээ. Багц хуулийг шинэчлэх төлөвлөгөөгөө урьд нь хэлсэн. Энэ талаар байнгын хороо, УИХ-ын чуулганд дахин мэдээлэл хийж, 12 дугаар сардаа багтааж өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийе гэж бодож байгаа” гэсэн юм.
Тэтгэвэр авагчдын дунд тэтгэврээ багаар тогтоолгосон болон ажилсан жилтэй холбоотой олон асуудлууд байдаг. Тиймээс дээрх ажлын хүрээнд тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой буруу зөрүү ойлголтуудыг цэгцлэх боломжтой юм.
Т.Энхэлээ